"Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр (2019.08.09) Төрийн ордонд болж байгаа бөгөөд хэлэлцүүлэг 15:00 цаг хүртэл түр завсарлаад байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцүүлгийн талаар байр сууриа хуваалцлаа.
УИХ-ын гишүүн О. Баасанхүү:
-Би 2015 онд Өргөдлийн байнгын хорооны дарга байсан. Тухайн үед Тост, Тосон бумбын асуудал нэлээн хүчтэй яригдаж байсан учир бид тогтоолын төсөл өргөн барьж байсан. Тогтоолын төслийн хэмжээнд 800 га газрыг хамгаалалтад авъя гэсэн шийдвэр гаргасан. Харамсалтай нь, хоёр шалтгааны улмаас бүхэлд нь хамгаалалтад авч чадаагүй. Ямар шалтгаан байсан бэ гэхээр нэгдүгээрт, тухайн лицензтэй компанид нөхөн төлбөр өгөх боломжгүй байсан. Хоёрдугаарт, байгалийн нөөц цогцолбор газар гэдгийнх нь дүгнэлт өөрөө яг тэр газраараа орж ирээгүй. Ийм хоёр шалтгааны улмаас Тост буюу ирвэс байгаа газраа хамгаалсан. Тост, тосон бумба буюу Өмнөговийн тэр хэсэгт 5-6 уул уурхайн компани байгаа. Энэ компаниудыг нийтээр нь авч үзэх шаардлагатай. Нэг ч компани тэнд хөрс хуулаасай гэж хүсэхгүй байна. Монгол Улсын 78 хувьд нь цөлжилт үүссэн байна. Тэгэхээр ард иргэдийн усаа хамгаалъя гэж тэмцэж байгаа нь зөв. Энэ тэмцлийг улс төрийн ямар ч агуулга байхгүй гэж харж байна.
2015 онд Тост, Тосон бумбыг хамгаалалтад авсан ч жижигхэн талбайг нь авсан. Зөвхөн ирвэс нутагшдаг газрыг авсан болохоос байгалийн цогцолбор гэдэг утгаар нь аваагүй. Тийм учраас энэ яам агентлаг, мэргэжлийн хяналтынхан одоо ажиллах ёстой, ажлаа үнэнч шударгаар хийх ёстой. Тосон бумбыг хамгаалахын төлөө ажиллах ёстой гэж бодож байна. Байгалийн цогцолбор гэдэг нь эндээс энэ хэсэг байгаа юм гэдэг шийдвэр гаргахад л болох байхгүй юу. Энэ шийдвэрийг одоо гаргана гэж итгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тосон бумбыг хамгаалах нэрийн доор булааж авахаар улайран дайрч буй энэ операцийн ард хэн байна вэ?