Сингапур Улсад энэ сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Шангри Ла яриа хэлэлцээ” аюулгүй байдлын олон улсын бага хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцлоо. Олон улсын аюулгүй байдлын томоохон арга хэмжээний нэг болж, жилээс жилд оролцох орнуудын тоо, төдийгүй хэлэлцэж буй асуудлуудын цар хүрээ, нэр хүнд нь улам өсөн нэмэгдэж байгаа энэхүү бага хурлыг Их Британийн Лондонд төвтэй “Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн” Сингапур улсын Засгийн газартай хамтран 2002 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
"Шангри-Ла яриа хэлэлцээ" бага хурал нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын сайд нарыг олон талт арга хэмжээний хүрээнд нэгтгэж, аюулгүй байдал, батлан хамгаалахын тулгамдсан асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй яриа хэлэлцүүлэг явуулж, санал солилцдог онцлогтой. “Шангри Ла яриа хэлэлцээ” аюулгүй байдлын олон улсын аюулгүй байдлын бага хуралд Австрали, АНУ, БНХАУ, ОХУ, Индонез, Их Британи, Камбож, Канад, Малайз, БНСУ, Сингапур, Тайланд, Франц, Филиппин, Шинэ Зеланд, Япон зэрэг 27 улсын Батлан хамгаалахын сайд нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын дээд албан тушаалтнууд төдийгүй олон улсын болон улс орнуудын аюулгүй байдал судлалын байгууллагуудын эрдэмтэн, судлаач нар өргөнөөр оролцлоо. Бүс нутаг төдгийн дэлхий дахины аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, кибер аюулгүй байдал, терроризмын талаар санал солилцлоо.
Бага хурлын үндсэн хэлэлцүүлгүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэ “БНХАУ ба олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа”, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан “АНУ-ын Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын хэвийн төлөв” зэрэг үндсэн илтгэлүүд олны анхаарлыг татаж байлаа. Эдгээр илтгэлүүдэд бүс нутгийн орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлогын тулгамдсан асуудлуудыг тодорхой дурдаж, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлж буй томоохон асуудлуудаар өөрийн улс орнуудын баримталж буй бодлогын талаар танилцуулсан нь бага хуралд оролцогсдын анхаарлыг илүүтэй татаж, идэвхитэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Дэд бүтцийн хөгжил бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” сэдвээр явагдсан хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүний бүс нутгийн орнууд болон Монгол Улсын аюулгүй байдалд оруулах хувь нэмрийн талаар үг хэлж хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн тус бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур улсын Батлан хамгаалахын сайд Доктор Эн Хэн, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан, Япон улсын Батлан хамгаалахын сайд Такаши Иваяа, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Нго Суан Лик, Австралийн Батлан хамгаалахын сайд хатагтай Линда Рэйнолд, Канадын Батлан хамгаалахын сайд Харжит Сингх Сажан нартай уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн НАТО-гийн цэргийн нэгдсэн зөвлөлийн дарга, генерал Сир Стьюарт Пийчийг хүлээн авч уулзсан.
Энэхүү хуралд оролцож, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын талаар Монгол Улсын баримталж буй бодлого, байр суурийг оролцогч улс орнуудад танилцуулж, бүс нутгийн аюулгүй байдал, стратеги, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл олж авах чухал арга хэмжээ боллоо. Мөн батлан хамгаалах салбарт харилцаатай орнуудын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагатай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, батлан хамгаалах салбар, цэргийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлст манай улсын оруулж буй хувь нэмрийн талаар таниулж, цаашид баримтлах бодлого, байр сууриа илэрхийлэх чухал арга хэмжээ болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )