Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Буриадын наадамд дуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын Дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд Л.Л.Линховоины нэрэмжит дуурийн наадам болох гэж байна. Наадамд гурван удирдаач урилгаар оролцох юм. Чиа Амос (Сингапур), Виталий Шевелев, Георгий Албегов нар нийт дөрвөн дуурийг үзэгчдэд толилуулна. Сингапур удирдаач Ж.Вердигийн “Риголетто”, Виталий Шевелев Ж.Бизегийн “Кармен”, Ж.Пуччинигийн “Тоска”, Георгий Албегов Ж.Вердигийн “Багт наадам” дуурьд ажиллах юм.

Тэднээс гадна П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шагналт Юлия Маточкина (Мариинскийн театр), Casta Diva шагналт Владислав Сулимский (Мариинскийн театр), 2015 оны П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны Гран При шагналт, Кардиффийн “Дэлхийн дуучин” олон улсын уралдааны шагналт, Буриад, Монголын Гавьяат жүжигчин  Г.Ариунбаатар (Мариинскийн театр), “Хосе Каррерас Гран-При” наадмын шагналт Михаил Пирогов (Красноярскийн Дуурийн театр), Монголын Дуурь бүжгийн театрын дуучин Б.Гомбо-Очир нар урилгаар оролцож, уран бүтээлээ танилцуулах юм.
 

Л.Л.Линховоины нэрэмжит дуурийн наадам нь 1990 оноос эхэлсэн бөгөөд наадмыг Лхасаран Лодонович Линховоины охин, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин зохион байгуулдаг. Дарима Линховоин нь Г.Ариунбаатарыг Буриадад байхад багш нь байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top