Ууланд “дурласан” хүний үзэх ёстой 8 кино

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

“Уулнаас сайхан зүйл гэж байдаг бол тэр нь оргилд нь гарч үзээгүй байгаа уул юм” гэж Владимир Высоцкий дуулдаг. Үнэхээр өндөр уулын оргилд та нэг удаа гарсан бол зүрх сэтгэлээ үүрд тэнд “үлдээгээд” буцлаа гэсэн үг. Уул нурууд таныг дахин дахин даллан дуудсаар байна.

Mountain, 2017

Өндөр ууланд авирч сэтгэлийн таашаал эдэлдэг уулчдад зориулсан баримтат кино. Сайхан найрал хөгжим, чадварлаг зураг авалттай энэ кино яагаад өчүүхэн алдаа гаргахад л амь насыг авч одох асар өндөр оргил хүмүүсийн сэтгэлийг татдагийг тайлбарлана.

Everest, 2015

Эверест алдаа мадаг, харамч хахир сэтгэл, хөнгөн онгироо занг өршөөдөггүй. Гэхдээ бас уудам сэтгэл, эр зоригийг ч өршөөж байгаагүй. Энэ оргилд байгалийн хатуу хууль үйлчилнэ. Гэвч зуу, хэдэн зуун хүмүүс энэ оргилд гарах гэж зүтгэсээр л. 1996 оны хавар хашир уулчдаас гадна туршлагагүй жуулчид ч Эверестэд гарах гэж оролдсон юм.

Meru, 2015

Хашир туршлагатай гурван уулчин Хималайн нурууны Меру оргилд гарахаар явна. 6630 метр өндөртэй энэ оргилд хүрэх зам хэцүүгээрээ алдартай.

127 Hours, 2010

Ганцаараа ууланд авирч, эзгүй агуй хайх дуртай нэгэн залуугийн бодит түүх. Ээлжит  нэгэн аялал нь түүнийг яах ч аргагүй байдалд оруулна. Хаашаа явахаа хэнд ч хэлээгүй тул хэзээ ч тусламж ирэхгүй нь ойлгомжтой.

Alps 3D — Paradise of Europe, 2013

Европын хамгийн өндөр Альпийн нурууны гоо үзэсгэлэн, гайхамшгийг харуулсан баримтат кино.

The Mountain Between Us, 2017

Зан ааш огт өөр хоёр хүн онгоцны ослоос амьд үлдэнэ. Амьд үлдсэндээ баяртай ч тэд ямар ч хүнгүй цасан уулын орой дээр амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй болно.

Beyond the Edge, 2013

1953 онд Эверестэд анх гарсан Дэнзэн Норгой, Эдмунд Хиллари нарын тухай баримтат кино. Тэд 400 хүнтэй том багийн гишүүд байсан юм.

6 Below: Miracle on the Mountain, 2017

Хар тамхины асуудал, сэтгэл зүйн стресст ороод байсан нэгэн сноубордчин цасан шуурган дундуур гулгахаар шийднэ. Мэдээж төөрнө. Амьд гарахын төлөө хоол хүнсгүй олон хоног тэмцсэн Эрик Лемаркийн үнэн бодит түүх энэ бөлгөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top