Б.Дэжид: Тост, Тосон бумбын нуруу хүнээр жишвэл хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тост, Тосон бумба” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид одоо илтгэл тавьж байна. 

Тэрбээр "Надад эрх мэдэл, тамга байхгүй. Би нутаг орноо хамгаалахын төлөө л явдаг. Тост, Тосон бумбын нуруу хүнээр жишвэл хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байна. Тиймээс Засгийн газар үүнд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Тост, Тосон бумбыг бүхэлд нь хамгаалж авч үлдэх хэрэгтэй байна. “Сауд гоби коал транс” компани хуулийн дагуу ажиллаж байгаа бол би юм ярихгүй. “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйлдлүүд хайгуулын лицензээс эхлээд яригддаг.

Анх “Айвенхоy майнз” компани лиценз аваад “Саусгоби сэндс” гээд охин компани байгуулаад Гурвантэс суманд байх бүх лицензээ өгсөн. Тэднийд энэ лиценз байж байгаад хугацаа нь дуусаад хоёр жил болсны дараа Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөг төлж байгаад лицензийнхээ хугацааг сунгуулаад дараа нь “Сауд гоби коэл транс” компанид зарсан байдаг. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Энэ бүх зүйл бол баримтад тулгуурласан мэдээлэл. Ямар нэг зүйлийг нотлох баримтгүйгээр ярьж болохгүй. Тэдний лицензийн хугацаа дуусаад хоёр жил болж байхад нь Ашигт малтмалын газраас “Ямар нэгэн илүү үйлчилгээ авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч болно” гэсэн журам гаргасан. Ийм журам гарангуут хугацаа нь дууссан лиценз дээрээ ашиглаад хоёр сая төгрөг төлөөд авчихсан байдаг. Тэгэхээр энэ лицензийн хугацаа аль хоёр жилийн өмнө дууссан байсан учраас энэ журамд хамаагүй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Миний хувьд 2012 онд Гурвантэс сумын ИТХ-ын даргаар сонгогдоод энэ асуудалд идэвхтэй анхаарал хандуулж эхэлсэн.

2010 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Үүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах эрх нь тэргүүлэгчдийн биш хуралдаанд байдаг учраас дараа нь Ашигт малтмалын газраас хуульд нийцүүлж хуралдааны бүрэн эрхийг тэргүүлэгчид хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр Тостын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хаслаа гэдэг мэдэгдэл 2014 онд ирсэн. Түүний дагуу 2014 оны дөрөвдүгээр сард ээлжит бус хуралдаан зарласан. Гэтэл Тост, тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хуралдах байсан боловч хэлэлцэх асуудлыг хойшлуулж, МАН-аас Б.Дэжидийг ажлаас халах тухай санал оруулж ирсэн. Тэр өдөр намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Гэсэн ч чадах чинээгээрээ хэлэлцэж байгаад Тост, Тосон бумбыг тусгай хэрэгцээнд авах тогтоолоо гаргуулж чадсан. Үүний дараа би шүүхэд хандаад хууль бусаар халагдсан нь тогтоогдож эргээд хагас жилийн дараа ажилдаа орсон.

Эргээд “Сауд гоби коал транс” компани шүүхдээд Дээд шүүх дээр энэ тогтоолыг хүчин төгөлдөр авч үлдсэн. Ашиглалтын лиценз авахад байгаль орчны ерөнхий үнэлгээ батлагдах ёстой. Ерөнхий үнэлгээ батлагдаж байж ашиглалтын лиценз авах ёстой. Ерөнхий үнэлгээ батлагдаж байж сумын засаг дарга нь Байгаль орчны яаманд энэ төслийг дэмжиж байна гэсэн албан бичиг хүргүүлж байж батлагдах ёстой. Гэвч сумын Засаг даргаас тийм бичиг явуулаагүй. Харин уурхайд явуулсан бичгийг яам хүлээж аваад ерөнхий үнэлгээг нь батлуулчихсан. Тэгэхээр Байгаль орчны яам өөрт нь хаягласан албан бичгийг үндэслэж, үнэлгээ батлах ёстой болохоос сум болон компани хоорондын харилцсан бичгийг үндэслэсэн нь хууль бус үйлдэл байдаг” гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

 ШУУД ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
888(66.181.161.34) 2019 оны 08 сарын 01

Дэмжиж бн. Хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн бүх албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

3  |  0
Top