Өмнөговь аймаг Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нуруунд шинээр уул уурхайн компани оруулахгүй гэсэн иргэдийн тэмцэл арав гаруй жил үргэлжилсний эцэст шүүхийн өмнө очоод мухардалд орсон билээ. Энэ хугацаанд уурхай хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байсан нь өнөөдөр байгалийн өвөрмөц тогтоц бүхий Тост, Тосон бумбын нуруунд аюул учруулаад байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, шударга үнэний төлөө тэмцэгч иргэдийн хөдөлгөөнүүд нэгдэж хууль бус уул уурхайн үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болоод ба энэ талаар сэтгүүлч Х.Мандахбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед олон нийтэд нэг эргэлзээ үүсгээд байгаа шүүмжлэлийн талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо. Та нэр бүхий ганцхан л уурхайтай тэмцээд байна. Тийм үү?
-Тийм ээ үнэн.
-Өмнөговь аймагт, тэр тусмаа Гурвантэс суманд маш олон уурхай бий. Гэтэл ганцхан уурхай руу чиглэж байгааг тань улс төрийн болон эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс тэмцэл хийж байна гэх шүүмжлэл байна. Бүр цаашлаад сонгуульд дэвших гэж байна гэх хардлага ч байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Миний бие 2020 онд аливаа улстөрийн сонгуульд нэр дэвшихгүй, төрийн албанд ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл бол эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо хадгалж үлдээх, Монгол Улсад хууль сахиулахын төлөөх хэнээс ч хараат бус, улс төр болон бизнесийн ямар нэгэн зорилго агуулаагүй иргэн хүний бие даасан ухамсарт үйл ажиллагаа юм. Тост, Тосон Бумбын байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалахын төлөө чин зүрхнээсээ, үнэн сэтгэлээсээ тэмцэж байгаа, дэмжиж байгаа иргэн бүрт талархаж буйгаа илэрхийлье. Та бидний тэмцэл дүүрэн ялалтад хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Харамсалтай нь, сүүлийн үед энэхүү шударга тэмцлийг мохоох, олон нийтийн дэмжлэгийг сааруулах зорилгоор намайг сонгуулийн пиар хийж байгаа мэтээр ойлгуулах суртал ухуулгыг ил далд хийсээр байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат бөгөөд улс төрийн намын томоохон албан тушаалтан нутгийн иргэд рүү ярьж, Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэгт оролцохгүй байхыг ятгаж, “Х.Мандахбаярын сонгуулийн пиар шүү” хэмээн гүтгэжээ. Мөн “Та нарын тэмцлийг дэмжье” гээд их хэмжээний мөнгө нэхсэн этгээд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бидний тэмцлийг харлуулах, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл хийжээ. Холбогдох хүмүүс энэхүү хууль бус, бусармаг үйлдлээ зогсоохгүй бол тодорхой баримттайгаар олон нийтэд ил тод мэдэгдэнэ гэдгийг хатуу сануулж байна. Мөн Тост, Тосон бумбыг хамгаалахын төлөөх тэмцлийг голлон зохион байгуулж буй нутгийн иргэд 2020 онд ямар нэгэн улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй, улстөрийн нам болон төрийн албанд орж ажиллахгүй байхыг уриалж байна. Цаашид байгаль хамгаалах нэрийн дор улс төрийн үйл ажиллагаа явуулахыг бид хатуу эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж байна. Тост, Тосон бумбыг бүтэн авч үлдэх тэмцэл бол нэг уурхай хаах төдий зүйл биш бөгөөд Монгол Улсад хуулийн засаглал бэхжих, шударга ёсыг сахиулах, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хариуцлагатай болгох, хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдагдахгүй байх, сэтгүүлзүйн хараат бус байдлыг дээшлүүлэх, сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг өргөхөд онцгой ач холбогдол бүхий жишиг тогтоох өргөн далайцтай үйл ажиллагаа гэдгийг ойлгох ёстой.
