“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр дадлага, сургуулилт эхэллээ

2019 оны 06 сарын 14

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургуулилт өнөөдөр (2019.06.14) эхэллээ.

Дадлага, сургуулилтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зарим шүүхийн тамгын газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газар, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа юм. "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалтад оролцогчид дадлага, сургуулилт хийх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр дадлага, сургуулилтыг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ. Мөн "Сүүлийн таван жил Шүүхийн ерөнхий зөвлөлд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ онд нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, өрөөнд нь болон шүүх хуралдааны танхимд аюулгүйн товчлуур суурилуулах ажлыг эхэлсэн” гэсэн юм. Цаашид шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо.


 Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, Яллагдагчийг хуяглан хүргэх, Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаагаа оролцогчдод танилцууллаа. Мөн цагдаагийн алба хаагчдыг техник хэрэгслээр хангах ажлыг Аймаг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Дадлага, сургуулилтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг шүүхийн байгууллагын тогтолцоо, өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Үүний дараа шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага улсын хэмжээнд ханган ажиллаж байгаа талаар, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, шүүх хуралдааны дэг журам сахиулах болон яллагдагчийг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх чиглэлээр шүүхийн тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлын талаар нийслэл дэх шүүхийн тамгын газрын дарга нар мэдээлэл хийж, сургалтад оролцогчидтой санал солилцов.

Сургалтад оролцогчид шүүхийн байранд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартад нийцүүлэх, аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж ярилцсан юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа алба хаагчид сургалтын үеэр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хэв журам, харуул хамгаалалт, түр саатуулах байрны үйл ажиллагаатай танилцана.

Харин бямба гаригт сургалтад оролцогчид Аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилт хийх юм.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top