Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өөрөөр олны анхаарлыг татсан улс төрийн үйл явц ойрд бараг өрнөсөнгүй. Нэг зүйл болсон нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баян-Өлгий аймагт очиж Оспан баатар гэж яриад адлуулсан. Угаасаа адлуулахаас өөр замгүй “балайрсан” байна лээ. Харин сүүлийн хэд хоног Ардчилсан нам хавиар улс төр өрнөж байна. Ардчилсан намын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөх нь гэдэг яриа Ардчилсан нам доторх халуун боодгийг хагалаад хаялаа. Боодогны чулуу халуун байгаа тул бүгд л “халцгай, халцгай” гээд ойртож чадахгүй байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ зундаа ажлаа өгөх нь тодорхой болсон. Багцаалж хэлбэл энэ сарын 20-ны үед цалинтай ажлаа өгч цалингүй намынхаа ажилд зүтгэж эхэлнэ. Тэрбээр 2012-2016 онд “яхир” хурлын дарга байсан талаар бүгд ярьдаг. Өнөөдрийн улс төрийн энэ нөхцөл байдлыг эргэн харахад дарга шиг дарга байжээ гэж хэлж болохоор. Энэ нь өөрөө парламентын дарга ямар байх шинэ жишиг тогтоож өгсөн. 2016 оны Их хурлын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан. Гэхдээ ганц жил гайгүй сайн амарч аваад 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын тамга атгасан дарга болсон. Тэр үед олон ч хүн түүнийг янз бүрээр хэлж, Төрийн тэргүүний мэлмий сохорсныг шагшин гайхаж байсан юм. Үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар шүдгүй арслан шиг явж ирсэн. Хааяа нэг Ерөнхийлөгчийн өмнөөс хэвлэлийн бага хурал хийхээс хэтрээгүй энэ албан тушаалын чухлыг нь мэдэрч чадаагүй. Тэгвэл З.Энхболд энэ албан тушаалын зэрэг дэв ямар байдгийг сүүлийн гурван жил харуулж чадлаа. Энэ хугацаандаа УИХ, Засгийн газрыг зөв явахгүй бол хазаар бий шүү гэдгийг харуулан “хориг”-оор саарал ордны улс төрд хориг тавьж байлаа.
Тамга атгасан даргын нүүдэл, гарц шийдэл нь дараагийн дарга нарт маш том босго тогтоож өгсөн. Ирэх онд сонгууль болно. Тиймээс хэзээ нэг өдөр тэрбээр ажлаа өгөх нь тодорхой байсан. Тэгвэл дараагийн тамгын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичиг Ө.Шижир очих нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Харин одоо ноён “Зи” хаачих вэ. Мэдээж түүний нүүдэл хагарч, бутарсан Ардчилсан намаа зангидах. Тэр нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал байж болох юм. Хэрэв тийм тохиолдолд АН доторх ан цав улам цаашаа явах уу, аних уу гэдэг 50, 50 хувьтай. Ер нь Ардчилсан намынхан албан тушаал, эрх мэдэл дээр нэгдчихээд мөнгөн дээрээс болж түр тар болдог улс. 1996 он хүртэл тэд нэгнийгээ дэмжиж дээшээ гаргаж ирсэн бол түүнээс хойш дээшээ гарсан болгоныгоо нухчин дарах оролдлого хийж, ялж байсан удаатай. Ямартай ч З.Энхболдын цалинтай ажлаасаа чөлөөлөгдөх болсон нь нам дотор нь янз бүрээр яригдаж байна. Тэр чимээгүй сууна гэж байхгүй. Аяга хагалах уу, ташуур өгөх үү гэдгийг бид удахгүй харна.
З.Энхболдын суудлын асуудалтай зэрэгцээд Ардчилсан намын анхдагчид гэгддэг Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Б.Батбаяр буюу Баабар, Р.Амаржаргал, Да.Ганболд нар нэгдэн популизмын эсрэг клуб байгуулж байгаагаа зарлав. Хүмүүс ч баяр хүргээд сүйд. Эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй юм чинь хэн нь хэнтэйгээ нэгдэх нь үнэндээ падлийгүй.
