Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимынхаа гишүүнд давуу байдал олгосон

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Засгийн газрын ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн шийдвэрийг засч залруулахыг шаардан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  шаардлага хүргүүллээ

УИХ-аас 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 35 тоот тогтоолыг баталж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах, ингэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны саналд үндэслэн 893 мянган га газрыг хамруулахаар тодорхой заасан байдаг. Харин энэ тогтоолын дагуу Тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохдоо 153 мянган га газрыг хасч, 743 мянган га талбайг хамарсан хилийг тогтоосон юм. УИХ-ын тогтоол батлагдсанаас жил гаруйн дараа тухайн үед Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газар Тост, Тосон бумбын нуруунд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох шийдвэрийг гаргасан. Тус Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани болох “Сауд гоби коэл транс” компани хилийн тусгай хамгаалалтад авах хилийн гадна үлдээсэн 153 мянган га талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа юм. Байгаль орчны олон судалгаа, дүгнэлтэд үндэслэн байгалийн нөөц, тусгай хамгаалалтад авах ёстой гэж УИХ-аас тогтоосон газар нутгийг уурхай болгон сүйтгэж байгаа эл үйлдлийг эсэргүүцсэн нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөн “Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод явуулсан. Өнөөдөр уг хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг Төрийн ордонд зохион байгуулж буй юм. Тус хэлэлцүүлгийн нэгдүгээр шатанд оролцогчид Засгийн газрын ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн шийдвэрийг засч залруулахыг шаардсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаягласан дээрх шаардлагыг болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт хүргүүлсэн шаардлагыг дор танилцуулж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

2019.07.29
Даланзадгад хот

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурал 2016.04.14-ний өдөр 35 тоот тогтоол баталж, уг тогтоолоор “Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай” хэмээн шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан байна.

Үүний дагуу хилийн заагийг тогтооход ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэн, “Ирвэс хамгаалах сан” ТББ-тай хамтран гүйцэтгэсэн суурь судалгаа, “Де Нэйчэ консерванси” ОУБ-аас хийсэн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын судалгаа, Гурвантэс сумын ИТХ-ын “Улсын тусгай хамгаалалтад авах санал гаргах тухай” 2012 оны 21 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн ИТХ-ын “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргах тухай” 2012 оны 67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Тост, Тосон бумбын нурууны нийт 893,527.44 га газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг 2016 онд тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргасан байдаг.

Гэвч энэ саналын дагуу тухайн үеийн Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон шийдвэр гаргаагүй байна.

Харин УИХ-ын энэхүү тогтоол батлагдсанаас хойш нэг жилийн дараа Монгол Улсын Засгийн газар 2017.03.15-ны өдөр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 тоот тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарын гарын үсэгтэйгээр гаргаж, энэхүү тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг хавсралт ёсоор баталжээ.

Ийнхүү баталсан хилийн заагт 2016 оны Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны саналд тусгагдсан тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшлийн MV-017038, MV-019036 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамгаалалтын бүсэд оруулалгүй, 153,469.44 га газрыг хасаж, 743,058.00 га талбай болгон багасгасан байна.

Энэ шийдвэрт зааснаар, “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь Өмнөговь аймгийн ИТХ-ын 2010.09.09-ний өдрийн 6/5 тоот тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай бүрэн давхацсан, “Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай” Гурвантэс сумын Засаг даргын 2010.05.24-ний өдрийн 44 тоот захирамжаар тогтоосон Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн талбайтай хэсэгчлэн давхцсаныг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012.05.04-ний өдрийн дүгнэлтээр тогтоожээ.

Засгийн газар ийнхүү шийдвэрлэснээс үүдэн, тусгай хамгаалалттай газар нутгаас хасагдсан энэхүү газарт “Сауд гоби коэл транс” ХХК нь уул уурхайн олборлолт явуулж, 30 гаруй холбогдох хууль тогтоомж зөрчиж байгааг Монгол Улсын Мэргэжлийн  хяналтын улсын байцаагчийн 2019.04.05-ны өдрийн 16/05/089/105 тоот албан шаардлагад нотолж, эдгээр зөрчлийг арилгахыг шаарджээ.

Гэвч “Сауд гоби коэл транс” ХХК нь хууль тогтоомжийн дээрх зөрчлүүдээ арилгалгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.

Тийм учраас Орон нутгийн иргэдийн санаачилгад үндэслэн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн I шатыг Даланзадгад хотод 2019.07.29-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд-ЗГХЭГ-ын дарга асан, хуульч Б.Долгор, Гурвантэс сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Болдбаатар, аймгийн ЗДТГ-ын БОАЖ-ын газрын дарга Б.Пүрэвтулга, Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох, Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид, “Сауд гоби коэл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбат, Гурвантэс сумын байгаль орчны улсын байцаагч А.Атар, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр болон Өмнөговь аймгийн Гурвантэс болон бусад бүх сумдын иргэдийн төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, судлаачид, “Сауд гоби коэл транс” ХХК-ийн ажилтнуудын өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж, үүнээс ТВ8, ТВ5, ТВ2 телевизүүд өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр, zindaa.mn, zarig.mn, breakingnews.mn сайтууд сошиал сүлжээгээр бүрэн хэмжээгээр шууд дамжуулан үзүүллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдын нэгдсэн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын 2017.03.15-ны өдрийн 91 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг УИХ-ын 2016 оны 35 тоот тогтоолын төсөлд үндэслэл болгосон тухайн үеийн БОНХАЖЯ-ны саналын дагуу 896,527.44 га талбайгаар залруулан тогтоох,

