Т.Лхагвасүмбэрэл агсны өмнө тулгарч байсан саад бол УУЛ УУРХАЙН КОМПАНИУД

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардан “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран мэдээлэл хийлээ.



“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР
 

-Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас энэхүү мэдэгдлийг хийж байна. Манай шууд дамжуулалтын толгой үгнээс өнөөдрийн мэдэгдлийн утга агуулгыг үзэгч та бүхэн ойлгосон болов уу гэж бодож байна. Тост, Тосон бумбын нуруу, байгаль хамгаалах үйлсийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж, та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ үйлсийн төлөө алтан амиа өргөсөн Т.Лхагвасүмбэрэл агсны тухай, юуны төлөө амиа өргөсөн юм бэ гэдгийг та бүхэнтэй хамт ярья гэж бодсон юм. Энэ бол шууд дамжуулалт хийж байгаа гурван хүний асуудал биш. Бүх нийтийн асуудал. Тиймээс тал талаас нь ярилцан, энэ асуудлыг хэлэлцье.

Өнөөдрийн шууд дамжуулалтыг хийж байгаа гурван хүн бол Тост, Тосон бумбын нуруунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьж, өөр, өөрсдийн санаачилгаар тэмцэж байгаа хүмүүс. Миний хувьд бол сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүний нийгмийн хариуцлагын үүднээс Тост, Тосон бумбын нурууны байгалийн үзэсгэлэнг сүйтгэж буй үйлдлийг эсэргүүцэж байгаа хүн. Бид өөрсдийнхөө чаддаг зүйлээр л энэ тэмцлийг өрнүүлж байна. Тухайлбал, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат гэхэд л иргэдийн хөдөлгөөний чиглэлээр тууштай ажилласан хүний хувьд өөрсдийн санаачилгаар тэмцэж эхэлсэн. Гурван тэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид бол аль 10 жилийн өмнөөс энэ асуудлыг ярьж, тэмцэж ирсэн нутгийн иргэн. Бүгдээрээ ний нуугүй л ярья. Яг үнэндээ ирвэсээ хамгаалахын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байсан, Тост, Тосон бумбын нуруунд уул уурхай идэвхжиж буйг шүүмжилж байсан Т.Лхагвасүмбэрэл агсны амь нас үрэгдсэнээр энэ асуудал нийт монголчуудын асуудал болж хувирсан. Хэрэв энэ хүн байгаагүй бол, энэ хүний чин сэтгэл байгаагүй бол Монголын төр, олон нийт үүнийг мартах байсан. Бид ч мөн адил ингэж боддог. Тийм учраас иргэд олон нийт үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй. Яагаад Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэн хөнөөсөн хэргийг дахин шалгах ёстой гэдгийг одоо бид өөр өөрсдийн байр сууриас тайлбарлъя.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 


