“Сүүлийн үед Тайванийн сагсан бөмбөгийн ертөнцөд гараад байгаа хэд хэдэн хэрэг Тайванийн сагсан бөмбөгийн нэр хүндийг дэлхий дахинд гутаалаа” гэж тус улсын томоохон агентлагууд мэдээлж байна. Хэдхэн гэмт этгээдийн гайгаар бүхэл бүтэн лиг, холбоо, баг, шударга тамирчдын нэр хүнд хэрхэн хохирч болохыг энэ хэдэн жишээ бэлхнээ илэрхийлж байгаа юм.
У Чи-ин
Шуугиан дууиан өнгөрсөн аравдугаар сарын дундуур эхэлсэн. Тайванийн SBL супер лигийн “Yulon Luxgen Dinos” багийн тоглогч У Чи-ин тоглолт наймаалцсан хэргээр Цагдаагийн газарт баривчлагдсан юм. Хэдийгээр тэр хэргээ хүлээгээгүй ч орон нутгийн хэвлэлээр түүний найзтайгаа харилцсан ярианы агуулгыг дэлгэснээр гэмт үйлдэл нь тодорхой болсон. У Чи-ин нэгэн найзтайгаа (Ло Чэнь-фэн байх магадлалтай) хэрхэн санаатайгаар ялагдах, шидэлт гүйцэтгэх дарааллаа хэлэлцэж байгаа нь ил болжээ. Тэд мөн өнгөрсөн улирлын хэд хэдэн тоглолтод ч нөлөөлсөн байна. Одоогийн байдлаар “Yulon Luxgen Dinos” баг түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан бол SBL супер лиг бүр мөсөн хассан. Харин эрүүгийн хуулийн дагуу ялыг Шүүх хурлын дараа оноох болно.
Ло Чен-фэн
Тайванийн T1 лигийн “Taiwan Beer Leopards” баг хамгаалагч Ло Чен-фэнийг бооцоо тавьсан хэргээр аравдугаар сарын сүүлээр багаасаа хассан. Тус баг бүх тоглогч, дасгалжуулагч, албаны хүмүүстээ сагсан бөмбөгийн бооцоо тавьж байгаагүй гэдгээ бичгэн хэлбэрээр батлах шаардлага тавьсан. Ло эхлээд баталгаа гарсан ч дөрөв хоногийн дараа SBL лигийн тоглолтод бооцоо тавьдаг гэдгээ хүлээн зөвшөөрснөөр ийнхүү халагдсан байна.
Чэнь Чин-хуан
Сүүлчийн дуулиан энэ сарын эхээр гарсан. T1 лигийн “Tainan TSG GhostHawks” багийн тоглогч Чэнь Чин-хуан өмнө нь өөр багт тоглож байхдаа сагсан бөмбөгийн бооцоо, мөрий тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр “GhostHawks” багт элсэхээсээ өмнө 2013-2019 онд SBL лигийн “Kinmen Kaoliang Liquor” багт, 2020-2021 онд А лигийн “Taoyuan Pauian Pilots”, 2021 онд T1 лигийн “Taichung Suns” багуудад тоголж байжээ. Одоо түүнийг ямар тоглолтод бооцоо тавьж байсныг мөрдөн шалгаж байна.
Энэ бүх хэрэг явдал Тайванийн сагсан бөмбөгт тун сөргөөр нөлөөлж байна. Хэрэгт ороогүй, хамааралгүй тамирчдын нэр төр, үнэнч шударга байдалд ч эргэлзээ төрүүлж байгаа нь найраа, бооцоо ямар хортой зүйл болохыг харуулж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )