БАЙР СУУРЬ: Иргэд уурхайн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд, "Сауд Гоби Коэл Транс" компанийн төлөөлөл 15 хүн багтсан 150 гаруй хүн оролцож байна. "Тост, Тосон бумба" хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз шууд дамжуулж байна. 

Хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн сэтгэгдлийг хүргэе.


УИХ-ын гишүүн О. Баасанхүү:

-Би 2015 онд Өргөдлийн байнгын хорооны дарга байсан. Тухайн үед Тост, Тосон бумбын асуудал нэлээн хүчтэй яригдаж байсан учир бид тогтоолын төсөл өргөн барьж байсан. Тогтоолын төслийн хэмжээнд 800 га газрыг хамгаалалтад авъя гэсэн шийдвэр гаргасан. Харамсалтай нь, хоёр шалтгааны улмаас бүхэлд нь хамгаалалтад авч чадаагүй. Ямар шалтгаан байсан бэ гэхээр нэгдүгээрт, тухайн лицензтэй компанид нөхөн төлбөр өгөх боломжгүй байсан. Хоёрдугаарт, байгалийн нөөц цогцолбор газар гэдгийнх нь дүгнэлт өөрөө яг тэр газраараа орж ирээгүй. Ийм хоёр шалтгааны улмаас Тост буюу ирвэс байгаа газраа хамгаалсан. Тост, тосон бумба буюу Өмнөговийн тэр хэсэгт 5-6 уул уурхайн компани байгаа. Энэ компаниудыг нийтээр нь авч үзэх шаардлагатай. Нэг ч компани тэнд хөрс хуулаасай гэж хүсэхгүй байна. Монгол Улсын 78 хувьд нь цөлжилт үүссэн байна. Тэгэхээр ард иргэдийн усаа хамгаалъя гэж тэмцэж байгаа нь зөв. Энэ тэмцлийг улс төрийн ямар ч агуулга байхгүй гэж харж байна.

2015 онд Тост, Тосон бумбыг хамгаалалтад авсан ч жижигхэн талбайг нь авсан. Зөвхөн ирвэс нутагшдаг газрыг авсан болохоос байгалийн цогцолбор гэдэг утгаар нь аваагүй. Тийм учраас энэ яам агентлаг, мэргэжлийн хяналтынхан одоо ажиллах ёстой, ажлаа үнэнч шударгаар хийх ёстой гэж бодож байна. Байгалийн цогцолбор гэдэг нь эндээс энэ хэсэг байгаа юм гэдэг шийдвэр гаргахад л болох байхгүй юу. Энэ шийдвэрийг одоо гаргана гэж итгэж байна.

Өмнөговь аймгийн иргэн

-Хэлэлцүүлэг үнэхээр үр дүнтэй болж байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хууль бус уурхайг зогсоох шаардлагыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн гэдгийг хэлэлцүүлгийн үеэр аймгийн мэдэгдлээ. Уурхайн үйл ажиллагааг зогсоох юм байна гэж ойлгож байна. Маш их баяртай байна. Энэ бол бидний туйлын зорилго байсан. Эх орны эрх ашгийг давсан компанийн эрх ашиг гэж байх ёсгүй. Бид эх орондоо эзэн болохгүй бол өөр хэн болох юм. Хүмүүс Тост, тосон бумба гэхээр Б.Чойжилсүрэнгийн талаар ярилаа гэдэг. Өшөө цаашаа бүгдийг ярина. Монголчууд нэгдэж чадаж байна. Бид эх орондоо эзэн нь байгаа юм байна гэдгийг энэ тэмцлээс олж харлаа. Өнөөдрийн хэлэлцүүлэг энэ бүхнийг бүр илүү баталж өглөө.
 

"Эрс шинэчлэл" хөдөлгөөний гишүүн н.Батбаатар:

-"Эрс шинэчлэл" хөдөлгөөн 2005 оноос хойш уул уурхайн асуудлаар хүчтэй тэмцэж ирсэн. Өнөөдөр бид Тост, Тосон бумбын нурууг тойрсон уул уурхайн 10 гаруй компанийн тухай ярьж байна. Мэдээж шалтгааныг судлах хэрэгтэй. Монгол оронд нүүрс, ашигт малтмалын илэрц гарсан болгоныг ухаад байх юм уу? Улсын бодлого гэж алга. Уурхай болгон дээр хэлэлцүүлэг хийж байж шийдвэл хэдэн жил үргэлжлэх билээ? Эсвэл уул уурхайн салбарт цогцоор нь шинэчлэлт хийхгүй бол “Бороо гоулд” шиг  бүхнээ алдаад дуусна. Өнөөдрийн хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж байна. Төр, засгийн зүгээр эрх биш анхаарах байх гэж найдаж байна. 

СХД-ийн III хорооны иргэн н.Булган: 

-Монголын минь эх орны байгаль, газар шороо8 уул усыг ухаж сэндийлгэж байгаад сэтгэл өвдөж явдаг. Өвөг дээдсийн минь үлдээсэн сэтгэл булаам байгалийг хууль зөрчин ухаж байгааг тэвчдэггүй. Уул уурхайн компаниудад өндөр хяналт тавих хэрэгтэй. Би эх орныхоо төлөө амь насаа үл хайрлан тэмцэхэд бэлэн. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн:

-Манай Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруу эрт дээр үеэс нутаг орноо хайрлан хамгаалж ирсэн өвөг дээдсийн минь үлдээсэн нутаг. Нутгийн ард түмэн, үр хойч бид үргэлжлүүлэн цааш хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах билээ. Өвөг дээдсийн минь үед уул уурхай гэж байгаагүй. Одоогийн энэ их уул уурхайн компаниудаас болж уух ус, бэлчээр нутаг үгүй болж, малчид бидэнд амьдрах арга алга боллоо. Тостын нуруунд шигдсэн уул уурхайн компаниудыг зогсоох хэрэгтэй гэж бодож байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top