Гүтгэх заалтыг ЗӨРЧЛИЙН ХУУЛИАС ХАСУУЛЖ сэтгүүлчдийг хоморголон торгодог гажуудлыг засаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг багтаах талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүсэлтээ илэрхийлснээр  МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, хуулийн зөвлөх Г.Балжмаа нар Эрүүгийн багц хуулийн төслийн ажлын хэсэгт орон ажилласан юм.

Зөрчлийн хуульд байсан Гүтгэх зөрчлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон нэмэн оруулж ирж буй хуулийн төслийг хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хүрээнд нарийвчлан судалж, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Улмаар хууль санаачлагчдын гаргасан томьёолол /төсөл/-ийн 13.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хасаж, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах нэгдсэн саналд хүрээд байна. 


Хууль тогтоогчдын зүгээс 13.14 дүгээр зүйл буюу “Гүтгэх” заалтыг дараах байдлаар оруулж ирсэн юм.  

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Тайлбар:-Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй/

-Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.


Харин хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийн үеэр салбарынхан саналаа нэгтгэж дараах байдлаар өөрчлөх санал гаргаад байна.

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй  илт худал мэдээллийг зориуд санаатайгаар нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Харин хоёрдахь хэсэг буюу Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Тайлбар:-Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй/

-Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй

гэснийг хасуулах санал гаргасан байна.


Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу Гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуульд оруулж гэмт хэрэгт тооцох болоод байгаа юм. Өмнө нь Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтаар сэтгүүлчдийн санамсар болгоомжгүй алдаа, мэргэжлийн хариуцлагын асуудалд торгуулийн ял олноор өгч байсан юм. Энд нэг жишээ авч үзвэл, аймгийн засаг даргыг улсын мөнгөөр 15 удаа гадагшаа явсан хэмээн бичсэн сэтгүүлчийг, тухайн дарга 13 удаа гадагшаа явсан учир бусдыг гүтгэсэн хэмээн торгуулийн ял оногдуулсан байдаг. Гэтэл энэхүү заалтыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэвээр нь оруулж ирснээс гадна гүтгэх заалтыг хоёр хэсэгт хувааж нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл хэмээн тусгаарлаад, торгуулийн хэмжээг өндөр болгосон байна. Өөрөөр хэлбэл, гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулахдаа энэ гэмт хэргийн хэв шинжийг заахгүйгээр, гүтгэлгийг зөвхөн хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид хийдэг мэтээр томьёолсон байсныг өөрчлөх санал оруулаад байгаа юм.

Улмаар энэхүү өөрчлөлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд өнөөдөр /2019.12.19/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 

Ажлын хэсгээс хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөх саналыг гаргажээ. Тодруулбал,

Нэгдүгээр зүйлийн 7.13, 7.14 , 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах.

Хүний нэр төр алдар хүнд болон хуулийн этгээдийн ажил, нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно, эсвэл 240-740 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял онооно.

Ажлын хэсгээс гаргасан энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.2 хувь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэх боллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.119.42) 2019 оны 12 сарын 19

Гүтгэхийг эрүүгийн хуульд ороод олигтой явдаггүй юм даа. торгуулийг нь өндөр болгочиход л болнош тээ

0  |  0
Top