-Та ер нь Тост, Тосон бумбыг хамгаалах тэмцлийг хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Миний хувьд “Сауд гоби коэл транс” гэдэг компанийн үйл ажиллагааг өнөөдөр гэнэт гарч ирээд эсэргүүцээд байгаа юм биш л дээ. 2017 оны нэгдүгээр сард надад нутагтаа очиж ажиллах хэрэгцээ шаардлага гарсан. Тэр үед Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд даргаар томилогдож, нүүж очсон. Тэгээд 2017 оны гурав, дөрөвдүгээр сард нутгаа тойрсон. Ингээд тойрч явах үед Тост, Тосон бумбад шинээр уурхай нээгдэх гэж байна гэсэн болгоомжлол иргэдийн дунд байсан. Тэр үед нутгийн иргэдийн төлөөллүүд энэ нутгийг хамгаалах үйл ажиллагааг тодорхой түвшинд хийж эхэлсэн байсан.
Харин би 2017 оны гуравдугаар сард газар дээр нь очиж үзээд, өөрийн хувьцаа эзэмшдэг Зиндаа.мн сайтын зураглаач, найруулагчийг авч явсан. Ингээд бид газар дээр нь очиж “Тосон бумбын нулимс” гэдэг нэвтрүүлгийг хийсэн. Яг үнэндээ би тэмцэл хөдөлгөөн хийж мэдэхгүй. Би бол сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүний тэмцэл бол үзэг нь, нэвтрүүлэг, нийтлэл нь байдаг. Нэг талаасаа би сэтгүүлчийнхээ хувьд насаараа л тэмцсэн хүн. Өөрөө ч бичиж байсан, өрөөлийг ч бичүүлж байсан.
Өнөөдөр намайг нэг уурхайг сонгож аваад, нэг уурхайг хаахын төлөө, нэг газар нутгийг хамгаалахын төлөө явж байгаагаар нь шүүмжилж байна. Би ийм тэмцлийг яаж хийхийг үнэндээ мэдэхгүй. Гэхдээ миний толгойд юу байсан гэхээр би энэ газар нутгийг л хамгаалахгүй бол өөрийгөө Өмнөговийн хүн гэж хэлээд яах вэ, ийм сайхан байгалийг сүйтгээд уул уурхайг хөгжүүлнэ гэвэл уул уурхай ч хэрэггүй гэсэн бодол байсан. Уул уурхай бол зайлшгүй Монголын хөгжлийн шалтгаан мөн. Гэхдээ хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, энэ тодорхой хэмжээ хязгаартай байх ёстой. Тэгэхгүйгээр хүссэн болгон нь байгалийг сүйтгээд мөнгө олно гэдэг байж болохгүй гэдэг сэтгэлээр энэ асуудалд оролцсон юм.
-Таны хэлж байгаагаар 2017 оноос хойш энэ асуудалд оролцож эхэлсэн юм байна. Тэгвэл яагаад хоёр жилийн турш чимээгүй явсан юм бэ?
-2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр Тост, тосон бумбын тухай нэвтрүүлгээ цацлаа. Нэвтрүүлгээ өөрөө яваад хийчихсэн, өөрөө хөтөлчихсөн, зохиол сценариа хийчихсэн, найруулагчаар нь нэг товарищ ажиллачихсан. Ингээд нэвтрүүлэг бэлэн болсон. Телевизүүд рүү хандлаа гаргадаггүй ээ. Сүүлдээ арга ядаад телевизүүдийн үнэлгээг төлөөд гаргая гэсэн хүлээж авах хүн байдаггүй. Ингээд сошлоор цацсан. Эхний нэвтрүүлгээ цацаад би тагнуулд хилс хэргээр баригдсан хүн байхгүй юу. Хоёр сарын хугацаанд шалгагдсан. Түүнээс хойш надад дандаа л дарамттай байсан. Сүүлд нь 2017 оны наймдугаар сард ямар ч үндэслэлгүйгээр намайг барих гэж оролдсон. Хамгийн инээдтэй нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийлээ, зандалчлах гэмт хэргээр 20 жилийн ял өгнө гээд дуудсан. Гэлээ гээд би зогсоогүй юм. Тагнуул дээр хоёр сарын турш намайг шалгасан ч ямар нэг зүйл тогтоогдоогүй. Тэгэнгүүт нь цуврал нэвтрүүлгийнхээ хоёрыг цацсан. Яг энэ үед Өмнөговь аймгийн иргэд эрх ашгаа хамгаалж дээрх компанийг шүүхэд өгсөн байсан. Иргэн Л.Сүрэнхүү энэ үйл хэргийг тэргүүлж явсан. Энэ хүний ажлыг дэмжих үүднээс тухайн үед би таван зуун мянган төгрөг, иж бүрэн компьютер өгч байсан санагддаг юм. Яагаад гэвэл тэр хүн тэмцэхийн тулд бичих цаас л хэрэгтэй. Ингээд шүүхийн маргаан үүссэн учраас уурхай түр хугацаанд зогссон. Би энэ хугацаанд юунд итгэж явсан гэхээр Монголын шүүх улайм цайм хэдэн арван хууль зөрчсөн энэ асуудалд үнэн бодит байдлыг гаргаж ирж тогтооно гэж итгэж байсан. Хэрвээ та санаж байгаа бол миний эзэмшлийн Зиндаа.мн сайт болон бусад сайтууд Тост, Тосон бумбын тухай мэдээллийг байнга дэмжиж ирсэн. Дээрээс нь нутгийн иргэдийг дэмжиж өөрийн байрандаа хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээллийг хэвлэлд түгээх гэх мэт ажлуудыг зохион байгуулж байсан. Товчхондоо миний тэмцэл явж байсан гэсэн үг. Би өөрөө нүүрээрээ гараад ирэхээр одоо л илүү тод харагдаж байх шиг байна л даа. Түүнээс биш Х.Мандахбаяр гэдэг хүний тэмцэл энэ хугацаанд зогсоогүй юм. Би бол сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүнийхээ хувьд миний тэмцэл зогсоогүй юм аа.
-Тэгвэл яагаад гэнэт өөрөө гарч ирээд энэ асуудалд оролцох болов?
-2019 он гуравдугаар сарын 18-ны өдөр иргэн Л.Сүрэнхүү нар нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дагуу ялагдал хүлээсэн. Үүнийг Л.Сүрэнхүү эгчээс өөрөөс нь мэдсэн. Энэ мэдээг сонсоод би одоо л хөдлөхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд нутаг руугаа чих тавьсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу хөрсөө хуулаад эхэлж байна гэсэн. Тэгэнгүүт нь огт өөр тэмцэл хийхгүй бол болохгүй юм байна. Өмнө нь нутгийн иргэд тэмцдэг. Энд хатуу шүүмжлэл хэлмээр байна. Манай иргэд хувь хувиараа, тус тусдаа явдаг. Дээрээс нь аль нэг улс төрийн намд харьяалалтай бол намын өнцгөөс ханддаг. Ингээд нутаг орноо хамгаалах асуудлыг улстөржүүлээд байгаа нь хамгийн харамсалтай. Үүнийг би тухайн үед улс төрийн ажил хийж байхдаа л ярьж байсан. Та бодоод үз. Би аймгийн намын хорооны дэд дарга. Эрх барьж байгаа намын хорооны дэд дарга нь сангийн сайдынхаа компанийг, дээрээс нь тухайн үеийн Ерөнхий сайдын илт лоббидож байгаа тэр компанийн эсрэг дуугарна гэдэг логикгүй, улс төрийн ажилтнуудын хийж болохгүй зүйл. Тэр үед би хэлж байсан. Би хэрвээ сэтгүүлчийнхээ ажлыг хийж нутгаа хамгаалж чадахгүй юм бол надад наад ажил тань хэрэггүй гэж хэлээд намын зарим нөхөдтэйгөө муудалцаад хаалга саваад гарч байлаа. Яагаад би үүнийг ярьж байна гэхээр би нэг их мундагтаа хэлж байгаа юм биш. Ерөөсөө хүний үзэл санаа, бодол нэг чигч байх ёстой. Хэлсэн ярьсандаа байх ёстой. Хувиршгүй байх ёстой. Ингэж байж аливаа зүйлсийн ард гарна. Ний нуугүй хэлэхэд гайгүй үр дүн гараад эхлэнгүүт энэ асуудлыг өмчилж эхэлж байна. Хэн шийдүүлэх нь гол биш юм аа. Иргэн Х.Мандахбаяр, иргэн Дорж шийдүүлэх нь ерөөсөө сонин биш. Асуудлыг шийдвэрлэх нь гол юм. Тэгэхээр энэ асуудалд нэгдээч ээ гэж би дахин дахин уриалж байгаа. Тэгэхгүйгээр Тосон бумбыг хэн хамгаалах вэ гэдэг марафон руу бид явчхаад байна. Энэ нь өөрөө асуудлыг шийдэх боломжийг үгүй болгож байгаа юм. Үүнийг л энэ зүйлийн төлөө тэмцэж байгаа эрхэм нөхдүүд минь илүү бодоосой. Улс төрийн өнцгөөс хэзээ ч битгий хар. Хэрвээ улс төрийн өнцгөөс харж тэмцэж байгаа бол бүр тэмцэхгүй байсан нь дээр. Яагаад гэвэл шийдэх процессыг удаашруулж байгаа байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд, орон нутгийг сүйтгэж байгаль дэлхийг сэндийчиж байгаа нөхдүүд бол аймшигтай юм хийж байгаа. Хэдэн үеэрээ, үр хүүхдээрээ дааж давшгүй ял үүрэх юм хийж байгаа. Харин энэ асуудлыг бодитоор нь шийдүүлэх, жинхэнэ утгаар нь нутгаа хамгаалахын төлөө явахгүйгээр ямар нэгэн байдлаар, бизнес хийх, шантааж хийх, улс төр хийх зорилготой явж байгаа бол бурхан бас харж байгаа шүү дээ. Тэр ухаж байгаа хулгайчаас илүү хулгайч байхгүй юу. Асуудалд дөрөөлж сэтгэл санаагаараа нүгэл үйлдэж байна гэсэн үг. Уул ус, нутаг орон, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалъя гэсэн чин сэтгэл байхгүйгээр зүгээр улс төр хийж оноо авах гэж байгаа хүн бол ухаж байгаа Б.Чойжилсүрэнгээсээ ч илүү нүгэлтэн.
-Өмнө нь 2017 онд Тост, Тосон бумбад өөрийн биеэр очиж нэвтрүүлэг хийж байсан. Хоёр жилийн дараа мөн өөрөө очсон. Энэ хугацаанд Тосон бумба хэрхэн өөрчлөгдсөн байна. Өмнө таныг очих үед ямар байсан бэ?
-Намайг очих үед нэг шанага шороо ч аваагүй байсан юм. Өөрөөр хэлбэл Тосон бумба бүтэн байсан гэсэн үг. Сая очих үед өөр байсан. Та ч өөрийн нүдээр харсан. Гуравхан сарын дотор гурван том ам гаргаад ухчихсан байсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, энэ уурхайг 2018 оны арванхоёрдугаар сараас ухаж эхэлсэн гэсэн ийм мэдээлэл байна. Бүр цаашлаад шинэ жилийн өмнө “Сауд гоби коэл транс” компани улсын хилээр нүүрс гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ үед нутгийн удирдлагууд хаана явсан юм бэ гэж үнэхээр гайхаж байгаа. Хараа хяналт гэж юм байдаггүй юм уу.
-2018 оны арванхоёрдугаар сар гэхэд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байсан үе байна шүү дээ?
-Эндээс юу харагдаж байна гэхээр шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэж байсан гэсэн үг. Тийм учраас аль хэдийн ухаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хууль зөрчиж ухсан нэгдүгээрт энэ.
Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр өөрийнх нь талд гарахыг мэдээд ухаж эхэлсэн. Ийм л даварсан, дарангуйлсан зүйл яваад байгаа учраас нутгийн иргэд бухимдаж байгаа шүү дээ. Хэн байх нь хамаагүй. Хэрвээ энэ уурхайг хамгаалж байгаа, хаацайлж байгаа тэр хүн бол иргэдийн эрх ашгийн эсрэг дайсан гэж хэлнэ.
-Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Ямар зорилгоор хэлэлцүүлэг хийж байгаа юм бэ?
-Тост, Тосон бумбын тухай ойлголтын зөрүү маш их байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа. Үүнийг чин шударгаар бодит баримтад тулгуурлан тайлбарлаж байгаа маш олон хүн бий. Гэхдээ уурхайн зүгээс хэвлэлд, соошлд мөнгө төлөөд бодит байдлыг гуйвуулан тархи угааж байгаа, үнэний төлөө явсан хүмүүсийг шантаажилж байгаа гэх мэт зүсэн зүйлийн бусармаг үйлдлүүд гарч байна. Энэ янзаараа яваад л байвал асуудал хэзээ ч шийдэгдэхгүй юм байна. Х.Мандахбаяр тэмцсээр л явах юм байна. Нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүд тэмцсээр л байна. Гэхдээ нөгөө талд уурхай явсаар л байх юм байна. Тийм учраас бүгдээрээ нэг дор цуглая. Хэрвээ Х.Мандахбаяр худлаа яриад байгаа юм бол компанийнхан нотлооч. Тэгээд орон нутгийн удирдлага өөрөө юу гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүд юу гэж үзэж байгаа юм, иргэний хөдөлгөөнүүд юу гэж үзэж байгаа юм. Нэг дор цуглаад хэлэлцэх хэрэгтэй. Бид хэлэлцүүлгийг Төрийн ордонд нэг удаа зохион байгуулах гэж байсан ч оролцох хүсэлтэй орон нутгийн иргэдийн тоо 200 давсан. Тийм учраас нутгийн иргэдийг аль болох тэгш хамруулах зорилгоор эхний хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт хийж байгаа юм. Иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх, тэдний үгийг сонсох, ерөөсөө л хуваагдаад талцаад байгаа асуудалд цэг тавья гэж зорьж байгаа. Зөв нь зөвөөрөө, худал нь худлаараа гараад ирнэ шүү дээ. Хэрвээ Х.Мандахбаяр худлаа яриад байгаа юм бол би гүтгэсэндээ хариуцлага хүлээнэ шүү дээ. Миний гүтгэсэн гэдэг нь баримтаар нотлогдох ёстой шүү дээ. Хэрвээ би хүн гүтгээгүй юм бол тэр уурхай хууль зөрчсөн байна шүү дээ. Мэргэжлийн хяналт хууль зөрчсөнийг нь тогтоосон байна. Хууль зөрчсөн юм бол яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа юм бэ гэдэг л асуудлыг гаргаж тавьж байгаа шүү дээ.
-Тэгвэл энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна?
-Би сэтгүүлчийнхээ хувьд, тодорхой хэмжээнд хууль гадарлаж байгаа иргэний хувьд энэ уурхайг хэзээ ч байж болохгүй зүйл гэдгийг мэдэж байна. Ингэж олон хуулийг зөрчөөд, энэ олон хүнийг зовоогоод, хэдэн хүний амь нас яригдаж байгаа бузар булай хүмүүстэй хүн ойртохыг хүсдэггүй юм. Одоо соошлд байгаа комментуудыг хараарай. Иргэдийн 99 хувь нь үнэний талд байгаа. Яагаад энийг харахгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө гээд бичээд байгаа биз дээ. Тэгэхэд яагаад энийг олж харахгүй байгаа юм. Тэгэхээр би энэ хэлэлцүүлгийн дараа төрийн мэлмий нээгдэх байх л гэж харж байгаа. Миний бодлоор их өндөр түвшинд байгаа хүмүүст мэдээлэл шууд хүрдэггүй юм байна. Тэгэхээр хоёрдугаар шатны хэлэлцүүлгээр бүх мэдээллийг ил болгоно. Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллага иргэний хөдөлгөөн, иргэдийн буруу юм бол бид зогсох ёстой. Тийм биз, бид хууль зөрчиж болохгүй. Хэрвээ энэ хүмүүсийн ярьж байгаа асуудал зөв юм бол энэ уурхайд хууль зөрчсөн бусармаг үйлдэл байгаа юм бол уурхай зогсох ёстой. Энэ хоёрын аль нэг нь зогсох ёстой шүү дээ. Энэ хоёрыг ингээд л талцуулаад яваа нь нэг талаас төрийн буруу гэж хэлэх гээд байгаа юм. Тийм учраас энэ хэлэлцүүлгийн дараа хэн нэг нь зогсох ёстой.
-Уурхайн хууль бус ажиллагааг бүрмөсөн зогсоох, Тост, Тосон бумбыг бүтэн авч үлдэх найдвар байгаа болов уу? Та юу гэж харж байгаа вэ?
-Сүртэй сонсогдож магадгүй. Намайг шоудлаа, шантаажиллаа гэж байгаа. Хувь хүний түр зуурын нэр хоч, түр зуурын зовлон бэрхшээл бол яахав. Эцсийн эцэст энэ асуудлын ард бүтэн гарах нь л өнөөдрийн зорилго. Энэ асуудлыг шийдэхийн төлөө би юугаа ч хайрлахгүй. Амиа ч хайрлахгүй, надаас алдаж болох юу байдаг юм хайрлахгүй. Би үүнийг уул усандаа, эцэг өвгөдийнхөө сүнс сүлдэнд амласан. Тийм учраас энэ асуудлын ард хуулийн дагуу гарна гэж итгэж байгаа.
-Та яагаад ганцхан “Сауд гоби коэл транс” компанийн эсрэг ажиллаад байгаа юм бэ? Үүнтэй холбоотой дарамт шахалт олноор ирж байгаа. Энэ асуудлыг шийдвэр гаргагч нарт үлдээгээд орхичихож болдоггүй юм уу?
-Та ярилцлагын эхэнд асуусан. Ганцхан уурхайг хаах гээд яагаад тэмцээд байна, бусад руу нь яагаад дайрахгүй байна вэ гэдэг. Соошлд миний эсрэг явж байгаа мэдээллээс үүдээд сэтгүүлч танд ч эргэлзээ байгаа юм байна. Энэ тэмцэл бол ганц уурхайг хаалгах тухай асуудал биш. Яг одоо би Тост, Тосон бумбыг хамгаалахаас бусад өөр зүйлд ерөөсөө хүч зарцуулахгүй байна. Ганц зүйлд төвлөрч, бүх хүчээ энд хаяж байж шийдүүлэх ёстой. Миний нутгийг ухаж, хууль зөрчиж байгаа олон уурхайг харж байгаа. Хэрвээ Тост, Тосон бумбад шинээр гарч ирж байгаа хууль бус энэ уурхайг зогсоож чадах юм бол бусадтай нь хуулийн дагуу харьцаж чадна л гэсэн үг. Энийг хуулийн дагуу шийдэж чадахгүй л юм бол Монгол Улсад хууль гэж байхгүй. Миний нутагт ирээдүй байхгүй юм байна. Тэгж яривал энэ эх оронд чинь ирээдүй байгаа юм уу. Би ингэж бодоход хүрлээ. Тийм учраас ийм хуульгүй, ийм засаглалгүй, шударга ёс байхгүй нийгэмд бид үр хүүхдээ үлдээгээд ч яах юм. Тийм биз дээ. Тийм учраас би эцсээ хүртэл явна. Нуулгүй хэлэхэд, маш олон удаа намайг ална гэж заналхийлж байгаа, гэр бүл рүү минь халдаж байгаа, маш олон найз нөхөр гэж явсан хүмүүс урваж миний эсрэг ажиллаж байгаа. Маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага худалдагдахыг өөрийн нүдээр харж байна. Нэг талдаа энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч худалдагдахгүй байх томоохон шалгуур болж байгаа. Хэрвээ сэтгүүлчийн хувьд би шударга ёсны талд хатуу зогсож чадвал сэтгүүлч мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж чадна гэж бодож байна.
-Өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр таны бие их муу харагдаж байсан. Одоо таны биеийн байдал ямар байна вэ?
-Хувь хүний хувьд би өвчин яриад байдаггүй хүн. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй гэнэт бие өвдөж, дуугарч чадахгүй, толгойгоо өргөж дийлэхгүй болсон. Эмнэлэгт хэвтээд шинжилгээ өгөхөд цус харвалтын байдалтай гэсэн онош хэлсэн. Илүү нарийн тодорхой зүйл гараагүй. Би яг үнэндээ тэр биологич залуугийн амь насыг ямар нэгэн байдлаар хөнөөчихсөн юм байна гэдэгт эргэлзэхгүй болсон. Би их шүтлэгтэй хүн. Энэ байдлыг өөрийн бие дээр бүгдийг ухаарч ойлгож байна. Тийм учраас би өөртөө илүү хатуу шаардлага тавих болсон. Би өөрийнхөө сүнсэнд, өвгөдийнхөө сүнсэнд, уул ус, лус савдагтаа тангараг өргөсөн. Миний энэ тэмцлийг хэн ч зогсоохгүй. Намайг хэн ч худалдаж авч чадахгүй. Асуудлыг эцэслэн шийдүүлэх хүртэл бүх хүчээ дайчлан ажиллана гэж тангараг өргөсөн. Энэ үйлсэд хамт яваа иргэдийг, иргэдийн хөдөлгөөнийг яг энэ үзэл бодлоор явж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
-Хэрвээ хэлэлцүүлгээр асуудал нэг талдаа гарч шийдэгдэхгүй бол цаашид хэрхэх вэ?
-Хэрвээ асуудал шийдэгдэхгүй бол ёстой дараагийн арга хэмжээг авч эхэлнэ. Асуудлыг нэг талд шийдтэл жагсаал цуглаан зохион байгуулна. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, МХЕГ, УИХ-д шаардлага хүргүүлж жагсана. Хэрвээ жагсаал цуглаан зохион байгуулаад эд нар иргэдийг нохой хуцсан чинээ тоодоггүй юм бол өлсгөлөн зарлана. Хамгийн эцсийн сонголт бол өлсгөлөн зарлах. Энэ асуудал шийдэгдэхгүй л юм бол бидэнд өөр зам үлдэхгүй.
-Би тантай хамт ажилладаг. Таны энэ үйлдлийг хүмүүс янз бүрээр л хардаг байх. Миний хувьд таныг шударга үнэний төлөө сэтгүүлчийнхээ хувьд тэмцэж байгаа гэж ойлгодог. Гэтэл та одоо өлсгөлөн зарлана, жагсаал цуглаан хийнэ гэх юм. Энэ үйлдэл тань сэтгүүлчийн ажлаас хальсан зүйл биш үү? Ямар нэг шийдэл байх ёстой юм биш үү. Эсвэл зүгээр л тэмцээд байх нь тийм сонирхолтой байгаа хэрэг үү. Таны шийдэл юу юм бэ?
