Аминаг анирдахуй буюу урлагийг ухаарахуй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Бусдаас содон өнгөлөг хувцаслаж, чулуун хүзүүний зүүлтээр гангарч, инээд цацруулсан бүсгүй ажлын өрөөнд минь орж ирлээ. Өнгө өнгө дундаас хамгийн гоё алтлаг даашинзыг уран зургийн “үзмэр” болгосон нь урлагийн хүний л сонголт гэлтэй. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралд өнгө нэмдэг, инээд бэлэглэдэг, ухаарал хайрладаг тэнгэрийн сахиусыг бурхан хүн төрөлхтөнд илгээдэг. Тэд сахиусан тэнгэр гэдгээ хэнд ч хэлдэггүй учраас тэднийг зарим нь ойлгохгүй гомдоох, сониучирхан дагах, гайхаж хачирхах, элдэв саваагүй нээлтийг нь шоолох, тэр ч бүү хэл гадуурхан хавчих нь ч элбэг. Гэвч тэд хэзээ ч шантрахгүйгээр даль жигүүрээ улам хүчирхэг, улам томоор ургуулж чаддаг нь гайхалтай. Түүнийг яриандаа орон, нүдээ анин, чин зүрхнээсээ инээмсэглэх бүрд нь зоо биеэс нь даль нь цухуйж байсан гэвэл та итгэх үү?


Түүнийг Амина гэдэг.  Ээж Я.Булган, аав С.Машбат нарынхаа 1994 онд үүсгэн байгуулсан Дүрслэх урлаг дизайны  “Анима”  сургуульд уран зураг сурч байсан төдийгүй тэнд багшилдаг түүний ертөнцийг үзэх үзлийг урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Залууст дэлхийн  урлагийн  түүх хийгээд гоо зүйн хичээл зааж байгаагаараа бахархдаг.  “Анима” гэдэг нь түүний нэрийн тонгоруу юм уу гэтэл эртний латинаар сэтгэл гэсэн утгатай үг ажээ. Амина Монгол улсын их сургуулийг Урлаг судлаач мэргэжлээр 2013 онд төгсөөд энэ хугацаанд “Эртний Грекийн үлгэр домог Өрнийн урлагт хэрхэн нөлөөлсөн” , “Урлагийг ойлгохуй”, “Эдит Пиафын үдэш”, “Дайн тулаан ба цуст тэмцэл дүрслэх урлагт”, “Рококо урлаг”, “Бүтэлгүй дурлалаар бүтсэн агуу урлаг”,  “Мона Лиза ба түүний найзууд” зэрэг 100 гаруй лекц тавьжээ. МУИС-ийн Ч.Болдбаатар багшийнхаа удирдлага дор суралцаж төгсөөд өвөөгийнхөө номын санд  дэлхийн урлаг соёл хийгээд шинжлэх ухааны дуусаж дундрашгүй далайгаас тархи руугаа юүлсээр, хэдий чинээ их унших тусам өөрийгөө төдий чинээ өчүүхэн гэдгээ мэдрээд илүү ихийг сурахаар шамджээ. Хүн төрөлхтөнд урлагийг бүтээгч гайхамшигт авьяастнууд олон. Тэднээс төрөн гарсан уран бүтээлийг хүртэгч эгэл түмний гүүр болохыг хүссэн учраас энэ мэргэжлийг сонгожээ. Хамгийн сонирхол татам лекцүүдээс нь дурдваас  “Мөөмний түүх” буюу өрнийн уран зураг дахь “Нүцгэн дүрслэл” нэртэй лекц аж. Хүй нэгдлийн үеэс нүцгэн эмэгтэй хүний дүрслэл байсаар байсан ба эмэгтэй хүний гоо сайхныг шүтсээр ирсэн тухай өгүүлнэ.  Эртнээсээ өөрийн гоо сайхан, оюун ухаан, философи, арга залийг худалдан амьдардаг эмэгтэйчүүд байсан гэдгийг Фрина хэмээх бүсгүйн дүрээр бурхны дүрийг мөнхрүүлсэн эртний Грекийн домгоос эхлээд нүцгэн бие , мөөмтэй холбоотой уран зураг дахь дүрслэлээр эх үрийн хайр энэрлийг ч илэрхийлсэн тухай, нүцгэн дүрслэл гэдэг садар самуун биш тухай Амина ярьсан юм. Лекцийнхээ агуулгаар жинхэнэ урлагийг бүтээгчид нийгмээсээ тасарчихсан өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс байж, зуун жилийн цаад дахийг харж уран бүтээлээ туурвидаг байсан бөгөөд ийм хүмүүсийг нийгэмтэйгээ зохицох боломжгүй хүмүүс буюу сэтгэцийн өвчтэй, гаж гэж ад үзсээр ирсэн тухай ч ойлгуулж байв.

