Баялаг хийгээд боломжийг тэгш хуваарилах тухай сэдэв зөвхөн манайд биш дэлхийн бусад улс орнуудад ч халуун сэдэв юм. Ардчиллын өлгий гэгдэх Америкт хүн амын нэгхэн хувь нь үндэсний баялагтаа эзэн сууж, 99 хувь нь баялгийн тэгш бус хуваарилалтын золиос болж буйг эсэргүүцсэн “Уолл стритийг эзэл” хөдөлгөөн есөн жилийн өмнө өрнөж улмаар дэлхийн 80 гаруй улс орныг хамран тэлж байсныг эрхэм уншигч та санаж буй биз ээ. Эрх мэдэлтнүүдийн үзэглэж буй эдийн засгийн шийдвэрүүд иргэдийн амьдралд ээл дагуулахгүй байна, баялгийн хуваарилалт шударга бус байна гэдэг асуудлаар дэлхийн улс орны иргэд, иргэний нийгмийн байгууллагууд санаа оноогоо нэгтгэн, мянга орчим хотод эсэргүүцлийн жагсаал болж байлаа. Хүний эрх, язгуур эрх чөлөөг тунхаглан ярьцгаах мөртлөө эдийн засгийн эрх чөлөөг нь хааж боомилж буйг эсэргүүцсэн уг хөдөлгөөн намжсан ч, баялгийн хуваарилалт дэндүү шударга бус байна гэдэгт эргэлздэггүй тэрбум тэрбумаар тоологдох иргэд бий гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон юм.
Алдарт “30 гэр бүл” шиг хэдэн мянган 30 гэр бүл хэрэгтэй...
Манай улсын 3.2 сая иргэдийн хоёр хувь нь чинээлэг, гурван хүн тутмын нэг нь буюу 30 хувь нь ядуу гэсэн тоо баримттай зэрэгцэн баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байгаа талаар олонх нь ярьсаар байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 5.4 хувиар өсчээ. Тэгвэл ядуурлын түвшин 2016 оны байдлаар орон нутагт 34.9 хувь байсан бол хот, суурин газарт 27.1 хувьтай гарчээ. Дэлхийн банкны зүгээс манай улсын ядуурлын түвшнийг 29.6 хувь, цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгч дөрвөн хүн тутмын нэг нь нэн бага цалин авч байна гэж дүгнэсэн байдаг. Ийм мэдээлэлтэй зэрэгцэн “Монголын эдийн засаг, улс төрд нөлөө бүхий 30 гэр бүл”-ийн тухай сэдэв хэвлэлүүд хийгээд сошиалаар байнга яригдах болсон. Хөдөө аж ахуй, мал аж ахуй гэсэн уламжлалт салбаруудаас хальж уул уурхай гэсэн шинэ тутам үүц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж эхлээд тэгтлээ удаагүй манай улсын тухайд өрмийг нь цөөнх идээд, хусмыг нь олонх долоож байна гэдэг асуудал нийгмийн бүхий л түвшинд анхаарал татсан асуудал болоод байна. Газар болоод газрын доорх баялгийн үр шимийг бүх нийтээрээ хүртэх тухай ойлголт эцэг хуульд бий тул баялгийн шударга хуваарилалтын тухай сэдвийг зах зээлийн зарчим өөрөө хатуу гэдэг томъёоллоор халхавчлаад дараад байх нь хэр зохистой вэ гэдэг асуудал ч дагаж яригдах ёстой юм.
Хуучин нийгмийн тогтолцоог халж, ардчиллаар суурь хийн, чөлөөт эдийн засгийн замаар замнаж буй гэж Монголчууд бид итгэдэг ч яг өнөөдрийн тухайд эрх мэдэлтнүүд болоод тэдний хамаарал бүхий этгээдүүдэд боломж илүү ойр байдгийг ил тодоор харж буй билээ. ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон нэр бүхий улстөрчдийн амнаас “Мэдээлэлтэй ойр байгаа нь л зээл авна шүү дээ” гэсэн үг унаж байсан даа. Нэг талаас тийм байж болно. Гэхдээ тэр мэдээллийг нь иргэдэд биш эрх мэдэлтнүүдэд ойртуулж, шивнээд байгаа нь баялаг хийгээд боломжийн хуваарилалт шударга бус байгаагийн нэгэн тод жишээ мөн л дөө. Баялгийн хуваарилалт гээд ярихтай зэрэгцээд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг яагаад үзэн ядаад байгаа юм бэ? Мөнгөтэй болсныхоо төлөө тэд чичлүүлэх ёсгүй гэдэг асуудал яригддаг. Мэдээж тийм.
