Тавантолгойн төмөр замын хоёр том бүтээн байгуулалт буюу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 8-9 дүгээр сард эхэлнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани олсон ашгаасаа ногдол ашиг тараахаа энэ жил азнаад улмаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарчээ. Одоогийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 750 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зарцуулахаар болсон юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр овоолго шороо гэж олон нийт ярьдаг ч өнгөрсөн гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл газар дээр нь ажиллаад олон улсын шаардлага хангасан компаниудаар шалгуулахад төмөр замын суурь, дэд бүтцэд 5-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд олон улсын шаардлага хангасан төмөр зам барина гэсэн дүгнэлт гарчээ.
“Би улстөрчдөд хандаж нэг зүйл хэлмээр байна. Тавантолгойгоос савраа тат аа. Энэ компанид менежментийн шинэчлэл хийж, олон улсын зах зээлд гарахгүй бол болохгүй. Америк-Хятадын худалдааны дайнаас шалтгаалсан эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй байна. Энэ цаг үед “Эрдэнэс-Тавантолгой”-г хөдөлгөж, олон улсын зах зээлд гаргаад, бүтээн байгуулалтын ажлаа эхлэхгүй бол хүндрэл, бэрхшээлийг давж гарахгүй” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын тал Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн тухай Korea Times сонин мэдээлсэн. Энэ талын мэдээлэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирсэн бөгөөд тухайн цаг үед нь гадаад, дотоодын компаниудад зориулсан шинэ тендер зарлах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хэний ч эсэргүүцлийг үл тоож ажлаа эхлүүл. Маш чухал шийдвэрийг гаргасан Баттулга, Хүрэлсүх нартаа талархая. Монгол түмэн бат тулгаа тулаад хүрэл сүхээрээ зандан модоо хагалаад гал голмтоо бадрааж байхад алзахгүй дээ. Монгол түмний минь хийморь дээшээ байг