 

Тэдний гэрт зочлон ирсэн зураачид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын дунд Сократ, Аристотал, Декартын тухай  философлог  яриа өрнөж, сониучхан охины ертөнцийг өөрөөр нээжээ. Өглөө бүр пянз хөгжмийн дуугаар сэрж, үдэш бүхэн  ээж аав хоёр нь тэр л аянд бүжиглэхийг харах юутай романтик вэ!

 

Урлаг гэдэг дотроо олон төрлийн судлагдахуунтай.  Түүний хувьд Дүрслэх урлаг, сонгодог урлагт дэндүү хайртай. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш өдгөө хүртэлх төгсөрчихсөн энэ л урлагийн тухай жирийн хүний зүрхэнд хүртэл ойлгуулна гэдэг түүний нэг чадвар. Энэ нь түүний урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэнтэй холбоотой. Түүний ээж, аав, өвөө, эмээ, элэнц, хуланц бүгд зураач. Мэдээж зураач нар сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Оюуны боловсролыг, оюунлаг зүйлийг нэгдүгээрт тавьдаг улсууд. Тэдний гэрт зочлон ирсэн зураачид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын дунд Сократ, Аристотал, Декартын тухай  философлог  яриа өрнөж, сониучхан охины ертөнцийг өөрөөр нээжээ. Өглөө бүр пянз хөгжмийн дуугаар сэрж, үдэш бүхэн  ээж аав хоёр нь тэр л аянд бүжиглэхийг харах юутай романтик вэ!

Мэдээж зураач хүний гэр бүлд өссөнөөр задгай сэтгэлгээтэй, эрх чөлөөтэй нэгэн болж төлөвших хэдий ч “Эрх чөлөө гэдэг эрсдэл дагуулдаг зүйл. Улс төрчид бидэнд эрх чөлөө болон тав тухтай байдал хоёрыг зэрэг амладаг. Яг үнэндээ хэзээ ч эрх чөлөө тав тухтай байдал хоёр зэрэг оршдоггүй байхгүй юу” гэж нэгэн философич хэлсэн байдаг гэж тэрбээр хүүхэд шиг инээв. Үнэхээр л чөлөөтэй, задгай сэтгэлгээ яг нийгмийн зохион бүтээсэн хайрцагтай тэрсэлддэг шүү дээ. Тийм учраас ч Амина багаасаа яг тэр хайрцагтай хэрхэн дасах зохицох вэ, хайрцагт дасан зохицонгоо хэрхэн эрх чөлөөтэй сэтгэх вэ гэдгийг суралцсан эмэгтэй. “Би уран бүтээл туурвидаг хүн биш уран бүтээл судалдаг хүн. Уран бүтээлчдийн амьдралаар амьдарч үзчихээд энгийн хүмүүст ойлгуулах нь миний үүрэг. Энгийн хүмүүс өөртөө дасал биш зүйлийг хараад гайхах, хачирхах нь байх л зүйл. Үзэгчдийг 100 хувь  буруутгах аргаггүй.  Харин ямар ойлгомжтой аргаар тархиных нь дасал болгох вэ гэдэг л чухал юм” гэж Амина хэлээд үл ялиг бодлогоширсноо харц нь гэрэлтээд нэг зүйлийг санав бололтой. Яагаад зураач болоогүй тухайгаа хөгжилтэйгөөр тайлбарлахдаа “Би ер нь нэг зүйлийг хийвэл туйлд нь хүргэх дуртай. Гэвч миний зураг төгс болохгүй байсан юм аа” гэсэн юм.

 

 

Урлаг гэдэг чинь өөрөө энэ аймшигтай харгис нийгэмд хүнийг чоно болгочихолгүй хүн чигээр нь авч үлдэхийн төлөө орших ёстой юм.

