Ерөнхий сайд, Хотын дарга нар Налайх дүүрэгт ажиллалаа

2019 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс  нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай эхлээд танилцлаа. Уг төсөл нь өнгөрсөн  дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард  хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга Б.Отгонсүх хэлэв. Хоёр эгнээ тус автозамыг дөрвөн эгнээ 26 метрийн өргөн болгон өргөтгөж байгаа бөгөөд Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байна. Харин туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.

Дараагаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагаатай нь танилцлаа.

Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын талаарх товч танилцуулга болон тулгамдаж буй асуудлаар нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат мэдээлэл хийв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор байгуулагдсан тус парк нь  Байгаль орчинд ээлтэй, бизнесийн таатай орчин бүхий, орчин үеийн үлгэр жишээ Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилготой аж. Тус газрын үйл ажиллагаа нь шинэ дэвшилтэт техник технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулах, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэхэд чиглэх юм байна. Одоогийн байдлаар паркийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжиж 4.7км авто замын ажил мөн 1.6км үерийн далангын ажил хийгджээ. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад эрчим хүчний эх үүсвэр болон цэвэрлэх байгууламжийн /1000м3/-ийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байгааг төслүүдийн удирдагч М.Халиунбат дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн байгаа.  Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркыг хуулийн хүрээнд ашиглалт менежмэнт, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркын захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны  үйлдвэрлэлийн паркыг судалж байна” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагаатай танилцаад, нэн шаардлагатай  эрчим хүчний эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн асуудлаар холбогдох яамны сайдуудтай уулзаж, шийдвэрлэхээр болов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top