Төрийн ордонд зохион байгуулах "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг болон ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардах жагсаалын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д.Энхбат, Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид, "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нар болон иргэний нийгмийн байгууллагын бусад төлөөлөл оролцов.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ, иргэний нийгмийн бусад байгууллагууд маргааш (2019.08.09) Төрийн ордонд 08:00 цагаас "ТОСТ, ТОСОН БУМБА" үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах бол Д.Сүхбаатарын талбайд иргэдийн ТАЙВАН ЖАГСААЛ болно.
Тайван жагсаалд оролцогчид ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардахын сацуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргах аж.
Жагсаал маргааш буюу наймдугаар сарын 8-ны 10:00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлж, 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР:
-“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Уугуул хөдөлгөөн” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл өнөөдөр 12:00 цагаас шууд дамжуулалт хийж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Иргэд, олон нийтийн байгууллагуудаас энэ асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцэх ёстой гэдэг санал хүсэлт ихээр ирж байна. Олон талын оролцоог хангаж, олон хүнийг хамруулах ёстой гэдгийг сануулж байгааг хэлэх хэрэгтэй. Тост, Тосон бумбын хэлэлцүүлгийг анхнаас нь дэмжиж байсан төрийн бус байгууллагууд маргааш болох жагсаал, цуглаанд оролцох хүсэлтэй иргэдийн оролцоог хангаж ажиллах төрийн бус байгууллагын төлөөллүүд энэ хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн байна.
Маргааш болох хэлэлцүүлэгт 40 орчим олон нийт, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Орон нутгаас 60 гаруй иргэн оролцож байгаа. Гурван тэс сумаас 40, Өмнөговь аймгийн төвөөс 20 иргэн, мөн Өмнөговь аймгийн холбогдох албан тушаалтнууд ирж байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд сэтгүүлч Х.Мандахбаяр миний бие “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ыг төлөөлөн оролцож байна. Харин “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ыг төлөөлж тэргүүн Д.Энхбат, Гурван тэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг төлөөлж Ц.Бээжин, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн н.Батпүрэв, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий бусад төлөөлөл оролцож байна.
Тостын нурууг хамгаалах тэмцэлд олон хүмүүс сэтгэлийн дуудлагаараа оролцож байгаа. Арван жилийн турш нутгийн иргэд тэмцэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд иргэн бүр зориг гарган тэмцэх ёстой. Та бүхэн мэдэж байгаа, Т.Лхагвасүмбэрэл агсан энэ үйл хэргийг анх эхлүүлж байсан. Түүний нас барсан шалтгааныг маш эвгүй нөхцөл байдлаар тайлбарладаг. Хуульчид ч олон талын сэжиг дэвшүүлдэг. Одоо ч тэр гүтгэлэг байсаар байна. Түүнийг хоёр удаа хороосон гэж би боддог. Эхлээд алтан амийг нь хороосон бол дараа нь итгэл үнэмшил, нэр төрийг нь гутааж, хоёр дахиа хороосон. Хүний амь насыг зохион байгуулалттайгаар хороосон гэж үзэж байгаа учраас энэ хэргийг дахин шалгах ёстой гэдэгт иргэний нийгмийн байгууллагууд санал нийлсэн.
Маргааш 10:00 цагаас Сүхбаатарын талбайд ирж, тайван жагсаалд оролцон, үнэн мөний төлөө тэмцээч ээ гэж уриалж байна.ҮАБЗ-ийн гурван гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Иргэн бүр энэ асуудалд сэтгэлийн дэмжлэг өгч байж эх орон, газар шорооны төлөө тэмцэх сайн жишиг тогтох болно оо. Хүн бүхэн үүнд сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэх нь чухал юм.
