79 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

1943 оны наймдугаар сарын 17-нд төрсөн энэ жүжигчин Холливудын хамгийн алдартай эрхмүүдийн нэг. Роберт Де Ниро Стивен Сигал шиг зодолдож, Брюс Уиллис шиг хүн төрөлхтнийг авардаггүй ч түүнээс хэн ч айн эмээдэг. Учир нь түүний бүтээсэн ихэнх дүр мафи, гангстертай салшгүй холбоотой.

“Таксины жолооч” (Taxi Driver)

1976 он, найруулагч Мартин Скорсезе

Толины өмнө зогсоод буудаж байгаа мэт дүр үзүүлэн, өөрийгөө шүтэн харж байгаагүй хөвгүүн энэ дэлхийд байхгүй биз. “Таксины жолооч” бол өөдрөг, гэгээлэг юм ганц ч байхгүй кино. Хэдий тийм ч дахин дахин үзмээр санагдаад л. 1976 оны энэ кино одоо ч хуучраагүй хэвээр.

“Америкт нэг удаа” (Once Upon a Time in America)

1983 он, найруулагч Сержио Леоне

Де Ниро гангстер киноны оргил болсон хоёр бүтээлд тоглосон. Энэ бол “Загалмайлсан эцэг”, “Америкт нэг удаа” кинонууд. Түүнийг итали гаралтай мафийн дүрд тоглуулахыг найруулагч нар яагаад ч юм хүсдэг байлаа. 2004 онд түүнд “Италийн хүндэт иргэн” цол олгох гэсэн боловч зарим италичууд эрс эсэргүүцсэн юм. Тэд Де Нирог италичуудыг бүгд дээрэмчин, мафи гэж харуулж байсан этгээд хэмээн шүүмжилж байв. Гэхдээ тэр ямар  ч гэсэн хоёр жилийн дараа Хүндэт иргэн болсон. “Америкт нэг удаа” бол гангстер киноны сонгодог бүтээл. Хачирхалтай нь “Оскар” хүртэх нь битгий хэл нэр ч дэвшээгүй.

“Галзуу бух” (Raging Bull)

1980 он, найруулагч Мартин Скорсезе

Роберт Де Ниро спортын драм төрлийн “Галзуу бух” киногоор “Оскар” хүртсэн. Найруулагч Скорсезе хар тамхинд хэт донтож эхэлсэн тул түүнийг завгүй байлгаж, хорт зуршлаас нь салгах гэж Де Ниро түүнийг хүчээр энэ кинонд ажиллуулсан гэдэг. Үр дүнд нь Скорсезе хар тамхи татах завгүй болж, Де Ниро “Оскар” авсан байна.

“Гайхалтай залуус” (Goodfellas)

1990 он, найруулагч Мартин Скорсезе

Дахиад л гангстер, дахиад л Скорсезе. Де Нирогийн мафийн дүрүүдээс хамгийн сайн нь ч байж магад. Энэ кино “Загалмайлсан эцэг” киноны гуравдугаар хэсэгтэй зэрэг дэлгэцэнд гарсан. Хэдий “Загалмайлсан эцэг” орлого илүү олсон ч “Goodfellas” бүх цаг үеийн шилдэг гангстер киноны нэг болж чадсан.

“Cape Fear”

1991 он, найруулагч Мартин Скорсезе

Де Ниро дахиад л гэмт хэрэгтэн болсон. Гэхдээ огт өөр янзын этгээд. Макс Кейди бол галзуурсан амьтан бөгөөд шоронгоос гарахдаа өс хонзонгоо авахаас өөр юм бодохгүй. Скорсезе, Де Ниро нарын хамтарсан бүтээлүүдээс шилдэгт нь багтахгүй ч хүмүүсийн ой тойнд үлдсэн кино.

“Тулаан” (Heat)

1995 он, найруулагч Майкл Манн

Аль Пачино, Роберт Де Ниро гэсэн алдарт жүжигчид амь өрсөн тулалдсан билээ. Тэдний хэн нь ч цагдаа, эсвэл эсрэг талын баатар байж болох, тоглож чадах ч яагаад ч юм дахиад л Де Ниро гэмт хэрэгтэн нь болсон. “Загалмайлсан эцэг”-т энэ хоёр жүжигчин хамт тоглож байсан ч хамт гардаг дүрс байдаггүй. Тэгвэл “Тулаан”-д хамт гарах нь битгий хэл халз тулалддаг. Жинхэнэ гэмт хэрэгтнүүд ч энэ киног бодит амьдралд тун ойр болж гэж дүгнэдэг гэнэ лээ.

“Казино” (Casino)

1995 он, найруулагч Мартин Скорсезе

Сэм “Түүз” Ротштейний дүрийг тэр бүтээсэн. Мөрийтэй тоглоомын казино ажиллуулдаг, мафийн гишүүний дүрийг маш сайн, бодитойгоор бүтээж чадсан. Мафийн бүлэг цэвэрлэгээ хийсний дараа амьд үлдсэн цөөхөн хэдэн хүний нэг тэр. Киноны төгсгөлд тэр охиноосоо бусад бүх зүйлээ алдах ч мөрийтэй тоглох, ялах зөн совин нь түүнийг орхиогүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top