Б.Хурц нарын хэргийг нууцаас гаргах асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг яллагдагчаар татсан. Анхан шатны шүүх хурал удахгүй товлогдох юм. Шүүгдэгчээр татагдсан есөн хүнийг 13 өмгөөлөгч өмгөөлж буй юм. Тэдний төлөөлөл өнөөдөр /2019.10.28/ мэдээлэл хийлээ.

Тэд төрийн нууцад хамаарах хэргүүдийг нээлттэй болгох ёстой гэж үзэж буй аж.  

Өмгөөлөгч Б.Мэргэн “Анхан шатны шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч, прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн аваад байна. Хэргийг байгаа материалынхаа хүрээнд шийдвэрлэ гэж анхан шатны шүүх рүү буцаасан. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна. Тиймээс магадлалаа гардаж авсны дараа Улсын Дээд шүүхэд гомдол гаргах байр суурьтай байгаа.  Энэ хэрэг төрийн маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийн материалын талаар ярих эрхгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж төрийн нууцад хамааруулсан хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байна. 1998 онд үйлдэгдсэн С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. Эхний ээлжид тус хэргийн материалыг дараа нь эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийн материалыг ил  болгож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-өө хуралдуулаад хэргийн материалыг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөөч ээ гэж хүсэж байна. Хэрэг нууцын зэрэглэлтэй учраас бидний ажиллаж байгаа хэргийн хүрээнд гэхэд шүүх дээр очоод 36 хавтас 15600 хуудас материалыг үзэж танилцаад, тэмдэглэл үйлддэг. Ингээд үйлдсэн тэмдэглэлээ үлдээгээд гардаг. Бид робот биш учраас тэмдэглэлээ эргэж санаад шүүх дээр мэтгэлцэнэ гэдэг маш хэцүү. Үүнээс гадна нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлд ажиллаж байхад нэр бүхий улстөрчид маш нууц хэргээс мэдээлэл задруулаад байдаг. Ингэхдээ өөрт ашигтай байж болохоор хэсгийг гаргаж ирээд олон нийтийг төөрөгдүүлдаг. Үүнийг залруулах гэхээр "Та нар төрийн нууц задруулахгүй шүү" гээд дарамтлаад байдаг. Тиймээс харилцан тэнцвэртэй байлгах хэрэгтэй байна. Цаг хугацааны хувьд аваад үзвэл 1998 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 21 жил шалгаж, гурван шатны шүүхээс шийдвэр гарчихсан. Ийм нөхцөлд нууцаас гаргах ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна” гэлээ.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгчид ийнхүү эрүүдэн шүүсэн гэх хэргийг нээлттэй болгох асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ft(66.181.161.60) 2019 оны 10 сарын 28

nuutsaas garguulaldaa bid nar ch gesen uzmeer baishtee\n

0  |  0
Top