“ЭРС ШИНЭЧЛЭЛ" ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН Г.ЭНХБАТ
 

-Тост, тосон бумбын нурууг яагаад хамгаалах ёстой вэ гэдэг асуудлыг судлаачид, ирвэс хамгаалагчид болон талийгаач биологич залуу, бусад шинжлэх ухааны байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд арав гаруй жилийн өмнөөс тавьж ирсэн. Тосон бумба бол Өмнөговь аймгийн хувьд маш чухал газар нутаг. Уул уурхайн олборлолтод өртөөгүй бараг л цор ганц унаган байгальтай нутаг байсан. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр энэ газар ирвэс олноороо амьдарч байгаа. Тийм учраас байгалийн унаган төрхөө хадгалж байгаа газар мөн гэж ойлгож болно. Нөгөө талаараа Гурвантэс сум аажимдаа уул уурхайн олборлолтод маш ихээр өртөж эхэлсэн учир зарим хэсэг газраа бид хамгаалж үлдэх хэрэгтэй гэдгийг олон байгууллагууд өөр өөрсдийн өнцгөөс ярьж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Ингэхээс ч аргагүй байдалд хүрчээ. Эцэстээ бидний зорилго бол нэг байсан. Энэ асуудал яагаад Т.Лхагвасүмбэрэл агсны амь настай холбогдож байгаа нь ойлгомжтой . Тэр хүн Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, биологийн ховор төрөл зүйл, ан амьтан, газар нутаг, булаг шандыг хамгаалах шаардлагатай юм аа гэдэгт өөрийн бүх ухамсарт амьдралаа зориулсан хүн. Харамсалтай нь, 2015 онд учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан. Харамсалтай нь, Монголын төр засаг заавал хүний аминд хүрч, нутгийн ард иргэдийн бослого тэмцэл болголгүйгээр шийдэх боломжтой, үүрэгтэй байсан ч арга хэмжээ авахгүй байсаар ийм зүйлд хүргэсэн. Сумын болон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс удаа дараа орон нутгийн тусгай хамгаалалтад энэ газрыг авсан байсан. Мөн зэрэглэлийг нь ахиулж, улсын тусгай хамгаалалттай газар болгох тухай тогтоолыг 2012 онд Засгийн газарт өргөн мэдүүлсэн боловч хэн нэг даргын ширээн дээр хаягдаад дууссан. Харин 2015 онд “Коал транс” гэх бүх зүйлийг мөнгөөр шийддэг гэж боддог байгууллага орон нутгийн бүх тусгай хэрэгцээнд авсан газрыг шүүхийн шийдвэрээр өөрсдийн мэдэлд авсан. Ингээд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж гарч ирэх үед Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан хэрэг гарсан. Бид энэ залуугийн хүсэж, мөрөөдөж байсан зүйлийг үргэлжлүүлж яваа хүмүүс. Тэр хүү ширгэсэн булаг шандыг хүртэл сэргээж явсан хүн юм шүү. Бид төр засаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг үүнд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Энэхүү хэргийг сэргээн шалгаж, буруутай этгээдийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэр хүү бол баатар хүн юм шүү. Баатар заавал дайн, байлдаанаас төрдөггүй. Энх цагт олон нийтийн эрх ашгийг төлөө тэмцэж, эх орноо хайрлаж, хамгаалсан түүнийг баатар гэж би боддог. Тиймээс түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, нэр төрийг нь сэргээх ёстой. Бидний сайн мэдэх С.Зориг агсны хэргийг хэдэн жилийн дараа сэргээн шалгасан. Үүнийг хууль хяналтын байгууллагын зөв жишиг гэж бид харж байгаа. Ийм учраас Тост, Тосон бумбын төлөө шударга тэмцэл өрнүүлж байгаа хүн бүр Т.Лхагвасүрэн агсны үйл хэргийг үргэлжлүүлж байгаа гэж ухамсарлаж, тэр сайхан залуугийн төлөө дугарах нь зүйн хэрэг гэж үзэж байна. 


“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР
 

-Энэ мэдээллийн араас олон хүн сайн, муугаараа хэлүүлэн явж байгаа. Нэг хэсэг сэтгүүлчид, олон нийт үнэн бодит байдлыг мэдэх юмсан гэж хүсэж байгаа. Энгийн нэг биологич залуу зүгээр байж байгаад амиа хорлочихсон юм шиг эсвэл осолд орчихсон ч юм шиг төөрөгдөл бий болсон. Энд сууж байгаа гурван хүн гурвуулаа ажил амьдрал, хувийн нэр төр, бүхий л зүйлээрээ гүтгүүлж байгаа. Миний тухай зүйлийг хэн илүү мэдэх вэ гэвэл би өөрөө л мэднэ. Г.Энхбатыгаа Г.Энхбат өөрөө л мэднэ. Б.Дэжидийн гаргаж байсан шийдвэр ямар чухал болохыг Б.Дэжид өөрөө л мэднэ. Энэ сайхан залуугийн амь насыг бүрэлгэсэн юм биш биз гэдэг асуудал дээр бид санал нэг байгаа. Бид цагдаа биш, тагнуулынхан биш, шүүх биш. Бид Тост, Тосон бумбын нурууны төлөөх шударга тэмцэлд нэгдэх явцдаа хувь хүнийхээ хувьд ийм үзэл бодолтой болсон. Т.Лхагвасүмбэрэл агсныг хувийн шалтгааны улмаас амиа хорлосон гэсэн буруу ташаа мэдээлэл хүртэл нийгэмд очсон. Т.Лхагвасүмбэрэл гэдэг хүний амь насыг хоёр удаа бүрэлгэсэн. Эхлээд алтан амийг нь бүрэлгэсэн. Эх орон, газар шороо, ховор амьтныг хамгаалж явсан халуун зүрхийг нь бүрэлгэсэн. Харин одоо итгэл үнэмшил, олон монгол хүний үзэл санааг үгүй хийж байгаа. Монголын төр яагаад энэ хэргийн үнэн мөнийг олохгүй байгаа юм бэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн цагт энэ хэргийг захиалагчтай, гүйцэтгэгчтэй гэж мэдэгдэж байсан. Тэгвэл хэргийг яагаад үнэн зөвөөр нь шийдэхгүй байна вэ? Хаана, ямар алдаа байна вэ? Олон асуулт байна. Хэргийг үзэн зөвөөр нь шийдвэрлэхийн төлөө бид явах болно.

