Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрсний олборлолт явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй олон талаар хууль зөрчсөн гэж үзэж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн тэмцсэний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дээрх компанийн “Баянтэс” уурхайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Уг ажлын хэсэг нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин сүйдэж буй эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар наймдугаар сарын 4-нд газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулсан ба үүндээ үндэслэн дүгнэлт гаргах үүрэгтэй байв.
Гэвч тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан албаны төлөөллүүд нь “Сауд гоби коал транс” компанид зөвшөөрөл олгох үйл явцад оролцсон, өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байсан. Мөн газар дээрх шалгалтыг хангалтгүй хийсэн зэрэг үндэслэлээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс өчигдөр БОАЖЯ-ны гадна мэдээлэл хийж, Ажлын хэсгийг дахин байгуулах шаардлагыг тавьлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаагүй хүн шалгалт явуулахад оролцсон, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг үндэслэлээр Ажлын хэсгийг татан буулгах тухай шаардлагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүргүүллээ. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж дүгнэлт гаргах ёстой байсан ч хурлаа хойшлуулжээ.
Иргэдийг болон энэ талаар тодруулж, мэдээлэл авах гэсэн сэтгүүлчдийг БОАЖЯ руу нэвтрүүлэх боломжгүй гэсэн тул Гурвантэс сумын иргэд яамны гадна Ажлын хэсгийнхэнд шаардлагаа хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэр ТББ-ынхан болон иргэдийн байр суурийг сонслоо.
ГУРВАН ТЭС СУМЫН ИРГЭН Б.ДЭЖИД:
АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААЖ, ДАХИН ШИНЭЭР БАЙГУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА
-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2019 оны долоодугаар сарын 22-нд А367 гэсэн тушаалаар Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа “Саус гоби коэл транс” компанид хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг томилсон тушаал гаргасан. Тушаалын дагуу наймдугаар сарын 4-нд ажлын хэсэг Гурван тэс суманд очиж ажилласан. Ингэхдээ нэг өдрийн талд нь л ажиллаад эргэж ирсэн. Өнөөдөр энэ Ажлын хэсгийн хуралтай гэхээр нь би зориуд энд ирж, мэдээлэл хийж байгаа юм. Гэтэл намайг хэвлэлийн бага хурал зарласнаар Ажлын хэсгээ хуралдуулахгүй, хойшлуулчих шиг боллоо. Ажлын хэсгийг бид ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас энэ Ажлын хэсгийг тараах үндэслэл бүхий шаардлагыг БОАЖ-ын сайдад хүргүүлэхээр ирээд байна.
Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн усны мэргэжилтэн н.Чинзориг гэж хүн ажлын хэсэгт орсон байсан. Гэтэл энэ хүн яваагүй. Ажлын хэсэгт ороогүй өөр хүн тэнд очиж, дүгнэлт хийсэн. Ажлын хэсэгт ороогүй хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн гэх мэт хууль зөрчсөн явдал удаа дараа гарлаа. Үүнээс дүгнэхэд энэ Ажлын хэсгийнхэн Тост, Тосон бумбын хэлэлцүүлэг болохоос өмнө ажилласан дүр үзүүлж, уурхайн талд дүгнэлт гаргах санаатай байсан гэж бид үзэж байгаа. Тэдний шалгалт хийсэн явцад эргэлзэж, үнэн бодит дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байгаа учир Ажлын хэсгийг тарааж, дахин шинээр байгуулахыг шаардаж байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүргүүлж байгаа шаардлагад одоо байгаа Ажлын хэсгийг тараах, Ажлын хэсгийг шинээр дахин байгуулахыг тодорхой үндэслэл, баримттайгаар тусгасан.
Шинээр Ажлын хэсэг байгуулахдаа байгаль орчин бохирдохын зэрэгцээгээр хүний эрх ашиг хөндөгдөж, амьдрах орчин бохирдсон, эрүүл мэндээрээ хохирч байгаа зэргийг харгалзан үзэж, нутгийн иргэдийн төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөл оруулж, олон талын оролцоог хангах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Наймдугаар сарын 9-нд Төрийн ордонд "Тост, Тосон бумба" хэлэлцүүлэг болно. Энэ хэлэлцүүлэг дээр ашиг сонирхлын зөрчилтэй Ажлын хэсгийн дүгнэлт, мэдэгдлийг танилцуулбал хүлээж авахгүй. Учир нь уурхайн талд үйлчилсэн Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулагдах нь тодорхой.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль хамгаалах үүрэгтэй. Гэтэл одоогийн яам байгаль хамгаалах бус, эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг бид удаа дараа хөндөж байна.
Н.Цэрэнбат сайдын байгуулсан Ажлын хэсэг сая Өмнөговьд нүд хуурсан байдлаар ажиллаад ирсэн шүү. Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны үнэлгээнийхээ хуулийг баримталж, хууль зөрчсөн үйлдлүүдийг бүртгэж аваад, "Сауд гоби коэл транс" компанийн байгаль орчинд нөлөөлсөн үнэлгээг цуцлах байтал өөр шийдвэр гаргаж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ маш ноцтой асуудал.
Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт хэвлэл мэдээлэл болоод иргэдийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.
"БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА" ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР:
АЖЛЫН ХЭСЭГТ БАГТСАН ТӨЛӨӨЛЛҮҮД НЬ “САУД ГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ ЯВЦАД ОРОЛЦСОН ХҮМҮҮС БАЙНА
-Та бүхэн асуудлыг мэдэж байгаа. Сэтгүүлчдийг БОАЖЯ руу оруулах боломжгүй гэж байгаа учир Ажлын хэсгийн даргыг гарч ирэхийг хүлээж байна. Тэр хооронд та бүхний сонирхсон асуултад хариулт өгье.
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", "Эрс шинэчлэл" хөдөлгөөн зэрэг ТББ, Иргэний нийгмийн бусад байгууллагууд шаардлага хүргүүлж, удаа дараа шаардсаны үндсэн дээр Тост, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байгаа "Сауд гоби коэл транс" компанийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. "Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат бид хоёр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр нартай Ажлын хэсэг байгуулагдсаны дараа уулзсан. Тэдний зүгээс шалгалт явуулж байгаа нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, шалгалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу Ажлын хэсэг шалгалт хийх болсон тухай мэдээллийг л бид түгээсэн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргээгүй. Гэтэл Ажлын хэсгийг газар дээр нь очиж ажилласан цагаас эхлээд Ажлын хэсэгт багтсан Уул уурхайн яамны газрын дарга, Ажлын хэсэгт огт багтаагүй Шинжлэх ухааны академийн ажилтан зэрэг хүмүүс хэвлэл мэдээлэлд андуу ташаа мэдээлэл тарааж эхэлсэн. Хувь хүнийхээ өөрийн бодлыг Ажлын хэсгийн дүгнэлт маягаар хэвлэлд ярьсан. Энэ мэт олон зүйлээс үндэслэн энэ Ажлын хэсгийг хууль бус гэж үзэж байна.
Төрийн байгууллагаас Ажлын хэсэг байгуулахдаа хараат бусаар бүрдүүлж, хараат бусаар ажиллуулах ёстой. Харамсалтай нь, "Сауд гоби коэл транс" компанийг шалгах Ажлын хэсэгт Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд орсон. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй ээ.
Тухайлбал,
"Сауд гоби коэл транс" компанийн Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг баталсан Д.Тэмүүлин гэж хүн энэ Ажлын хэсэгт орсон. Гэтэл тэр нарийвчилсан үнэлгээг Прокурорын байгууллагаас хууль бус баримтад үндэслэсэн үнэлгээ гэж үзсэн. Хууль бус баримтад үндэслэсэн юм бол тэр үнэлгээ өөрөө хууль бус гэсэн үг. Тэрийг баталсан, өмгөөлж хамгаалж байсан ахлах мэргэжилтэн энэ Ажлын хэсэгт багтсан. Нөгөөтэйгүүр, "Одоо байгаа уурхайн эзэмшил газар нь хуулиар хамгаалагдсан ой, усны сан бүхий газартай давхцаагүй" гэж ямар ч судалгаагүй, газар дээр нь шалгаж нягталсан зүйлгүйгээр дүгнэлт гаргасан тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Батзаяа гэж хүн энэ Ажлын хэсэгт багтсан. Энэ хүмүүс уурхайг шалгах гэж явах уу, хамгаалах гэж явах уу?