2.Энэхүү шаардлагын хариуг 2019.08.09-нд Төрийн ордны Иргэний танхимд болох “Тост, Тосон бумба” II шатны хэлэлцүүлэг дээр албан ёсоор өгөх.

Холбогдох ..... хуудас баримт, материал хавсаргав.

Хэлэлцүүлэгт оролцогчдыг төлөөлөн

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын  Тэргүүн Х.Мандахбаяр
“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д.Энхбат
Гурвантэс сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын  Төлөөлөгч Я.Болдбаатар
Гурвантэс сумын Тост багаас сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэжид


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР ТАНАА

2019.07.29
Даланзадгад хот

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхай нь уул уурхайн олборлолт, тээвэрлэлт явуулахдаа 30 гаруй холбогдох хууль тогтоомж зөрчиж байгааг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019.04.05-ны өдрийн 16/05/089/105 тоот албан шаардлагад нотолж, эдгээр зөрчлийг арилгахыг шаарджээ. Гэвч “Сауд гоби коэл транс” ХХК нь дээрх хууль тогтоомжийн зөрчлүүдээ арилгалгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Тийм учраас Орон нутгийн иргэдийн санаачилгад үндэслэн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн 1 дүгээр үе шатыг Даланзадгад хотод 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан билээ.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдын нэгдсэн саналаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар танд дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019.04.05-ны өдрийн 16/05/089/105 тоот албан шаардлагыг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн хоёрын дөрөвт “Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж заасны дагуу “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайн бүх үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох,

2. Энэхүү шаардлагын хариуг 2019.08.09-ний өдөр Төрийн ордны Иргэний танхимд болох “Тост, Тосон бумба” хоёрдугаар шатны хэлэлцүүлэг дээр албан ёсоор өгөх.

Хэлэлцүүлэгт оролцогчдыг төлөөлөн

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын  Тэргүүн Х.Мандахбаяр
“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д.Энхбат
Гурвантэс сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Я.Болдбаатар
Гурвантэс сумын Тост багаас сонгогдсон сумын ИТХ-ын  Төлөөлөгч Б.Дэжид

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.157) 2019 оны 08 сарын 14

За одоо Таван толгойн уурхайг зогсоох ажилдаа шамдаарай

0  |  0
зочин(66.181.161.99) 2019 оны 08 сарын 12

АТГ ажлаа хийгээч

0  |  0
Эх орон хэрэгтэй (202.126.89.209) 2019 оны 08 сарын 10

Ирвээс хамгаалагч залуугийн үхэл тун ноцтой доо. Энд хаус гоби-н талд юм бичээд байгаа нөхдүүд мэдэгдэж л байгаа байх.

0  |  0
zochin(202.126.88.227) 2019 оны 08 сарын 09

Usan mandal, agaar mandal, shim mandal yu yu bilee tavan mandalaa hairlaj, hamgaalj baigaa irgeded ariun uilsed ni amjilt husiye.

0  |  0
Huuden(79.106.115.105) 2019 оны 08 сарын 09

Her undesleltei bhn bas soninldoo ene hudaldagdaj bgaa setgouulzuig yaltai bileedee

0  |  0
Jargal(202.9.43.120) 2019 оны 08 сарын 09

Gol Mandakhbayar gedeg hun chin hudlaa dur isgesen hun bhgui yudaa. Tanai zindaa chin Mandakhbayariin gar hul yum haashain.

0  |  0
suhee(82.102.16.174) 2019 оны 08 сарын 09

Hen negend bish niited chuglesen shuumj ywaasai odoo uul uurhai gazar shoroogoo hairlaj hamgaalah gj bgaa bol yg ter zarchmaaraa hen hen gehgui bugdiign l shalga

0  |  0
bold(91.134.2.190) 2019 оны 08 сарын 09

Odoo tgd ymar arga hemjee avah ve ern tgd uul uurhain lizinzee tgvvl bugdiign tsutslaad uul uurhaigaa uhhaa bolichooch bugd

0  |  0
Alice(124.158.77.58) 2019 оны 08 сарын 09

ene mandakh bayar odoo bolildoo Uls tord oroh gd bgaa bol tgd shudargaar ard tumendee unelegdeed oroochee zaaval hen negnii ner toriig gutaan doromjilj bj oroh yumuu

0  |  0
Ankhaa(51.91.18.131) 2019 оны 08 сарын 09

Neg yum bolhoorl umnuh zasgiin gazart tiim bsn iim bsn geedl hen durtain shuumj bichih yum

0  |  0
Top