МСБХ-ны Дээд лигийн өчигдрийн оргил тоглолт нь Бишрэлт Металл, Erdenet Miners гэсэн өнгөрсөн улирлын хоёр шилдгийн өрсөлдөөн байлаа. Ширүүн өрсөлдөөний эцэст Эрдэнэтийн баг ялж, тус багийн легионер Пендарвис Уиллиамс 38 оноо авсан. Гэхдээ бас нэгэн гадаад тоглогч спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан нь Металлын Трипп байлаа. Монголд ирээд ганцхан хоногийн дараа эхний тоглолтоо хийсэн гэхэд 11 оноо авсан. Ер нь Монголд дасаад ирэхийн цагт бужигнуулах нь ойлгомжтой тоглогч байлаа.
Жалил Трипп 1997 онд төрсөн. Америкийн НБА Хөгжлийн лигийн College Park Skyhawks багт тоглож байсан мэргэжлийн тамирчин. Бруклины дунд сургуулиас гаралтай Трипп тун азгүй шалтгааны улмаас алдарт од болоогүй юм. 2013 онд тэмцээний дараа гэртээ харьж явсан түүний хөлийн булчинд тэнэсэн сум тусжээ. Мэс засалд ороод хоёр сарын дараа талбайд эргэн ирсэн ч хоёрхон тоглолтын дараа зүүн хөлөө хугаллаа. Бруклины Авраам Линкольны ахлах сургуульд байхдаа тэр 17 оноо, 11 самбар дунджаар авч байлаа. Гэвч гэмтлийн улмаас NSAA-гаас түүнд урилга ирсэнгүй. Ингээд South Plains коллежийн багт оров. Байнга гараанд гарч, нэг тоглолтод 11,4 оноо, 6,7 самбар, 2,2 дамжуулалт авна. Ганц жил тоглосных нь дараа 2017 онд түүнийг Pacific коллеж урьсан юм. Энд Трипп 16,2 оноо, 8,9 самбар дунджилж, хэд хэдэн хувийн шагнал аваад амжсан. 2020 онд Сент-Меригийн эсрэг тоглолтод тэр 39 оноо, 11 самбар авсан нь түүний рекорд амжилт байлаа. Ингээд 2020 оны драфтыг хүлээсэн ч сонгогдсонгүй. НБА-гийн Мемфис Гриззлис багийн Хөгжлийн лигийн баг болох Memphis Hustle-тай гэрээ байгуулж, энэ лигийн хоёр ч багт тоглоод, Европыг зорьжээ. 2023 оны эхний хагаст Финландын Тапиолан Хонка багт тоглосон.
Сэтгэгдэл ( 0 )