Дээр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон Газрын дарга газар дээрээс нь шууд "Уурхайн үйл ажиллагаа маш сайн явагдаж байна" гэсэн утга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд Ажлын хэсгийнхний хажууд өгсөн. Үүн дээр хэн ч хариуцлага ярьсангүй. Нутгийн иргэд ширгэсэн булаг шандыг үзүүлье гэсэн. Дуртай, дургүй нэг газар очсон. Нутгийн иргэд мэдээлэл өгье гэхээр уулзахгүй, уурхайнхантай яваад өгчихсөн. Үндсэндээ БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяраас бусад нь Ажлын хэсэгт багтсан ТББ-ын төлөөллийг үл тоомсорлож харьцсан.
Бид Ажлын хэсэгт багтсанаар наймдугаар сарын 4-нд Улаанбаатар хотоос гарч, Гурван тэс суманд очиж хоносон. Гэтэл тэнд уурхайг шалгах гэж очсон Ажлын хэсгийнхэн маань уурхайн амралтын газарт хуваагдаж хоносон. Нөхцөл байдал ийм л байна. Дээр нь Ажлын хэсэгт багтсан хүмүүс маргааш нь 11.00 цаг болж байхад шалгах газар дээрээ очсон. Оройн 20.00 цаг хүртэл шалгалт хийсэн нэртэй тэнд ажилласан. Энэ хугацаандаа нэг ч удаа Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан хийгээгүй. Ажлын хэсгийн төлөвлөгөө гэдэг зүйл гаргаагүй. Уг нь Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа л юм бол тодорхой стандарт, хуулийн хүрээнд төлөвлөгөөгөө батлах ёстой. Түүнийхээ дагуу явах ёстой.
Анхнаасаа энэ Ажлын хэсэг ямар ч хууль тогтоомж, дүрэм журам Монгол Улсад огт хамаагүй юм шиг байдлаар аашилж байна. Тиймээс бид БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хууль зөрчсөн, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, илт ашиг сонирхлын зөрчилтэй дээрх Ажлын хэсгийг татан буулгахыг шаардаж байгаа юм.
Түүнчлэн Ажлын хэсгийн нэрийг барьж, тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан ямар ч дүгнэлт, мэдээллийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Төрийн байгууллагын бүх түвшинд хууль бус Ажлын хэсгийн дүгнэлт, мэдээллийг эх сурвалж болгохгүй. Үйл ажиллагаа, шийдвэртээ үндэслэл болгохгүй байхыг тусгасан шаардлагыг бид хүргүүлж байна.
Үүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлж байгаа. Шаардлагын утгатай адилхан. Энэ хууль бус Ажлын хэсгийг татан буулгах, эсвэл татан буулгах чиглэл өгч ажиллахыг хүссэн. Хоёрдугаарт, дээрх Ажлын хэсгээс гаргасан ямарваа нэг мэдээллийг эх сурвалж болгохгүй, шийдвэрт үндэс болгохгүй байхыг хүсэж байгаа юм. Мөн бүх шатны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар оруулсан Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг өөрөө ахалж ажиллаач ээ гэсэн хүсэлтийг хүргүүлж байна.
Нэг зүйлийг энд хэлэх нь зөв байх. Хэвлэлээр биднийг гүтгэн доромжилсон, Тосон бумбын төлөөх энэ үйл ажиллагааг мохоож, гуйвуулах гэсэн оролдлого маш их явж байна. Зохион байгуулалттайгаар. Тиймээс хэвлэл, мэдээллийнхэн болон иргэдийг санаатайгаар мушгин гуйвуулсан худал мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна.
Нөгөөдөр буюу наймдугаар сарын 9-нд Төрийн ордонд "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд энэхүү үндэсний хэлэлцүүлгийг Иргэний танхимаас шууд дамжуулан хүргэнэ. Үүнийг та бүхэн үзэж, иргэн бүр өөрсдийн дүгнэлтийг гаргаасай гэж хүсэж байна. Мөн тухайн өдөр буюу наймдугаар сарын 9-нд 10:00 цагаас иргэдийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, бусад яамдуудад хүсэлт, шаардлага хүргүүлэх тайван жагсаал болно. Гарын үсэг цуглуулна. Үүнд иргэдийг оролцож, санал бодлоо илэрхийлээсэй гэж урьж байна.
