Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй байх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид олголоо.
Сүүлийн үед олон нийтийн дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан БНХАУ-ын "Тяньжин фүүдс" гэх компанид Улаанбаатар хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл гарч, ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан. Энэ талаар НИТХ-ын төлөөлөл болон Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийхдээ "НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох "Тяньжин Фүүдс" ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх тухай асуудал орж ирсэн.Улаанбаатар хотын 50 га газар гэдэг нь Монгол Улсад буй нийт хүлэмжийн аж ахуй эрхэлж буй газрын 90 хувьтай тэнцэхүйц том газар гэсэн үг юм. Тийм учраас Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд төдийгүй улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр НИТХ-ын Тэргүүлэгчийн зүгээс энэхүү асуудлыг зөвшөөрөөгүй. Гэвч хурлын дараар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөр компанийн нэрээр энэхүү ажлыг зохион байгуулж, хийх болсон тухай тэмдэглэсэн албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн байсан. Үүнээс харахад энэ ажил цаашид биеллээ олж, хэрэгжихээр болсныг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 50 га нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай компани хүлэмжийн аж ахуй эрхлэх болж байна. Энэ асуудлаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч зарим иргэн надтай холбогдож, санал солилцсоны үндсэн дээр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө, аж ахуйн салбар хариуцсан сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хэрэв тус ажлыг зогсоож, шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид дараа дараагийн тэмцлээ эхлүүлэх болно" хэмээсэн юм.
Уг асуудлаар нийслэлийн иргэд болон фермерийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. Харин өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй байх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд олгосон байна. Энэ талаар ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Ямар нэгэн байгууллагад 50 га газар олгосон зүйл байхгүй. ХААИС-тай санал солилцож байсан зүйл бий. Тиймээс өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргад ямар ч газрыг тухайн зориулалтаар олгохыг хориглосон чиглэлийг өгсөн" хэмээлээ.
Асуудлын талаар тодруулбал, Нийслэлийн зүгээс нийт 50 га газарт хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх төлөвлөгөө гаргасны 0.3 га-д сургалт судалгааны шилэн хүлэмж, 5 га-д нь өвлийн хүлэмж байгуулах саналыг БНХАУ-ын компани оруулжээ. Мөн бусад 24 га-д ил талбайн хүнсний ногоо, мөөг тариалж, Монгол Улсын нарийн ногооны нийт импортын 6.5 хувийг хангахаар төлөвлөсөн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гарын үсэг бүхий албан тоот ирсэнийг Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хэвлэлийнхэнд танилцуулж байсан юм.
Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй энэхүү асуудалд цэг тавьж, Гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй байх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид олгосон байна.
Дашрамд дурдахад, ирэх даваа гарагт Засгийн газрын гишүүд газар олголттой холбоотой асуудлуудтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Манай засаг нэгэнт эргүү ашиг хонжоо харагч алба хаагч нараар дүүрэн энэ үед асуудал гаргахаас нь өмнө урьдчилж зогсоож байх хэрэгтэй Ингэхгүй бол цаг алдаж өнгө зүсээ хувиргаад оруулаад ирэж байна Тэгээд л энэ засгийн нэр төрийг шаварт хутгаж байна шүү дээ
тэгмээрюм даа