Асуудал бол эзэнтэй байх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага дүлий мэт байгаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч дугарахгүй байна. “Сауд гоби коал транс” компанид 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төлөвлөгөөт шалгалт явуулахад 31 төрлийн хууль тогтоомж зөрчсөн болох нь илэрсэн. Энэ бол уурхайг хаах бүрэн үндэслэл. Гэтэл хаахгүй өнөөдрийг хүртэл ажиллуулсаар байна. Төрийн хуулийг давж гишгэх боломжийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар олгож байна. Ийм тохиолдолд тэднийг асуудалд ашиг сонирхолтой байдлаар хандаж байна гэж үзэх бүрэн үндэслэл байна. Маргаашийн Төрийн ордонд болох "Тост, Тосон бумба" хэлэлцүүлэг дээр үүнийг баримтаар харуулах болно. Хэлэлцүүлэгт олон судлаач, эрдэмтэн, нутгийн иргэд оролцож, бодит байдлыг тайлбарлана. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг хоёр удаагийн хэлэлцүүлэгт урьсан боловч ирээгүй. Гэтэл сошиал орчинд болохоор тэд гоё ганган мэдэгдэл хийдэг. Хэрэв маргааш Аймгийн Мэргэжлийн хяналтын төлөөлөл ирэхгүй бол энэ асуудалд ашиг сонирхлын зөрчлөөр хандаж байгаа гэж итгэхээс өөр арга үлдсэнгүй. Ашиг сонирхлоын зөрчилгүй л юм бол тэд энэ уурхайн лицензийг цуцлах ёстой. Шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Хууль зөрчсөн нь үнэн л бол уурхайн ажиллагааг зогсоож, шаардлагаа хүргүүлж, шалгалт явуулах ёстой байсан. Гэтэл одоо тэд зөрчил гомдлоо 67.6 хувьтай байна гэсэн тайлбар хийж байгаа. Тийм учраас ажиллаж болно гэж үзээд байгаа юм уу, би ойлгохгүй байгаа. Үлдсэн 34 хувь буюу 10 зөрчил нь юу юм бэ гэдгийг олон нийтэд ил болох ёстой. АТГ-аас саяхан авлига авсан Мэргэжлийн хяналтын байцаагчдыг баримттай нь зарласан. Тост, Тосон бумбын асуудалд мөн ийм байдал байгаа юм биш биз. Үүнд иргэд хяналтаа тавих ёстой. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, МХЕГ-ын дарга хэлэлцүүлэгт оролцож, тайлбар өгөхийг бид хүлээж байгаа. Урьсан байгаа.
Оройтсон гэлтгүй ирж, бидний үзэл бодол, тэмцлийг мэдээлж буй сэтгүүлчдэдээ баярлалаа. Хэрэв та бүхэн энэ асуудалд нэгдэхийг хүсэж буй бол хүрэлцэн ирж, хэлэлцүүлгийг нээлттэй сурвалжлаарай. Олон нийт үнэний талд байгааг бид ойлгож байгаа. Үүгээр ч бид бахархаж байна. Үнэхээр үнэн мөний талд байгаа бол утасныхаа цаанаас гараад, бидний тэмцэлд нэгдээч гэж хэлмээр байна. Энэ асуудлын ард асар их хуйвалдаан байгаа шүү. Төрийн зүгээс зарим нэг зүйлд тайлбар өгөх байх. Гэхдээ шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Хууль зөрчсөн үйлдлийг хаацайлахгүйгээр ирж, үнэн мөнийг нь хүргээч гэж л хүсэх байна.
Т.Лхагвасүмбэрэл агсан бол бол цоохор ирвэсийн гол тэжээл болох янгир ямааг судалж байсан хүн. Магистрын энэ ажил нь олон улсад үнэлэгдэж байсан. Энэ хүн Тост, Тосон бумыг хамгаалахын төлөө төрийн байгууллагад олон янзын хүсэлт илгээж,, хамтран ажиллахыг хүсэж байсан. Түүний өмгөөлөгч н.Баасандорж амиа хорлоогүйг батлах олон баримт байгааг олон нийтэд мэдэгдэж байсан. Тиймээс зөвхөн маргаашийн хэлэлцүүлгээр энэ тэмцэл дуусахгүй. Хэлэлцүүлгээс улбаалаад салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хуулийн талаас, биологийн талаас, иргэний нийгмийн талаас нь ярилцана. Тост, Тосон бумбыг хамгаалахын төлөөх тэмцэл бол зөвхөн нэг компанийг хаах, Б.Чойжилсүрэнгийн бизнесийг хаахын төлөөх ч тэмцэл биш. Шударга ёс, сахилга бат бий гэдгийг мэдрүүлэх тэмцэл юм. Монголын төрд шударга хүн бий. Харин шударга бус хүмүүс нь аалзны тор шиг хэрчихсэн болохоор шударга ажилчид харагдахгүй байгаа юм. Тиймээс шударга ёсны төлөө зүрх нь цохилдог хүн бүрийг энэ тэмцэлд оролцооч гэж хүсэж байна. Маргаашийн хэлэлцүүлэг дээр өглөө 08:00 цагаас уулзъя. Дотор болж буй хэлэлцүүлэг, гаднах жагсаал харилцан уялдаатай байх болно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэн нэгнийг дэмжээч ээ гэж уриалж байгаа юм биш шүү. Байгаа нөхцөл байдлыг л ард түмэнд нээлттэй хүргээч л гэж хүсэж байгаа юм.