"ЭРС ШИНЭЧЛЭЛ" ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН Д.ЭНХБАТ:
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ АЖЛЫН ХЭСЭГТ ТОМИЛСОНД ХАРАМСАЖ БАЙНА
-Иргэний хөдөлгөөнүүд, нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагын олон жилийн хүсэл, тэмцэл, шаардлагын үр дүнд "Сауд гоби коэл транс" компанийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан гэж харж байгаа.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ Ажлын хэсэгт ороод, газар дээр нь очиж ажиллаад, тэдний шалгалтаар ажилаж байгаа байдал, гаргаж байгаа ааш аягийг хараад наймдугаар сарын 9-нд болох хэлэлцүүлгээс өмнө компанийн талд, буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг өмгөөлөх хандлагатай шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулагджээ гэж харж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг Ажлын хэсэгт томилсонд харамсаж байна.
Ерөнхий сайдаас бид ганц л зүйл хүсэж байгаа. Өмнөх Засгийн газрын хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгож, УИХ-ын тогтоолоор авагдсан тэр газар нутгийн хэмжээгээр хилийн заагийг тогтоож өгөөч гэсэн ийм л хүлээлттэй байгаа. Тосон бумбын нурууны орчимд байгаа, төрийн хамгаалалттай, улсын тусгай хамгаалалттай газар нутгаас өм цөм хулгайлж авсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаг болсон.
Монголд үнэхээр шударга ёс тогтоохыг зорьж байгаа бол Ерөнхий сайд энэ асуудалд анхаарлаа хандуулах байх аа гэж итгэж байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалж үлдэх нь хэдхэн иргэдийн эрх ашиг биш, нэг сум, нэг аймгийн асуудал биш, нийт Монголын асуудал юм шүү.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ДАРГА Ц.БЭЭЖИН:
АЖЛЫН ХЭСЭГТ ОЛОН ТАЛТ ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ МАШ ЧУХАЛ
-Тост, тосон бумбын нурууг яагаад ухаж болохгүй вэ гэдэгт хариулт өгөх ёстой газар бол БОАЖЯ, Өвөр говийн усны сав газрын захиргаа гэдэг байгууллага.
Энэ байгууллага Тост, тосон бумбын нуруу орчмын усны дүгнэлтийг чин үнэнээр гаргах ёстой. Хэрэв ус байхгүй бол тэнд ан амьтан, түүгээр хооллодог ирвэс устаж үгүй болно. Ирвэс хамгаалах, Байгаль хамгаалах, Төв Азийн хойд цөлийн бүслүүрийг хамгаалах, дэлхийн хэмжээний экологийн амин сүнс болсон Алтайн өвөр говийн усны сав газрын захиргаа хариулт өгөх ёстой. Гэтэл Ажлын хэсэгт энэ газруудаас нэг ч хүн ороогүй. Энэ бол бодлогоор хийж байгаа, санаатай үйлдэл гэж бид үзэж байна. Сав газрын гүний усанд нөлөөлөхгүй гэж уурхайн хүмүүс ярьж байгаа. Эцсийн дүгнэлтийг мэргэжилтнүүд тэнд очиж гаргах ёстой шүү дээ. Төрийн бодлого үнэхээр дутагдаж байна. Гол асуудал нь тусгай хамгаалалттай газрын урд хэсгийн усны экологийн том сүйрэл юм. Эрүүгийн гэмт хэрэг үүсгэх хуулийн заалт нь байж байгаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийг татан буулгах ёстой. Энэ ажлын хэсгийг татан буулгах, эсвэл өргөтгөх хэрэгтэй байна. Олон талт оролцоог бий болгох нь бидэнд маш чухал байна. Тост, тосон бумбын нурууг ард иргэд Монгол орны нэг эд эс гэж харах хэрэгтэй. Эх орныхоо төлөө сэтгэл, зүрхээ нэгтгэмээр байна. Бид үүнийг Монголын төр, Монгол Улсын Засгийн газраас хүсч байна. Хүлээж байна.
