ЧУУЛГАН | С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
7 цагийн өмнө

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.20/ хуралдаан гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж томилохоор заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалтад 2 нэр дэвшигч оролцсон бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд хүргүүлэх заалтын дагуу нэр дэвшигч Самдангийн Энхбаатар, Машлайн Алтан-Очир нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан.

Харин Хууль зүйн байнгын хороонд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор өнөөдөр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь дэмжлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top