Б.Хурц нарын хурлын шүүхийн бүрэлдэхүүнийг хамгаалалтад авчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах явцдаа сэжигтэн этгээдүүдийг эрүүдэн шүүсэн, хилс хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгаж буй юм. Шүүх хурал өнөөдөр 22:00 цаг хүртэл хуралдаж завсарлалаа. Шүүх хурал маргааш дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Мөн шүүх бүрэлдэхүүнийг өнөөдөр оройноос цагдаагийнхан хамгаалалтад авсан байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн маргааш шийдвэрээ гаргах төлөвтэй байгаа юм. Уг хурлын Ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал нар ажиллаж байгаа юм. 

Шүүх танхимын гадна иргэний хөдөлгөөнийхөн болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн тайван цуглаан зохион байгуулж, ажиглалт хийж буй. Шүүх хурал завсарлахын өмнө тэдний хооронд багахан маргаан үүссэн байна. Тухайлбал, шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүх танхимын гадна өндөр дуугаар хашгирч байр сууриа илэрхийлсэнд иргэний хөдөлгөөнийхөн дургүйцэж, тухайн иргэн рүү гурил цацсан аж. Энэ мэтээр тэдний хооронд үйл ойлголцол үүссэн байна.

Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна. Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа юм. Шүүх хурал маргааш 09:00 цагаас эхэлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top