Үндэсний их баяр наадам "Монголын хүүхдүүд" тоглолтоор нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өчигдөр /2019.07.08/ хүүхэд багачуудын хүсэл, мөрөөдөл, хүрэх алсын гэгээ бялхсан дуу хуур, бүжиг наадамд умбав.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт боллоо. Наадамд шалгарсан 21 аймаг есөн дүүргийн нийт 438 хүүхэд оролцож, тоглолтыг Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч, найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар найруулан дэглэв. “Монголын хүүхдүүд” урлагийн их наадам нь хоёр дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5 дахь зорилтын хүрээнд улсын хэмжээнд өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлог.

Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэхүү наадам нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын үндэсний өв уламжлал, ёс заншил, урлаг соёлтой хослуулан, хүүхдийн авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх ач холбогдолтой” гэж хэлсэн юм. Үеэс үед өвлөгдөж ирсэн соёлын өв тээгч нараа бэлтгэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү наадмын үндсэн зорилго үнэхээр биеллээ олжээ. Хүүхдүүдийн ур чадвар, тайзны соёл, урлагийн мэдрэмж өндөр түвшинд очжээ гэдгийг тасралтгүй хоёр цаг алга ташилт нижигнүүлсэн үзэгчдийн сэтгэл хөөрлөөс харж болно.
 

Язгуур урлагийн үзүүлбэрт Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн хацар нь гэрэлтсэн охид, хөвгүүд халх, буриад, торгууд, дөрвөд, захчин, үзэмчин гээд ястан ястны онцлогийг харуулсан үндэсний бүжиг бүжиж, бий биелж ёохор хатирч, тууль магтаал хайлж дуурийн театрын ноёлог дүнсгэр байдлыг бүхэлд нь “доргион” наадмыг эхлүүлэв. Хөөмий, аман хуураас эхлээд үндэсний язгуур хөгжмийн зэмсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ эгшиглэж, олон ястны язгуур өв соёлын цоморлигийг харуулахаар дэглэн найруулсан найруулагчийн нөр их хичээл зүтгэл үзүүлбэр бүрээс ханхийж байлаа. Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн бүжгийн сургууль түүний хүү Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатараар уламжлагдан, өвлөгдөж алтан тайзын ургийн хэлхээ өнө мөнхөд тасраагүй үргэлжилдэг шиг Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэг сургууль, эрмэг дайчин шинж, хурц тод хөдөлгөөн, эвлэг уран донж маяг өнөө цагийн үр хүүхдүүдэд түүчээлэгдэн өвлөгдөж буйг бахдан харах бүрийд зүрхнээс үерлэн садрах омогшлын булаг аньсага чийгтүүлэн баймой.

 

Наадмыг зохион байгуулахын тулд найруулагч болон зохион байгуулагчдын баг бүрэлдэхүүн 21 аймгаас шилдгийн шилдэг хүүхдүүдийг урлагийн төрөл бүрээр шалгаруулж авсан бөгөөд тус наадамд зургаагаас 18 насны нийт 438 хүүхэд оролцсон юм. Өнгөрөгч жилийн наадмыг “Найрамдал” цогцолбор 40 жилийн ойн хүрээндээ зохион байгуулж, арав гаруй жил тасраад байсан хүүхдийн урлагийн их наадмын бамбарыг асаасан бол хүүхдийг урлаг соёлоор дамжуулан хүмүүжүүлэх, төлөвшүүлэх зорилготой энэхүү наадамд энэ жил Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан бөгөөд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санхүүжилтийг шийдэж, дэмжиж ажилласан юм. Цаашлаад Монголын Хүүхдийн ордон энэхүү наадмыг зохион байгуулдаг болоход шийдвэр гаргах түвшнийхэн анхаарна гэдгээ мэдэгджээ. “Монголын үндэсний баяр наадмын нээлтийг “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтоор нээе гэж зориод ийнхүү зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна. Энэхүү наадам уламжлал болж, жил бүр наадамчин олны, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр байгаасай гэж хүсэж байна” гэж Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун тоглолтын дундуур яриа авахад хэлж байв.