"ЭРС ШИНЭЧЛЭЛ" ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН Д.ЭНХБАТ:
-Тост, тосон бумбын нуруу улсын тусгай хамгаалалтад зайлшгүй байх ёстой гэдгийг орон нутгийн удирдлагууд, судлаачид, иргэд , ирвэс хамгаалах сан, олон улсын байгууллагууд нэгэн дуугаар хэлдэг. БОАЖ-ын яамыг БОНХЯ байхад энэ яамнаас гаргасан судлаачдын дүгнэлт дээр тулгуурлаж гаргасан 895.500 га газрыг хамгаалалтад авах ёстой гэсэн дүгнэлт байдаг. УИХ 2016 онд яг энэ хэмжээгээр нь баталсан байдаг ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын голлох яам болох Сангийн яамны сайд Ж.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий газарт 153.000 га газрыг хасаж, УИХ-н тогтоолыг зөрчсөн байдаг.
Ингэж улсын тусгай хамгаалалттай газраас хулгайлах замаар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Иргэд болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сумын хурал үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Үүнээс хойш олон удаагийн шүүх хурал болсон. Энэ ямар учиртай вэ гэвэл байгаль хамгаалагч, геологич Т.Лхагвасүмбэрэл гэдэг залуу Тост, тосон бумбын нурууг хамгаалах хурал, уулзалт, семинар зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ бүр дээр өөрийн санал бодлыг илэрхийлж байсан. Ингэж илэрхийлснийхээ төлөө амиа алдсан ч байж магадгүй. Түүнийг амиа алдсанаас хойш энэ асуудал төр засгийн төвшинд хүрч, тус газар тусгай хамгаалалтад орсон.
Бид Засгийн газрын 2017 оны тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгаас 153.000 га газар хасагдуулсныг л эсэргүүцээд байгаа юм. Энэхүү газрын экосистемийг яг байсан чигээр нь л авч үлдэх хэрэгтэй.
Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг бид эсэргүүцэж байгаа. Талийгаачийн үйл хэргийг үргэлжлүүлж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх хэрэгтэй. Байгаль орчноо хайрладаг үзэл санааг бид цаашид ч үргэлжлүүлэх болно. Үүний тулд л бид ажиллаж байна. Энэ асуудлаар өмнө нь Засгийн газарт олон шаардлага очиж байсан. Засгийн газар харамсалтай нь өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Энэ удаа бид ҮАБЗ-д хандаж шаардлага хүргүүлнэ. Талийгаачийн үйл хэрэг, хүсэж, тэмцэж явсан үйлсийг хэрэгжүүлэх ёстой. Шаардлагадаа бид хууль бусаар үйл ажиллагаа явуулж, ой шугуй, буйлсын ой, тооройн төгөл, олон баянбүрдүүд, булаг шандыг устгаж сөнөөхөөр ажиллаж байгаа компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, лицензийг цуцлах асуудлыг хөндөх болно. Мөн цаг бусаар, сэжигтэй байдлаар нас барсан гэмт хэргийг нэг мөр шалгаж, үнэн мөнийг нь тогтоож, буруутай этгээдийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах болно.
Үүнтэй холбоотой хэлэлцүүлгийг бид маргааш Төрийн ордонд зохион байгуулна. Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ уулзана. Бид бүхний санаачилсан энэхүү үйл хэрэгт оролцох уриалгыг хүргэхийн тулд энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Ард иргэд маань эх оронч байх хэрэгтэй, үндэсний үзэлтэй байх хэрэгтэй, нийтийн эрх ашгийг хамгаалан бэхжүүлэх энэ үйл хэрэгт бүгдээрээ оролцох хэрэгтэй.
Ардчилсан нийгэмд олон нийтийн хяналт, олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд маань шударгын тэмцлийн мэдээллийг хэр зэрэг шударга, шуурхай, хурдан хүргэж байна вэ гэдгээс мэдээллийн ил тод, чанартай байдал харагддаг. Тост тосон бумбын асуудал түрүүн Х.Мандахбаярын хэлдгээр зөвхөн Гурвантэсийн асуудал биш ээ. Монгол оронд уул уурхайн салбар хөгжөөд 25 жил болж байна. Уул уурхай хөгжих ёстой. Гэхдээ хариуцлагатай, хуулийн зөрчилгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Үүнийг л бид тавьж байгаа. Өнөөдөр нутаг орноо ухуулж, хууль бус уурхайн бэл бэнчинд дарагдаж байгаа олон нутаг, олон иргэд бий шүү. Тэдний маань хүч хүрэхгүй байна. Иргэдийн үг, тэмцэл үнэгүйдэж байна. Юу үнэн, энэ үнэн.
Ардчиллаас хойш бид амиа хичээсээр байгаад ямар байдалд хүрсэн байгаа билээ. Тиймээс сэтгэлгээндээ өөрчлөлт оруулж, нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж явсан эх оронч залуугийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, цаг бусаар нас барсан хэргийн үнэн мөнийг тогтооход дуу хоолойгоо өргөхийг нийт ард иргэдээсээ хүсэж байна.
Сэтгэгдэл ( 0 )