Уурхайг дэмжих хурлын тогтоолыг дахин ХУУРАМЧААР ҮЙЛДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн саналыг заавал авах заалттай байдаг. Дэмжих багийн хуралд оролцсон иргэдийн санал нь уурхайн ашиглалт, олборлолт явуулахад нөлөөлөх чухал баримт бичгүүдийн нэг бөгөөд дээрх баримт бичгийг хоёрдахь удаагаа хуурамчаар үйлдсэн тохиолдол Өмнөговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Номгон суманд үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж буй “Булаг Сүүж Майнинг” компани нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг Хармагтай багийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлсэн гэх тогтоол гаргаж, Байгаль орчны газарт хүргүүлжээ. Гэтэл иргэд, малчид, сумын хурлын төлөөлөгчид дээрх хурлыг болоогүй гэдгийг хэлж байгаа ба Хармагтай багийн хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн  эсэхийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ.

Дээрх тохиолдол анхны удаагийнх биш бөгөөд мөн аймгийн Гурвантэс сум Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа Тост багийн засаг дарга Н.Галаахүү нартай хамтран багийн иргэдийн хурал болсон гэх баримт бичгийг мөн хуурамчаар үйлдэж байсан юм. Энэхүү хурлын протоколд нас барсан иргэний нэрийг оролцуулан үг хэлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг ба дээрх хэргийг Гурвантэс сумын цагдаагийн хэлтэст шалгаж хуурамчаар үйлдсэн гэдгийг тогтоосон байдаг. Гэсэн хэдий ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр энэ оны эхээр прокуророос хаах санал гаргасны дагуу хэн нэгэн этгээд хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (49.0.147.145) 2019 оны 06 сарын 14

ene oron nutagiin irgediin hural gej vnheer hetsvv eniig uls ashigt maltmaliin gazar neg tiish n shiideh heregtei ajil yavuulhad vnheer hvndrelteig oilogdog gazar bn uu

0  |  0
Top