 

“Монголын хүүхдүүд” урлагийн их наадамд Нийслэлийн сурагчид Төрийн соёрхолт Ц.Сэвжидийн дэглэлт “Хөдөө нутгийн залуус”-ын сүр жавхааг үзүүлж, Соёлын тэргүүний ажилтан Д.Энхболдын дэглэлт  “Дөрвөн уулын увдис” бүжгээр уул усны лус савдгийн дагшин, догшин дүрийг харуулсан бол Хэнтий, Дархан-Уул аймгийн авьяаслаг сурагчидСоёлын тэргүүний ажилтан О.Нарангаравын дэглэлт “Эгшиглэнт хатирьяа” буриад бүжгийн эрч хүчтэй, цоглог хэмнэлийг мэдрүүллээ. СТА Ц.Энхтүвшиний дэглэлт “Шагайн наадаан”-ыг Дорноговьчууд өргөж, Л.Түмэнцэцэгийн дэглэлт “Говийн домог”-ийг Говьсүмбэрчүүд амилуулж нутаг нутгийн зан заншил, бүжгийн арга барилыг харуулж чадлаа. Бүжиг гэдэг хэлгүй, хилгүй ойлголцдог урлаг юм. Тухайн бүжгээс үндэстэн ястны зан заншил, амьдрах ёс уламжлал, түүх, баяр гунигийг харж болно. 

 

Нүд баясгаж, сэтгэл сэргэм тод, гял цал хувцас, торго дурдан бүхий дээл өмсгөл, малгай бүс, гутал хэрэглэлээс эхлээд жижиг нарийн чимхлүүр ажиллагаа бүхэнд анхаарч ажилласан зохион байгуулагчид, багш дасгалжуулагчид, оролцогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн халуун сэтгэл, хичээл зүтгэл нүднээ бэлхэн. Хүүхэд бүрийн оролцоог хангахын тулд олныг хамарсан олон үзүүлбэр бэлджээ. Гэтэл Дуурийн театрын тайзны зай талбай багадаж, хүүхдүүд чөлөөтэй хөдөлж, бүжихэд давчуу харагдаж байлаа. Манай урлаг соёлын байгууллагаас зай талбай хамгийн боломжийн газар нь Соёлын төв өргөө гэдгийг хэн бүхэн мэднэ. Олон багш, эцэг эхчүүд энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Улсын урлаг соёлыг төлөөлсөн байгууллага улс орны хэмжээний томоохон арга хэмжээг уухайлан дэмжих нь хүүхэд багачуудад төдийгүй улс орондоо оруулж буй хувь нэмэр гэдгийг ухаарах нь зүйн хэрэг. “Соёлын төв хувийн өмч байсан бол худалдаж авч тоглох  сон, энэ чинь төрийн өмч шүү дээ" гэх үг ч халууцаж, бүгчимдсэн олны амнаас чих дэлсэж байв. Танхим дэндүү бүгчим, агааргүй байв.

 

Тоглолт үргэлжилсээр... Монголын хүүхдийн ордон, Дархан-Уул аймгийн сурагчид болон “Улаан бүч” найрал дууны хамтлаг цэнхэр, цагаан хувцсаар ижилдэн тайзыг цэцэг шиг чимээд Монгол ардын дуу “Бөмбөн цоохор морь” дууг хоороор дуулж, удирдаачийн гарын хөдөлгөөнөөр дуу нэг намсаж, нэг өндөрсөж, хоолой нэг салж, нэг нийлж найрал дууны гайхамшиг тэртээд мартагдсан хүүхэд насны минь дурсамжийг хөглөж орхилоо. Энэ мэдрэмжийг түр тайтгаруулах гэсэн мэт нийслэлийн Баянгол дүүргийн сурагч Г.Тэмүүлэн хүү хун цагаан хослолоор гангарч төгөлдөр хуур тоглож,  Бетховений “Сарны сонат”-ыг эгшиглүүлсэн бол, Дорнод аймгийн хонгорхон охид ягаахан даашинзтай бүжиж, балетын зохиомжоор ер бусын сонгодог өнгөнд умбууллаа.

