ТЯНЬЖИН ХОТТОЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТҮВШИНД ЯРЬЖ БАЙГААГААС 50 ГА ГАЗАР ОЛГОНО ГЭЭГҮЙ
Хүнс, хөдөө аж ахуй бол аливаа улс орны амин чухал салбар. Тэр тусмаа мал аж ахуй газар тариалан эрхэлдэг манай орны хувьд бүр ч чухал. Энэ талаар өчигдөр салбарын сайд Ч.Улаан мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар хаврын тариалалт, үр тарианы ажил 70 орчим хувь, хүнсний нарийн ногооны тариалалт 30 хувьтай. Улсын хэмжээнд 206 мянган га талбайд үр тариа, 250 гаруй мянган га талбайд улаан буудай тариалж байгаа аж. Хүнсний ногооны тариалалт цаг агаарын нөхцөл байдлаас хамаарах ч хугацаандаа гүйцэтгэх бололцоотой.
Тариалах ажил дуусах шатандаа орсон. Энэ үеэр салбарын сайд Ч.Улаан “Өнгөрсөн жил манай улс 16 мянган тонн хүнсний нарийн ногоог импортоор авсан. Зах зээл дэх хүнсний ногооны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан манай яам импортын ногоог багасгаж, дотооддоо тариалах бодлогыг баримталж байна. Манай улсад 27 мянган га зуны хүлэмж, 60 мянган га өвлийн хүлэмж бий. Дээрх таван мянган га өвлийн хүлэмжийг нэмснээр манай улсын импортоор авах хүнсний ногооны хэмжээг багасаж, дотоодын нийлүүлэлт нэмэгдэнэ. Түүнчлэн Хятад улсын Тяньжин хоттой хамтран өвлийн хүлэмж байгуулж ажиллах санал хэлэлцээрийн түвшинд байна. Нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа 50 га газар олгох асуудал байхгүй. Албан ёсны мэдээгээр 0.3 га талбайд туршилтын хүлэмж байгуулж, таван га талбайд өвлийн хүлэмж барих ажлыг судалж байна” хэмээсэн юм. ХХААХҮЯ-наас дотоодын хүнсний ногооны хангамжийг сайжруулах чиглэлээр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллаж байгааг салбарын сайд хэллээ. Энэ чиглэлд аж ахуйн нэгжүүд төсөл ирүүлж хамтран ажиллах боломжтой гэлээ. Өвлийн хүлэмжийг дэмжих зорилгоор хүлэмжийн аж ахуйн цахилгаан халаалтын зардлын тодорхой хэсгийг төрөөс хөнгөлөх санал боловсруулж, УИХ-д дэвшүүлснийг мөн дуулгав.
ЖДҮ САН 290 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГТАЙ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хэмээх маргаан дагуулсан сан бий. Өнгөрөгч онд энэ сангаас нэр бүхий УИХ-ын гишүүд зээл авсан нь илчлэгдэж өдгөө ч энэ маргаан тасраагүй байна. Харин салбарын сайдын мэдээлж байгаагаар бол сангуудын тухай шинээр хууль дүрэм Сангийн яаманд боловсруулагдаж байгаа ч тэд энэхүү хууль дүрмийг хүлээлгүй, бас зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн.
Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаман дээр өнгөрөгч долоо хоногоос сангийн мөнгийг шинэ журмаар олгож эхлэхээр болсон бөгөөд зээл авахаар хүссэн иргэд ААН-ийн төслийг хүлээн авч эхэлжээ. Гэхдээ Засгийн газрын 87 дугаар тогтоол гарч ХХААХҮЯ-ны харъяанд байдаг гурван сангийн бүтэц зохион байгуулалтыг сайн болгох ажил хийгдэж байгаа аж. Харин Сангийн яамнаас өр авлагаа барагдуулж байж дараагийн зээлээ авах хатуу зарчим барьж байгаа учраас ХХААХҮЯ өр зээл барагдуулах талдээр ихээхэн анхаарч байгаа аж.
ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 21 ТЭРБУМЫГ ОРОН НУТАГТ ХУВААРИЛЖЭЭ
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жилийн жилд орон нутагт маш бага хэмжээгээр очдог маргаан өдгөө ч тасраагүй байгаа. Гэтэл энэ жил улсын хэмжээнд нийтдээ 47 тэрбум төгрөг өгснөөс 26 тэрбум төгрөгийн нийслэлд, 21 тэрбум төгрөгийг орон нутаг хуваарилсан байна. Гэхдээ нэ тал дээр цаашид анхаарч орон нутагт очих мөнгөний хэмжээг нэмэх тухай ярив. Одоо мөнгө нэмж хуваарилах гэхээр Сангийн яамнаас хатуу зарчим барьж байгаа учраас яах ч аргагүй гэдгийг ч дуулгалаа. ХХААХҮЯ оноос хойш өр барагдуулах чиглэлээр ажилласны хүчинд 40 тэрбум төгрөгийг буцаан төлүүлсэн нь ийнхүү сангийн зээлээр дамжиж байгаа гэнэ. Тэгэхээр одоо үлдээд байгаа 290 орчим төгрөгөөс эргэн төлүүлж чадвал Сангийн яамнаас зээлийн эх үүсвэр гаргаж өгөх аж.
МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
Нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг бөгөөд үүнийг нөөцийн мах, “Хүчит шонхор” зах болон хувийн хэрэглээ буюу иргэд өөрсдөө орон нутгаас мах авах гэсэн гурван эх үүсвэрээр хангадаг тухай статистик мэдээ бий. Нөөцийн махыг өнгөрөгч сарын 15-наас эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 127 дэлгүүрээр борлуулж эхэлсэн байдаг. Гэтэл энэ сарын 9-12-нд нийт нутгийг хамарсан гэж болох цасан шуурга болсны улмаас “Хүчит шонхор” захын махны нийлүүлэлт хомсдож, үнэ өссөн гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлж байсан. Тэгвэл үүний дараа ч махны хомсдол хэвээр үргэлжилж үхсэн малын мах хүртэл оруулж ирсэн хэрэг дэгдсэн. Энэ үеэс салбарын сайд дээрх үүссэн нөхцөл байдлыг дахин сануулаад махны хомсдол үүсгэсэн нэг шалтгаан нь Мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн баталгаагүй маханд хориг тавьснаас үүдэлтэйг тайлбарлав. Харин одоо махны хомсдол арилсан цаашид ч нийлүүлэлт болон үнэ хэвийн байна гэсэн тайлбарыг өглөө.
МАЛ СҮРГИЙН ТОО 85 ОРЧИМ САЯД ХҮРЧЭЭ
Энэ өвөл зарим аймагт цаг чангарсан ч ихэнх аймагт өнөтэй өвөлжиж хаваржсан. Харин хаврын сарын төгсгөлд ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурга дэгдэж малчдыг чамгүй сандаргаад авсан билээ. Салбар яамны мэдээлж байгаагаар өнгөрөгч өвөл, хавар 500 мянга орчим мал хорогдсон бол энэ хавар 20.9 хээлтэгч мал төллөхөөс 20.5 сая төл эсэн мэнд хүлээн аваад байгаа аж. Харин оны эцэст 66.5 сая мал тоолуулсан гэхээр төл малаа нийлүүлэхээр өдгөө Монгол Улс 85 орчим сая малтай болоод байгааг дуулгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )