БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчиллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишанийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний баяр наадмын өдрүүдэд тохиосон энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Мөн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзахын зэрэгцээ Монголын соёл, түүх, зан заншилтай танилцаж, үндэсний их баяр наадмын нээлт болон сур, шагайн харвааг үзэж сонирхлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаньтай албан ёсны уулзалт хийх үеэрээ өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорилт шалгууртай тулгарч, хамтын хүчин чармайлтаар тэдгээрийг даван туулж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглээд, цаашид хамтын хүчин зүтгэлээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа:

-“Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл”-ийн гэрээ

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ

-Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top