Энэ тэмцэл хэзээнээс эхэлсэн, ямар асуудлууд байсныг Б.Дэжидийг ярихыг хүсэж байна. Энэ хүнийг зүсэн зүйлээр гүтгэж, албан тушаалаас нь огцруулж байсан. Тост, Тосон бумбын нурууны бүс нутгийг Сумынхаа тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулахад төлөөлөгчид нь нийлээд түүнийг огцруулж байсан юм шүү. Та бүхэн бод доо. Шударгаар тэмцэж байсан хүнийг нэр хүнд рүү нь чиглэсэн гүтгэлэг явуулж, дайрч байгаа. Энд сууж байгаа гурван хүн ийм зүйлийг хангалттай мэдэрч байгаа.


ГУРВАНТЭС СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДЭЖИД
 

-Талийгаачтай бид хамтарч ажилладаг байсан. ТББ-ынхантай танилцаад, хамт ажиллаж байхад Тостын ууланд бидний кэмп байрладаг байсан юм. Тэдний ажилтай танилцаж байх үед зөвхөн ирвэс хамгаалах гэж байна гэсэн хүмүүс ташаа ойлгох нь их байсан. Үнэн хэрэгтээ ирвэсийг хамгаалснаар цаана нь маш олон төрлийн амьтан, ургамал, уул, ус, малчдын эрх ашгийг хамгаалж байгаа том үйл хэрэг байсан юм. Т.Лхагвасүмбэрэл агсан кемпээсээ мотоциклио унаад л гардаг байсан. Бүх уул, салаа, жалга, тэнд байгаа ургамал нэг бүрийг маш сайн мэддэг. Тэр жил цасгүй, их хар жил болсон юм. Тэгтэл уулын амьтдын тоо толгой буурч эхэлсэн. Бид 80 тонн мөс болон өвс ууланд аваачиж тавьж байлаа. Үүнийг нь аргаль, янгир иднэ. Харин тэднийг ирвэс иддэг. Энэ үед талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг үнэхээр хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн юм байна гэдгийг харж, бахархдаг байлаа. Тостын нуруутай холбоотой бүх үндсэн судалгааг гардаж хийсэн хүн бол талийгаач. Үүн дээр нь үндэслэн Тостыг тусгай хамгаалалтад авах нь зөв гэх дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид гаргаж байсан юм. Тостыг тусгай хамгаалалтад авахуулахаар бид арваад жил хөөцөлдөж байна. Үүнд маш олон хүний хүч хөдөлмөр орсныг заавал дурьдах хэрэгтэй. Хамгийн сүүлд Тост, тосон бумбыг улсын тусгай хамгаалалттай газраар бүртгэх шийдвэр гарах үед талийгаач амь насаа алдсан. Бид хүний амины үнээр нутаг усаа авч үлдсэн юм шүү. Гэвч хүний амиар сольж авсан энэ газар маань одоо эрэмдэг, зэрэмдэг, сэтгэл өвдмөөр болчихоод байна.

