Жүдочдын олимпын өмнөх жилийн гол тэмцээн болох ДАШТ эхлэхэд дөрөв хоног үлдээд байна. ДАШТ-ийг жүдогийн эх орон Япон хүлээн авна. Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад гарсан урьдчилсан мэдээнээс үзэхэд энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн урьд өмнөх бүх рекордыг шинэчлэн тогтоох шинжтэй. 152 орны 900 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа аж.
Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл Японы тулааны урлагийн өлгий гэж хэлж болох “Ниппон Бүдокан” ордонд ДАШТ явагдана. Энэ ордонд тулааны урлагийн бүх төрлийн олон том тэмцээн явагдаж байсан билээ. 1975 онд мэргэжлийн боксын дэлхийн аварга Мохаммед Али, Японы мэргэжлийн бөх Антонио Иноки нарын “Зууны тулаан” энд болж байлаа. 1964 оны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд зориулан баригдсан ордон тул жүдо бөх өлгийдөө эргэн ирлээ гэж хэлж болох юм. 14 мянган хүний багтаамжтай том ордон ч цэнгэлдэх дүүрэх нь ойлгомжтой. Гэхдээ тасалбар зарагдаж дуусаагүй байгаа. 1500-12000 иэний үнэтэй. Бүх өдрийн барилдаан үзэх тасалбар 32000-57000 иэн.
Нийт 14 жин, холимог багийн тэмцээн болж, олимпын чансааны оноо олгоно. Дэлхийн аварга болсон тамирчин чансааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль хүртсэн бөх чансааны 1000 оноо авна.
Шагналын сан ч өндөр.
1-р байр: 26 мянган ам.доллар
2-р байр: 15 мянган ам.доллар
3-р байр: 8 мянган ам.доллар
Наран орны нийслэл 55 жилийн өмнө жүдо бөх хөтөлбөрт нь багтсан анхны олимпын наадмыг хүлээн авч байсан түүхтэй. Мөн 1956, 1958, 2010 онд ДАШТ-ийг зохион байгуулж байв. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн ДАШТ юм.
Өнгөрсөн жилийн жүдогийн ДАШТ 2018 оны есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд болж байлаа. Бакугийн дэлхийн аваргуудаас Өмнөд Солонгосын Ан Чанг-Римээс бусад нь цолоо хамгаалахын тулд зодоглоно. Манай жүдочдоос 2018 онд Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртэж байлаа.
ДАШТ 2019-д зодоглох Монголын шигшээ баг
Эмэгтэй
48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам
57 кг-д Л.Энх-Отгон
63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
70 кг-д Ц.Энхчимэг
78 кг-д О.Мөнхцэцэг
Эрэгтэй
60 кг-ын жинд Д.Амартүвшин
66 кг-д Ё.Басхүү
73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
81 кг-ын жинд О.Ууганбаатар
90 кг-д Г.Алтанбагана
100 кг-д Л.Отгонбаатар
+100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр
Сэтгэгдэл ( 0 )