Хүнийг мөнгөтэй байгаагийнх нь төлөө харааж, буруутгах нь зүй бус асуудал. Харин ажилтай, орлоготой, амьжиргааны түвшин хангалттай хэмжээнд байх боломжийг нь олонхоос булааж буй төрийг, шийдвэр гаргагчдыг, холбоо хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөр давуу боломж гартаа атгасан бүлэглэлүүд болоод буруу тогтолцооны эсрэг дуугарах эрх энэ нийгэмд байх ёстой. Хэвлэлийнхэн бидэнд ч байх ёстой.
Өчигдөр, өнөөдөр, маргааш ч хэвлэлийн хуудаснаа бичигдэж л таарах “30 гэр бүл” гэх ойлголтын тухайд тэнд нэр нь багтсан хүмүүсийг үзэн ядахад асуудлын гол ерөөсөө байгаа юм биш. Харин энэ улс оронд тэдгээр 30 гэр бүл шиг хэдэн арван 30 гэр бүл нэмэгдээсэй, тэгж өсч өндийх боломжийг нь эрх мэдэлтнүүд бий болгоосой, хэдхэн хүнд давуу боломж олгодог завхарсан жишгийг халаасай гэсэндээ энэ талаар дуугарах ёстой юм. Амьдралаа өөд нь татах гэсэн иргэд бор зүрхээрээ хэчнээн зүтгээд ч давуу боломж атгасан хэсэг нь дандаа ялагчийн туг өргөж л таарна. Тэгэхээр хуваарилалт шударга байгаа цагт л бусад нь өндийж таарах билээ.
Бид өөрсдөдөө итгэхгүй гадны жишээнд анхаарал хандуулах гээд байдаг хандлагатай. Тэгвэл нэг жишээ татъя.
“Улстөрчид баячуудаар дэмжүүлдэг гэдгийг бид мартах ёсгүй”
Америкчуудын хөдөлмөрийн бүтээмж 1979 оноос хойш 80 хувиар өссөн ч бодит орлого нь бараг нэмэгдээгүй. Конгрессийн гишүүдийн тэн хагас нь санхүүгийн элит давхрагын төлөөлөгчид, саятнууд байдаг жишигтэйг, нэг гишүүнийх нь хөрөнгийн дундаж үзүүлэлт нь энгийн иргэнийхээс ес дахин өндөр байдгийг “Forbes” сэтгүүл онцолсон байгаа юм. Тэрчлэн улс төрчдөөс дээд давхрагын баялгийг бууруулах хууль тогтоохыг хүсдэггүй бөгөөд орлого өндөртэй хэсгийн татварыг бууруулсан хууль байнга гардаг нь гайхах зүйл биш гэдгийг судлаач Алан Данн өгүүлсэн байдаг. Мөн тэрбээр нийтлэлдээ “Улстөрчид баячуудаар дэмжүүлдэг гэдгийг бид мартах ёсгүй. Сонгогдохын тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Тэрийг нь том корпорациуд гаргадаг. Улстѳрчид болон корпорациудын хоорондох холбоог үгүйсгэх аргагүй. Тэрхүү холбоо нь улстөрчийн үзлээс нь хамааралгүйгээр байнга байж байдаг. Зүүний эсвэл Барууны үзэлтэн, нэр хүндтэй эсвэл шинэ улстөрч хэн ч бай том корпорацийн баян эзэдтэй л холбоотой байдаг... Хүн амын 99 хувь болон нэг хувийн хооронд их ялгаа байгаа ч нэг хувь дотроо орлогын бүр ч их ялгаа байгаа юм. Иргэдийн 1/1000 нь дунджаар орлогынхоо 23 хувийг татварт төлдөг байхад хамгийн өндөр орлоготой 400 иргэн дунджаар 18 хувийн л татвар төлсөн байна” гэхчлэн сонирхолтойгоор өгүүлсэн байдаг.
Энэ бол бидэнтэй тун ойрхон дүр зураг билээ. Бас нэг жишээ татахад, Хятадын хамгийн их хөрөнгөтэй мянган хүний 900 нь Коммунист намын гишүүд болоод төрийн албан тушаалтнууд гэдгийг “Хурун” сэтгүүлээс гаргасан “Hurun Rich List” тодотгож байсан билээ. Ер нь бол эрх мэдэлтнүүд хийгээд тэдний холбоо хамааралтай этгээдүүдэд хөрөнгийн төвлөрөл их байдаг жишиг улс орнуудад байна. Байгааг нь хаа хаанаа нэгэнтээ мэддэг болсон учраас баялаг хийгээд боломжийн тэгш хуваарилалтыг, шударга байдлыг шаардах эрх бусдад байх л ёстой.
Сэтгэгдэл ( 0 )