“Сауд Гоби Коал Транс” компанийн лицензийг олгох ёсгүй байсан. Анхнаасаа бүх зүйл хууль бус байсан ч эрх мэдэлтэй хүмүүс ямар ч хуулийг хууль биш болгож, уландаа гишгэдэг юм байна. Бид Тостын нуруугаа өөрсдийнхөө чадлаар хамгаалалтдаа авсан боловч энэ компанид нэг хэсгийг нь алдаад үлдсэн. Тэд тусгай хамгаалалттай хэсгээс тасалж аваад үлдсэн. Бусад уурхай руу дайраач гэж хүмүүс хэлдэг. Гэвч энэ бүхэн Тост, тосон бумбын бүх ай савыг хамгаалж байж л үр дүнд хүрэх болохоор аль нэг хэсгийг нь ухуулаад байж болохгүй. Ухчих юм бол тусгай хамгаалалт гэдэг нэр цаасан дээр л үлдэхээс биш газар дээр үлдэхгүй. Ийм л учраас бид гэр бүл, нэр хүнд, бүх зүйлээ золиослон Тостын нурууныхаа төлөө тэмцэж байгаа юм. Бидний тэмцэл, төр засагтаа хандсан үйл хэрэг маргааш /2019.08.09/ Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Монгол Улсын төрийн өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, байгалиа хамгаалах ёстой төрийн яамдад хандан үзэл бодлоо илэрхийлэх, санаагаа хүргэх жагсаалд нэгдэж, Тосон бумбыг хамгаалахын төлөө гарын үсгээ зурж, үзэл бодлоо илэрхийлээрэй гэж иргэд та бүхнээс хүсэж байна. 

“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР
 

-Бид энэ зүйлийг анх удаагаа шаардаж байна. Т.Лхагвасүмбэрэл агсны амь нас зүгээр үрэгдчихээгүй гэдгийг Монголын ард түмэн мартах учиргүй. Үеийн үед санаж явах ёстой. Энэ залуу 2015 оны арваннэгдүгээр сард амь насаа алдсан байдаг. Яг тухайн цаг мөчид байгаль хамгаалах үйлсийн төлөө Т.Лхагвасүмбэрэл агсан ганцаараа л зогсож байсан. Энэ үйлсийн төлөө тэмцэж байгаа бид бүхэн одоо ярьдаг юм. Яг тухайн үед түүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт л явж байждээ гэж. Тэр үед Тост, Тосон бумбын нуруунд говийн экосистем алдагдаж байгааг олон хүн ярьж байсан. Энд сууж байгаа Б.Дэжид тухайн үед Гурван тэс сумын ИТХ-ын дарга байсан. Асар их мөнгөтэй хууль зайдлагчдын эсрэг энэ хүн улаан нүүрээрээ тулж явсан. Т.Лхагвасүмбэрэл агсан ганцаараа Тостын нуруунд мөсөө үүрээд, ирвэсийн зулзагаа тэврээд явдаг байсныг жирийн олон нийт мэдээгүй шүү дээ. Энэ бол үнэн.

Шагдарсүрэн зэрэг олон сэтгүүлчид Т.Лхагвасүмбэрэл агсныг амьд сэрүүн байхад сурвалжилга хийж, зүтгэж байгаа үйлсийнх нь тухай олон нийтэд таниулснаар олон нийт бид мэддэг болсон. Талийгаач Архангай аймгийн хүн шүү дээ. Архангайд төрж, Хөвсгөл аймагт өссөн хүүхэд. Аль хангайн хүүхэд говьд очоод, цөл газрын экосистемийг хамгаалахын төлөө зүтгэж байсан юм шүү. Тийм бага залуу хүүхэд говийн нөхцөл байдал, экосистем, амьтан ургамлыг гарын арван хуруу шигээ мэдэж байсан нь олон нийтийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн. Ний нуугүй хэлэхэд, Тост, тосон бумбын нурууг хамгаалалтад авъя гэхэд тэр үед сонсох хүн байгаагүй байх.

