Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП 100” аж ахуйн нэгж /ААН/-ийг өргөмжилдөг уламжлалтай. “ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн шалгууруудыг баримталдаг бөгөөд сүүлийн гурван жилийн дата мэдээллийг харьцуулан жагсаадаг юм.
Ийнхүү 2018 оны “ТОП 100” ААН-ийг Засгийн газар, МҮХАҮТ-аас дөнгөж сая зарлалаа. “ТОП 100” ААН-ийн эхний аравт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан” банк, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт” ХХК, “НИК” ХХК, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк болон “Улаанбаатар Төмөр зам” ХНН багтаж, Монголын нийт ААН-үүдийг манлайлжээ.
Сүүлийн таван жилд ТОП 100 ААН-ийн жагсаалтад давхардаагүй тоогоор 185 ААН бичигдсэнээс Төрийн өмчит (100 хувь төрийн, тодорхой хувь нь төрийн) 25 ААН байна. Энэ жилийн ТОП 100-г 2017 оныхтой харьцуулахад эхний зургаан байрт өөрчлөлт ороогүй бол 13-т шалгарсан Голомт банк есдүгээрт, 14-т шалгарсан УБТЗ ХНН аравт бичигдэж, амжилтаа ахиулжээ.
У.ХҮРЭЛСҮХ: “ТОП 100” АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮҮРЭГ ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ БАЙНА
Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр /2019.05.17/ 18 дахь жилдээ зохион байгуулж буй “ТОП 100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр “Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж салбар бүрдээ манлайлж байгаа татвар төлөгч, баялаг бүтээгч “ТОП 100” ААН-ийн төлөөлөлд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан макро эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зорилтуудаа бизнес эрхлэгч та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ. Манай орны зээлжих зэрэглэл сайжирснаар арилжааны банкууд хувийн хэвшлийн зээлжих зэрэглэл нэмэгдэх нэн таатай орчинг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 8.6 хувьд хүрч сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрлээ. Миний бие Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт “ТОП 100” аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд онцлон тэмдэглэмээр байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2018 онд “ТОП 100” ААН-ийн орлогын хэмжээг ДНБ-тэй харьцуулахад 96 хувьтай байгаа 2016 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. “ТОП 100” ААН-ийн төлсөн хэмжээ 2018 онд 4.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Эдгээр ААН-үүд нийт ажил олгогчдын 6.6 хувийг эзэлж байгаа. Эдгээр өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдийг ирэх жилүүдэд улам бататган эдийн засгийн үзүүлэлтээ эерэгээр хадгалан гэдэгт итгэж байна” гэсэн юм.
О.АМАРТҮВШИН: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ
Өнгөрсөн 2018 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолын үеэр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин: “Монголын “ТОП 100” ААН-ийн санхүүгийн үзүүлэлт, тэдгээрийн нийлбэр дүн эдийн засгийн салбарт эзлэх хувь хэмжээ зэрэг нь макро эдийн засаг болон салбарын өсөлт хөгжил, тухайн жилийн эдийн засгийн өсөлт хөгжлийг тодорхой харуулдаг юм. 2018 оны жагсаалтаас харахад “ТОП 100” ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оныхоос 5 их наяд төгрөгөөр өсөж 30 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 96 хувьтай тэнцэж байна. Нийт төлсөн татварын хэмжээ нь 2017 онд 3.2 их наяд төгрөг байсан бол 2018 онд 29 хувиар өсөж, 4.1 хүрсэн нь Монгол Улсын татварын орлогын 50 хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн салбарыг авч үзвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй гарчээ. Эдийн засгийн өсөлтийг хангахад гол ачааг нуруундаа үүрч улс орны хөгжлийг бий болгож буй татварын орлогын 50 хувийг бүрдүүлдэг эдгээр ААН-үүдийг дэмжих, ажлын байрны 90 хувийг бий болгож буй ЖДҮ-үүдийг хөгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулж, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа хамтарч шийдэх боломжтой. Үүний тулд бизнесийн таатай орчинг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал юм.
Х.БАДАМСҮРЭН: “ЭРДЭНЭТ”-ИЙН НЭГ АЖИЛТАН 100 САЯ ТӨГРӨГИЙН БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙНА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: “2018 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийг манай хамт олон тэргүүлсэн явдалд баяртай байна. Өнгөрсөн 2018 он “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны хувьд онцгой амжилтын жил байлаа. Өнгөрсөн онд үйлдвэрийн 40 жилийн ой тохиосон. Үйлдвэрийн техник технологи, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд 40 жилийнхээ түүхэнд байгаагүй хэмжээнд хүрсэн. Тэр утгаараа өнөөдөр 100-н аж ахуй нэгжий тэргүүлэн шалгарлаа. Хамт олон маань 2016 онд улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг ажилтан 100 орчим сая төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг. “Эрдэнэт үйлдвэр” 2018 оныхоо амжилтад суурилаад 2019 оныхоо үйл ажиллагааг сайхан эхлээд явж байна. Өнөөдрийн байдлаар техник технологийн бүх үзүүлэлтээ дагаад эдийн засгийн үзүүлэлт 100-110 хувиар давуулан биелүүлж ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй гэрэлтэй сайхан байгаа.
Д.ЖИГЖИДНЯМАА: БИД 26.8 САЯ ТОНН АЧАА ЗӨӨСӨН
“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа: Манай хамт олон өнгөрсөн 2018 онд түүхэндээ байхгүй дээд амжилт тогтоолоо. Бид 26.8 сая тонн ачаа зөөсөн. Тэрхүү амжилтыг бататгаж Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас топ 100 аж ахуйн нэгээр тодрууллаа. Нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна. Бид энэ онд Алтанширээгийн 27 км төмөр замыг энэ сарын 24-нд дуусгана. Дээр нь өнгөрсөн оны 26.8 сая тонн ачаа зөөсөн амжилтаа бататгаж, илүү гаргахаар ажиллаж байна. Зүүнбаянаас Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоно.
Р.СЭДДОРЖ: ӨНГӨРСӨН ОНД 176 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСӨН
“Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захиар Р.Сэддорж: Манай компани Тавантолгой орд газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн хамт олон. Өнгөрсөн 2018 онд амжилттай ажилласан. Менежмент зохион байгуулалтаа сайжруулж, орон нутгийн төсөвт 176 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Дээр нь 1000 гаруй ажлын байрыг хадгалж ажиллаж байгаагаараа топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байна. Хамт олондоо баярын мэнд хүргэж байна.
Б.БАТБАЯР: ХӨГЖЛИЙН БАНК ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ 100 ХУВЬ ХАНГАСАН
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр: Манай Хөгжлийн банк сүүлийн гурван жилийн хугацаанд банкныхаа блансад их анхаарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд зургаа орчим их наяд төгрөгийн зээлийг төлж, гадна талдаа үүрэг хүлээсэн байсан 2.3 тэрбум ам.долларыг төлсөн. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, гадна талаас эх үүсвэр татаж босгох, Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа зээл олгох бололцоотой болсон. Одоогоор ОУВС-гийн хөтөлбөртэй хамтарч ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг дуусахад Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх бэлтгэлээ 100 хувь хангасан. Энэ бол Хөгжлийн банкны голлох амжилт гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / еврогоос 72 цагийн дотор 72%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913