Гэхдээ тэдний сонгож авсан сэдэв нь маш зөв. Популизм зөвхөн Монголын улс төрд нүүрлэсэн хатиг бус дэлхийн олон орны улс төрд бугласан идээ бээр болсон. Цаг хугацааны хувьд М.Энхсайхан 24 цаг хоригдоод гарч ирсний дараа болж байгаа учраас олны анхаарал одоохондоо тэдэн дээр төвлөрч байна. Ардчилсан хувьсгал өрнөсөн цагаан морин жилээс хойш Ардчилсан намд туг болж явсан эрхмүүд залуу үедээ зайгаа тавьж өгөх бодолгүй байгаа нь тус клубын нэгдлээс харж болно. Тэд 1990 онд 25-35 насны залуус байсан. Одоо ч улс төрөөс холдох сонирхолгүй байгаа нь клубын нэгдлээс уншигдаж байна. Одоохондоо популизмын эсрэг гэж байгаа ч сонгуулийн чимээ ойртох бүрт тэдний улс төрд хийх акц нь өөрчлөгдөнө. Ардчилсан намын мундагууд гэгдэх энэ хүмүүс М.Энхсайханыг дэнгийн гэрэл тойрч буй эрвээхий мэт бүчиж эхэллээ. Цагтаа М.Энхсайханыг Ерөнхий сайд байхад нь огцруулж байсан “товарищ”-ууд шүү дээ. Ерөнхий сайдаас эхлээд сайд, Хотын дарга, Их хурлын гишүүн явсан хүмүүс. Одоо юу дутсан юм бол. Шударга ёс, улсын хөгжил муу байна гэвэл өнгөрсөн хугацаанд Монголыг удирдахдаа тэдний хийж чадаагүйн хар гай одоо ч байна гэж ойлгож болно. Энэ эрхмүүд нэг л гэдийвэл намаа хэд ч хуваагдаж мэдэхээр хүмүүс. Тиймээс тэтгэвэртээ гарч ач, зээгээ хараад сууж байх нь тэдний хувьд хамгийн зөв сонголт байж мэднэ. 29 жилийн өмнөөс тэднийг монголчууд алдаа, оноотой нь хамт үнэлж, дүгнэж, албан тушаалд томилж ирсэн. Одоо амарцгаа.
Ардчилсан намын залуус өөрсдийгөө “амьд” гэдгийг мэдрүүлэхийн тулд янз бүрийн улс төрийн тэмцэл хийж байгааг харж байна. Яагаад энэ залуу үедээ боломж олгохгүй улс төргүй л бол үхчих гэж байгаа юм шиг аашилж байна вэ. Тус намын ахмадууд “Титэм үг”-эрхүү юм тэрлээд тэрүүхэн хавьдаа амьдрах хангалттай боломжтой, мөнгөтэй болцгоосон. Бул хар чулууны сүүдэрт байгаа Ардчилсан намыг сонгож орсон тэр залуусыг буруутгах аргагүй. Гэхдээ ах нар нь зайгаа тавьж өгөхгүй бол тэдний өмнө хаалга үргэлж хаалттай байсаар байх болно. Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл гээд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн залуу үедээ тэд боломж олголгүй байсаар 40 насны босгыг давуулсан. Одоо 50 нас руу гэлдэрч явна.
Гэтэл дараа үеийн С.Эрдэнэболд тэргүүтэй залууст мөн л боломж олдохгүй байна. Ах нар нь тэднийг үргэлж “бацаанууд” гэдэг. Хэзээ, яаж энэ нэрнээсээ салах юм бүү мэд. Тэд улс төрд мөнхийн ус уусан юм шиг байсаар боломжийг нээж өгөхгүй. Энэ хэвээр Ардчилсан нам цаашаа явбал залуу үе нь сахалтайгаа өтөлсөн “бацаан”-ууд болж үлдэнэ. Тэдэндээ боломж олго. Та нарын алдаан дээрээс суралцан, шинэ үеийн нийгмийг цогцлоох эрхийг нь үлдээ. Ард түмэн ардчилагчдыг хайрласаар өнөөдрийг хүргэсэн бол та нар залуу үеэ хайрла аа. Энэ байдлаараа таяг тулгасан хөгшид төр улсыг удирдана гээд занхайгаад сууж байж мэдэх нь.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Та нар өөрсдийгөө хэл устай ,bitls сонсдог , ер нь Монголын ард түмний дундаас тасраад гараад ирсэн элитүүд гэж бодож байга бол ёстой хуцмой Гадаад харилцааны сайд байсан Ш.Алтангэрэлийг барууны хөгжим сонсож байхад Цагдаа барьж гэнэ ингэж худлаа донгосоод хэрэггүй жулик-ууд минь Т а нар амьд тагтааны сүүлэнд цаас шатаан нисгэн тамлаж муур нохойг тамлан алж ба таваа хангаж , хөдөөний оюутнуудын тэтгэлэгийг дээрэмдэж байсан цэвдэгүүд !