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА
ВИДЕО ҮЗЭХ
ШААРДЛАГА
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танаа
2019.08.07
Улаанбаатар хот
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн “Баянтэс”-ийн нүүрсний уурхайн удаа дараагийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ын төлөөллүүд, нутгийн иргэд, олон нийтийн зүгээс БОАЖЯ-нд удаа дараагийн шаардлага, хүсэлт хүргүүлсэн.
Бидний тавьсан шаардлагын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 22-ний өдрийн А/367 тоот тушаалаар “Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж байгаа үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажил зохион байгуулж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг томилон, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэд, олон нийтийн төлөөлөл хоёр хүнийг багтаасанд талархан хүлээж авсан билээ. Гэвч дээрх ажлын хэсгийн газар дээр нь шалгалт хийх үйл ажиллагаанаас харахад л хуульд нийцээгүй, уурхайг шууд дэмжсэн, илт захиалгат, олон нийтэд шалгалт хийсэн мэт дүр эсгэсэн байдалтай байгаа нь доорхи байдлаас нотлогдож байна. Тухайлбал,
Иймд бидний зүгээс дараах шаардлагыг танд хүргүүлж байна. Үүнд:
1. Хууль зөрчсөн, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, илт ашиг сонирхлын зөрчилтэй дээрх ажлын хэсгийг татан буулгах,
2. Дээрх ажлын хэсгийн нэрийг барьж тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан ямар ч дүгнэлт, мэдээллийг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төрийн байгууллагын бүх түвшинд хууль бус ажлын хэсгийн аливаа дүгнэлт, мэдээллийг эх сурвалж болгохгүй, үйл ажиллагаа, шийдвэртээ үндэслэл болгохгүй байх,
Хувийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, ажлын хэсгийн гишүүдэд
Шаардлага хүргүүлсэн
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Тэргүүн Х.Мандахбаяр
“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д.Энхбат
Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА
2019.08.07
Улаанбаатар хот
ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн “Баянтэс”-ийн нүүрсний уурхайн удаа дараагийн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ын төлөөллүүд, нутгийн иргэд, олон нийтийн зүгээс БОАЖЯ-нд удаа дараагийн шаардлага, хүсэлт хүргүүлсэн.
Бидний тавьсан шаардлагын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 22-ний өдрийн А/367 тоот тушаалаар “Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж байгаа үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажил зохион байгуулж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг томилон, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэд, олон нийтийн төлөөлөл хоёр хүнийг багтаасанд талархан хүлээж авсан билээ. Гэвч дээрх ажлын хэсгийн газар дээр нь шалгалт хийх үйл ажиллагаанаас харахад л хуульд нийцээгүй, уурхайг шууд дэмжсэн, илт захиалгат, олон нийтэд шалгалт хийсэн мэт дүр эсгэсэн байдалтай байгаа нь доорхи байдлаас нотлогдож байна. Тухайлбал,
Иймд бидний зүгээс дараах шаардлагыг танд хүргүүлж байна. Үүнд,
1. Хууль зөрчсөн, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, илт ашиг сонирхлын зөрчилтэй дээрх ажлын хэсгийг татан буулгах, татан буулгах чиглэл өгч ажиллах,
2. Дээрх ажлын хэсгийн нэрийг барьж тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан ямар ч дүгнэлт, мэдээллийг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төрийн байгууллагын бүх түвшинд хууль бус ажлын хэсгийн аливаа дүгнэлт, мэдээллийг эх сурвалж болгохгүй, үйл ажиллагаа, шийдвэртээ үндэслэл болгохгүй байх,
3. Байгаль орчин, эрүүл мэнд, уул уурхай, автозам, хөрс, ус, ан амьтан, хууль эрхзүй, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн удирдлага, орон нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулж оролцуулсан ажлын хэсгийг шинээр байгуулах, ЗГХЭГ-ын хэрэг эрхлэх газрын дарга ажлын хэсгийг ахлаж хуулийн дагуу шударгаар ажиллах,
Хувийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, ажлын хэсгийн гишүүдэд
Шаардлага хүргүүлсэн
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Тэргүүн Х.Мандахбаяр
“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д.Энхбат
Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид
Сэтгэгдэл ( 0 )