-Та их хатуу асуулаа. Би тэгвэл хатуу хариулъя. Энэ асуудлын шийдэл бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний танхимд байгаа. Энэ асуудал байна шүү дээ, Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын асуудал мөн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын асуудал мөн, Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн асуудал мөн. Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүү гэдэг хүний асуудал мөн. Энэ хүмүүс асуудлыг хамтраад шийдчих хэрэгтэй. Засгийн газарт асуудлыг оруулаад ирэхэд энэ хүмүүсийн 51 хувь нь эх оронч хүмүүс байгаа байлгүй дээ. Би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ёсны төлөө зогсож байгаа гэдэгт бүрэн итгэдэг. Хамгийн гол нь энэ хүнд мэдээлэл нь бүрэн очихгүй байна гэж бодож байгаа.
Тийм учраас мэдээллийг гүйцэд хүргэвэл энэ хүн шударга ёсны алхаа цохино гэж бодож байна. Тийм учраас тэр хүнд л мэдээлэл хүргэхийг хүсэж байна. Миний хийж чадах юм энэ л байна. Хэрвээ мэдээллийг аваад шийдэхгүй бол энд асуудал байна гэсэн үг. Тийм биз. Мэдээллийг хангалттай түвшинд аваад шийдэх байх гэж бодож байна. Өөр хэн ч биш. Шүүх биш, УИХ , прокурор, цагдаа, ерөнхийлөгч биш. Эсвэл дээр миний нэрлэсэн аль нэг яамд ч биш. Уг нь аль алинд нь хаах эрх байгаа. Хуулийн хүрээнд шийдэх боломж аль алинд нь байгаа. Гэхдээ тэд ажлаа хийхгүй байна шүү дээ. Бид харлаа шүү дээ. Байгаль орчны яам хууль зөрчсөн үйлдлүүдийг мэдэж байгаа. Уул уурхайн сайд нь ч мэдэж байгаа. Мэргэжлийн хяналтын газар нь яваад өөрсдөө 31 зүйлээр хууль зөрчсөн гэдгийг тогтоочихсон. Тэгэхдээ энэ хүмүүс ажлаа хийхгүй байгаа биз. Ингээд ганцхан хүнд л итгэл найдвар үлдэж байгаа. Энэ хүн л хийж чадна. Тэгэхээр шийдэл бол энэ. Би сэтгэл хөөрөөд ч юм уу, нэг их тэмцэгч харагдах гээд ч юм уу, өлсгөлөн зарлаж үзсэн хүн шиг амархан юм ярьж байгаа юм биш ээ. Мэдээж амь насаа эрсдэлд оруулна гэдэг хэн хүний хүсээд байх зүйл биш шүү дээ. Гэхдээ ингэхээс өөр арга алга.
Сэтгэгдэл ( 4 )
Мандахбаярын тэмцэл зев ее! Шудрага уйлсэд нь амжилт хусье!Бодит мэдээлэлд ЕС Хурэлсухийн ЗГ унэн зев шуурхай шийдвэр гаргаж Монгол улсын ЭрхАшиг хангагдана гэдэгт итгэж болно оо!!!
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Энэ ХУЛГАЙЧ Ирэх ЖИЛ СОНГУУЛЬ ДӨХӨӨЛ ИРЭХЭЭР ӨМНӨГОВЬЧУУД НАМАЙГ ДЭВШЭЭЧ ГЭЖ ГУЙГААД БИ ДЭВШИХЭЭР БОЛЛОО ГЭЖ ХЭЛЭЭД ЯВНА ТЭГЭЭД ТАЛ ХАРВААД АМЬДРАЛ НЬ ДУУСАН
өмхий муу лалар мандахбаярын сэтгүүлч гэж хаашаа харсан юм байдаг юм бэ. ганц мэдээ ч бичиж чадахгүй муу баас шүү дээ. сэтгүүлчдийн байгууллагын тэргүүн болоод тэр сайхан байгууллагыг шорооотой хутгасан муу адгуус. өмнөговийн намын дэд даргаа ч олигтой хийж чадаагүй муу нохой. одоо тэгээд бусдыг шантаажилж хоолоо олж идэхээр хатуу шийджээ. чи үхсэн нь дээр дээ. муу авгай солигч банзал гичий