Б.Хурц нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сэжигтнээр татан шалгах үедээ тэднийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг буруутган шүүж байгаа билээ. Шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн ажлын таван өдөр өглөөний 09:00 цагаас үдэш хүртэл хуралдсан ч шийдвэрээ гаргаагүй юм. Тиймээс шүүх хурал энэ долоо хоногт үргэлжлүүлэн хуралдахаар болсон.

Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа бол Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна. Мөн гэрчээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Ц.Амгаланбаатар нар оролцож байгаа. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн шүүх хурлын талаар товч мэдээлэл хүргэе.

Шүүх хурлын явцын талаар өнгөрсөн баасан гарагт Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохицуулах албаны ажилтан Б.Жавхланбаяр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Шүүх хурал хуульд заасан дарааллынхаа дагуу явж байна. Одоогийн байдлаар эд мөрийн баримтаа шинжлэн судалж, хураагдаж ирсэн бичлэгүүдийг үзэж байна. Мөн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтаа шинжлэн судалж байгаа. Олон оролцогчтой, олон хавтаст хэрэг байгаа учраас хугацаа шаардаж байгаа юм. Шүүхийн байгууллага бол хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг бүгдийг нь судлах ёстой. Эд мөрийн баримтад дан бичлэг бий. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна” гэж байлаа.  Тэгэхээр шүүхийн байгууллагын өгсөн мэдээллээр хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг тайлбар дуусч, нотлох баримт, бичлэгийг хянаж, нягтлах ажил хийгдэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, дууссан байна.

Иймд шүүх хурал дуусах шатандаа орсон бөгөөд, шүүхийн бүрэлдэхүүн өнөөдөр  шийдвэрээ гаргаж магадгүй юм. Шүүгдэгч нарын зүгээс хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц баасан гарагийн 19:00 цагийн үед шүүх хурлын танхимаас гарч ирсэн бөгөөд түүнээс сэтгүүлчид болон жагсагчид мэдээлэл авахыг хүссэн ч хариулт өгөхөөс татгалзсан. Жагсагчдын зүгээс Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутай эсэхээ тайлбарлах, доод албан тушаалтнууддаа үүрэг өгсөн үү гэх асуултуудад хариулт өгөхийг шаардсан юм. Б.Хурц ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй учраас шүүх хурлын гадаа жагсаж байгаа төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн авто­машиныг нь хааж эсэргүүцлээ илэрхийлсэн. “Хурц аа мэдээлэл өг. Эрүүдэн шүүх үүргийг доод албан тушаалтнууддаа өгсөн юм уу. Ард түмэндээ үгээ хэл” гэх зэргээр шаардлага тавьж, машиныг хааж зогссон учраас тэрбээр буцаж шүүхийн байранд орсон юм.

Хэсэг хугацаанд шүүхийн байранд саатсан Б.Хурц 21:00 цагийн үед залуучуудаар хамгаалуулж, автомашиндаа сууж явав. Энэ үеэр сэтгүүлчийн “Та эрүүдэн шүүх үүрэг өгсөн юм уу” гэсэн асуултад “Би үүрэг өгөөгүй” гэх хариултаас өөрөөр ам нээгээгүй. Иргэний хөдөлгөөнийхний хувьд Б.Хурц болон Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг энэ хэрэгт буруутай, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан хэмээн үзэж байна. Г.Эрдэнэбат болон бусад шүүгдэгч нарын хувьд олон нийтийн өмнө гарахаас татгалзаж, шүүхийн байрнаас автомашинд сууж гадагш нэвтэрч буй юм. Баасан гарагийн орой шүүх хурал завсарлах үед шүүхийн гадна 100 орчим хүн цуглаж, шүүгдэгч нараас тайлбар мэдээлэл өгөхийг шаардаж байлаа.

Харин хохирогчдын зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутай, эрүүдэн шүүсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй. Тухайлбал, Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ”Миний хүү болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эзнийг олохоор энэ шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Үнэхээр хүүг минь эрүүдэн шүүж, худлаа хэрэг үүсгэн төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас шүүх байгууллага үнэн зөвөөр шүүгээсэй, худал бусармаг зүйл хийсэн хүмүүсийн талд бүү ороосой гэж хүсэж байна” гэдэг тайлбар өгөөд байна.

Шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top