 

Аргагүй л цаг хугацаа, сэтгэл зүтгэл орсон зүйл гэдэг цаанаа өөр юм. “Монголын хүүхдүүд наадмыг сүүлийн дөрвөн сар тасралтгүй бэлдсэн. 4800 орчим хүүхдээс шалгарсан эдгээр хүүхдүүд цаашлаад азийн болон олон улсын наадамд оролцоход бэлэн бүтээгдэхүүн болж чадсан. Энэхүү наадмын бэлтгэл ажилд Монголын хүүхдийн ордноос 10 багш, орон нутгаас 20-иод багш ажиллаж, эмч, тогооч, тайзны засалчид, гэрэлтүүлэгч гээд 680 гаруй хүмүүс оролцсон” гэж Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа хэллээ.

 

Уулсын орон Говь-Алтай аймгаас морин хуурын “Хишигтэн” хамтлаг “Бөртэ-Үжингийн магтаал”-ыг дуурьсгаж хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрын хөгжимчид, гутгаар байрт Сүхбаатар аймгийн "Хөх толботон" хамтлаг шалгарлаа. “Баатар Бээлийн унага” монгол ардын уртын дууг Багануур дүүргийн сурагч Б.Батчимэг шуранхайлан хадаасан бол Төрийн соёрхолт Н.Жанцанноров хөгжим “Бурхан бумбын орон” дууг Дундговь аймгийн сурагч Н.Гомбожав уянгалуулан дуулав. Ардын жүжигчин Б.Зангадын дуулснаар ард түмний сэтгэлд хоногшсон “Алтан намар” дууг

Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг аа
хэмээн Завхан аймаг болон Улаанбаатар хотын авьяаслаг сурагчид хоороороо дуулж, сэтгэлийн талаар нэг шаргал тариа халиуруулан найгууллаа. Энэхүү дууг дуулж хоолойны чадлаараа цолгорсон Завхан аймгийн сурагч Л.Бямбадорж дууны төрөлд нэгдүгээр байр эзэлсэн бол дэд байрыг Дорнод аймгийн сурагч Б.Ариунбат, гутгаар байрыг Ховд аймгийн сурагч А.Отгонням эзлэв. Бүжгийн төрөлд “Туурайн төвөргөөн дөрөөн чимээ” бүжгийг Өвөрхангай аймгийн “Ирмүүн тав” хамтлаг дөрөө харших мэт “тасхийлгэж”  тэргүүн жолоог өргүүлсэн бол дэд байрыг Говьсүмбэр аймгийн "Шивээн ганхаа" хамтлаг, гутгаар байрыг Хэнтий аймгийн "Шигтгээ" хамтлаг хүртлээ. Циркийн төрөлд Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын сурагчид тэргүүлсэн бол магтаал, уран уншлагын төрөлд Дархан-Уул аймгийн сурагч О.Ариунбаяр, гоцлол хөгжимд Баянгол дүүргийн сурагч Г.Тэмүүлэн түрүүлсэн юм.

 

Монголын хүүхдүүд Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулга” -ныг бадрангуй агаад бахдалтайгаар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал” –ийг эрч хүчтэй, эрмэг зоригтойгоор бүжиж энэхүү наадам өндөрлөв. Аадар бороо шаагих мэт танхим дүүрэн үзэгч олны баяр талархлын алга нижигнээн дунд мэхийн ёсолсоор, нүүрэндээ инээмсэглэл хийгээд багтаж ядсан омогшил бахдалын баяр гийгүүлсэн нэгэн эрхэм хүмүүн “Монголын хүүхдүүд” урлагийн их наадмыг санаачлагч, найруулагч, Төрийн соёрхолт бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар ийн хэлсэн юм. “Төрийн ёслол хүндэтгэлийн баяр цэнгэл наадмын анхны нээлтийн тоглолтыг хүүхдүүд хийнэ гэдэг тэдний хувьд насан туршдаа мартагдашгүй хамгийн том баяр баясгалан, бахархал юм. Бидэнд тусалсан Монголын хүүхдийн ордон болоод Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, эцэг эхчүүддээ талархаж байна. Монголын хүүхдүүдэд маань авьяас чадвар, гэрэлтэй ирээдүй байна, энэ хүүхдүүд дунд ирээдүйн төрийн зүтгэлтэн, урлаг соёлын гавьяатууд байгаа нь дамжиггүй” 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.86) 2019 оны 07 сарын 09

Хүүхдүүдийн тоглолтыг үзэж үнэхээр омогшиж сэтгэл хөдөлсөн. Маш сахан тоглолт болсон. Томоохон тайзтай байсан бол гэж мөрөөлөж суулаа.

0  |  0
Top