Энэ хүн амиа өргөж байж, алтан амиа алдаж байж л Монголын төр Тост, Тосон бумбын зүг анхаарлаа хандуулж эхэлсэн. Бид ингэж бодож байгаа. Үүнийг ард түмэн ч хүлээн зөвшөөрдөг. Энэ хэргийг Монголын төр үнэн зөвөөр шийдэх өдрүүд болсон. Сая С.Зориг агсны хэргийн цаана юу болсныг олон нийт харлаа. Яг үүнтэй адил зүйл болсон юм биш биз... Энэ асуудлыг шалгаж, үнэн зөвөөр нь шийдээчээ гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар аа, та бүхэн асуудлыг анхааралдаа аваач ээ. Бидний эсрэг хэн ямар яаж гүтгэлэг явуулах нь одоо хамаа алга аа. Монголын төр энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Талийгаачийн тэмцэл үзэл санааны тэмцэл байсан. Эх орон, газар шороогоо хамгаалах нь чухал гэдгийг ойлгуулсан үлгэрлэл байсан. Энэ хүний алдар нэрийг нь сүйтгэж байгаа хүмүүсийн эсрэг ард нийтээрээ тэмцээч гэж хүсэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагаас Сүхбаатарын талбайд уулзацгаая. Т.Лхагвасүмбэрэл агсны амь нас зүгээр ч нэг сүйдчихээгүй шүү гэдгийг Монголын төрд сануулцгаая.

Одоо би та бүхэнд Т.Лхагвасүмбэрэл агсны тухай товч мэдээлэл хүргэе.

Т.Лхагвасүмбэрэл агсан 1988 оны дөрөвдүгээр сарын 06-нд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. Одоо амьд сэрүүн бол 31 настай биологич байх байлаа. 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын дунд сургуульд элсэн орж, 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангид суралцаж, 2010 онд амьтан судлаач мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. "Ирвэс хамгаалах сан"-д 2010 оноос ажиллаж, Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд Цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны төвийн менежерээр ажиллаж байжээ. Цэл залуухан энэ хүү эх орны даалгавраар ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа МУИС-д магистр хамгаалахаар суралцаж эхэлсэн. Цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг гаргаж, Монголд анх удаагаа давхар ажиглагчийн аргаар судалгаа явуулсан байдаг. Үүнийгээ Олон улсын томоохон сэтгүүлд хэвлүүлэн, олон улсын анхаарлын төвд орж чадсан юм. Мэдээж зэрлэг амьтан айлын хоттой хонь руу дайрч таараа. Үүнийг хамгаалах, олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор "Зэрлэг амьтдаас хэрхэн хамгаалах вэ" гэхчлэн олон сургалт явуулж, иргэдэд тусалдаг байсан. Улмаар ан амьтан, нутаг усандаа хэрэгтэй тодорхой төсөл боловсруулж, хашаа хороо барьж эхэлсэн гээд олон үйл хэрэг эхлүүлсэн. Энэ ажил одоо ч амжилттай үргэлжилж байгаа. Малчидтай маш сайн ойлголцож ажилладаг байсан гэдгийг одоо хэр нь нутгийн иргэд нулимс дуслуулан ярьдаг. Харин ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны өмнө тулгарч байсан хамгийн том саад нь уул уурхайн компаниуд л байж. Мөнгө ихтэй компани л энэ хүний үйлсэд саад болж байсан нь өнөөдрийн бодит байдлаас ил тод харагдаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochinj(64.119.26.12) 2019 оны 08 сарын 08

Lxagvsumberel agsaniig naad uul uurxain bizda nar chi alsan shuu dee uneniig olj togtoox xeregtei

0  |  0
Зочин(66.181.167.48) 2019 оны 08 сарын 08

Ta nar ene Mandahbayar atsiig tiim Gazar shoroonii toloo hun gej bodoj bna u, ugui l baihgui yu udahgui oilgonoo uheruudee

0  |  0
Top