Ч.Чинбат: Худал мэдээллийг нийтийн сүлжээнд тарааснаар залуу үеийг хүчирхийлэлд уриалж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль  мөрдөгдөж эхэлснээр Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатаас тодрууллаа. 


-Зөрчлийн тухай хууль батлагдан гараад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Хэрэгжих явцад уялдаа холбоог сайжруулах, зарим зүйлсийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хууль эрх зүйн хувьд тулгарч болох асуудлууд тулгараад явж байна. Үүнийг цагдаа, прокурор, шүүх гээд шат шатны байгууллагууд дотооддоо дүгнээд явж байна.

Цагдаагийн байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг томоохон субъектийн нэг. Зөрчлийн тухай хуульд заасан 214 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа зөрчлийн хэргийн 97 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэж байна. Прокурорын байгууллага болон шүүх зэрэг байгууллагууд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан зохион байгуулалтын болон бүтцийн өөрчлөлт хийсэн ба прокуророос мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага боловсруулах зэрэг олон ажлыг тасралтгүй хамтран зохион байгуулж ирсэн.

-Зөрчлийн тухай хууль иргэдийн амьдралтай салшгүй холбоотой, хамгийн ойр хууль ч гэж болно. Уг хуульд заасан 214 төрлийн зөрчлийн хэргээс иргэдийн дунд хамгийн ихээр гарах болсон зөрчлийн хэрэг юу вэ?

-Зөрчлийн тухай хууль бол хуучнаар Захиргааны хариуцлагын тухай хууль. Уг хуулийн зорилго нь улс орны хэмжээнд нийгмийн дэг журмыг тогтоох, хэв журмын зөрчил, иргэдийн эрх чөлөөг баталгааг дээшлүүлэх, амар тайван амгалан байдлыг хангах хамгийн гол түлхэц үзүүлэх суурь хуулиудын нэг. Зөрчлийн хуульд заасан хамгийн түгээмэл гарах болсон хэргүүдээс дурдвал иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлүүд болох танхайрах төрлийн зөрчлүүд, хулгайлах зөрчлүүд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлүүд гээд дийлэнхдээ бусдын эрүүл мэндэд халдах, хүч хэрэглэсэн шинжтэй зөрчлүүд гарч байна. Үүнээс хулгайлах зөрчлийн хэрэг буурахгүй байна. Энэ зөрчлийн хэргийн илрүүлэлт орон нутагт 50 орчим хувь, нийслэлд 20 орчим хувьтай байна. Үүнийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа.

2019 оны эхний таван сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэсэн.

-Гүтгэх зөрчлийн хэрэг ч олон нийтийн сүлжээгээр их гарах боллоо. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг муутайгаас зөрчлийн хэрэгт холбогдох нь түгээмэл байдаг уу?

-Хүний нэр төр, алдар хүнд нь үндсэн хуулиар олгогдсон үнэт зүйлийн нэг. Хувь хүн өөрийн итгэл үнэмшилтэй байдаг, нэр төртэй байдаг гэтэл энэ хил хязгаарыг давж гутаан доромжилж, худал мэдээллүүдийг олон нийтийн сүлжээ ашиглан тараадаг байдал ихээхэн гарах болсон. Хамгийн сүүлчийн тоо баримтаас харахад 2019 оны эхний таван сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан байна. 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэсэн. Бусдын нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллүүдийг нийтийн сүлжээнд тараадаг энэ үйлдэл ямар хор уршигтай вэ гэхээр бодит хүчирхийлэл бий болгох, залуу үеийг хүчирхийлэлд уриалан дуудах, бусдын нэр хүндийг хүндэтгэдэггүй болгох, цаашлаад гэмт хэрэгт холбогдох зэрэг олон асуудлыг араасаа дагуулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.68.58) 2022 оны 06 сарын 09

зочин гэж бичээд хүмүүсийг ихэд доромжилж байна. гүтгэж байна. ялангуяа олны танил эмэгтэйчүүдийг арай хэтэрхий балмад хачин хараалын үгээр доромжлох нь хэвийн үзэгдэл болчихлоо.үүнийг цэгцэлж орос шиг фиесбукээр бичлэг хүлээж авдаг болгох.тодорхой эзэнтэй хаягтай мэдээлэл контентийг гаргадаг болговол их сайн байна.Бүдүүлэгүг яриатай цөөн хүмүүс бий.Бичлэг нь хоорондоо төстэй хэрэглэдэг үгээр нь таньж болдог

0  |  0
Top