 

Адтай охин Амина Франц, Герман, Итали, Серб, Грек, Швейцарь г.м олон орноор явж, европын улс орны эртний түүхийг өгүүлсэн гудамж талбай, сүм музейгээр аялснаар зүрх сэтгэлдээ маш гүн сэтгэгдэл үлдээсэн нь түүний ай савыг дүүргэх нэгэн алхам болжээ. Ги де Мопассаны номыг тэвэрч хэвтэх дуртай охин өсвөр насандаа уруулаа тас хараар будаад рок хувцаслаж, амьд хөгжмийг шүтэж явсан гэвэл сонин байна уу? Бүтэлгүйтэл, сахилгагүйтлээр дүүрэн түүний хүүхэд нас өөрийгөө олох замыг эрт чиглүүлсэн ч байж магадгүй. “Урлаг, шашин, улс төр гээд ер нь бүхий л салбарууд хүний сэтгэл зүйд гүн гүнзгий, хүчтэй нөлөөлдөг зүйл. Тэр л гүн гүнзгий рүү хүмүүс орохоос айдаг. Тэр сэдэв рүү өнгийгөөд үзвэл хүн аймаар мангаа байхгүй шүү дээ. Жишээ нь “Чупа чупс” гэдэг чихрийн цаасны дизайныг 20 дугаар зууны агуу суут  зураач Сальвадор Дали бүтээсэн гэдгийг мэдэх хүн цөөхөн. Энгийн наад захын  чихэр дээр хүртэл урлаг явж байгааг анзаарвал амьдрал тэр чигтээ урлаг гэдгийг ойлгоно. Урлаг гэдэг чинь өөрөө энэ аймшигтай харгис нийгэмд хүнийг чоно болгочихолгүй хүн чигээр нь авч үлдэхийн төлөө орших ёстой юм” гэж жижигхэн бүсгүйгээс гарамгүй том үг байгаа биз. Тиймээс хүн төрөлхтөнд гэгээн бүхнийг олж харах билгийн нүдтэй сахиусан тэнгэрүүдийг илгээдэг биз ээ.

 

 

Амина ирэх есдүгээр сарын 10-нд 500-600 хүний багтаамжтай “Синдром” арт шоу хийхээр төлөвлөөд байгаа билээ.  Түүний шунан дурлаж, шүтэн биширдэг зураачид болох Сальвадор Дали , Ван Гог, Фрида Кало нарын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх тус шоуг тэсэн ядан хүлээж буй хүн олон. Та ч тэдий нэг байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл Далигийн бардамналыг, Вангогийн зовлонг, Фридагийн өвдөлтийг нэгэн дор мэдрэх сайхан биш гэж үү?


Амина Төрийн шагналт, Монголын анхны ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр охин. Эмээ, өвөө, ээж аав нь бүгд зураач болохоор дүрслэх урлагийн тухай ойлголтыг өргөн цар хүрээтэй мэдэрч өсжээ. Дүрслэх урлаг гэдэг баримал болон ханын зураг, уран зураг, монгол зураг гээд маш олон төрөл. Эртний грекийн үед язгууртны нийгэмд Аристосчууд /хамгийн дээд хамгийн хамгийн сайн гэсэн утгатай/ нийгмийг удирдаж явдаг байжээ. Сонгодог урлаг бол язгууртны нийгэмд хамаатай байсан бол ард түмний дунд ардын урлаг байсаар ирсэн. Орчин үед бид юугаараа азтай вэ гэхээр сонгодог урлаг, ардын урлаг гэж ялгахгүйгээр аль алинаас нь сайн сайхан зүйл хүртэх боломжтой болсон. Үүний нэг илрэл нь түүний олонд хүртээдэг илтгэлүүд. Амина ирэх есдүгээр сарын 10-нд 500-600 хүний багтаамжтай “Синдром” арт шоу хийхээр төлөвлөөд байгаа билээ.  Түүний шунан дурлаж, шүтэн биширдэг зураачид болох Сальвадор Дали , Ван Гог, Фрида Кало нарын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх тус шоуг тэсэн ядан хүлээж буй хүн олон. Та ч тэдний нэг байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл Далигийн бардамналыг, Вангогийн зовлонг, Фридагийн өвдөлтийг нэгэн дор мэдрэх сайхан биш гэж үү? Зарим зураачид ядуу байдагтаа биш зураач ядуу байхыг сонгодог учраас л тэд яагаад энэ замыг сонгов гэдэг сонин биш гэж үү? Вангог  өөрийн жижиг умгар өрөөнд даарсандаа хэдэн сая доллар шатаасан юм билээ. Түүний  зураг 82.5 сая доллараар үнэлэгдлээ шүү дээ.  Гэтэл Сальвадор Дали Америкт алдрын оргилд хүрчихсэн, зургийнхаа орлогыг таван одтой зочид буудалд үрчихсэн баярхуу амьтан явлаа.  Энэ мэтчилэн тэд сайн, муу, сайхан муухайгийн туйлыг үзчихсэн байдаг болохоор л бид тэдний арьсыг нөмөрч үзэх хэрэгтэй юм шиг ээ. Ямар нөхцөл байдалд тэр урлагийн бүтээл төрсөн бол гэдгийг мэдэрч, тэдний амьдралаар хэсэгхэн хором амьдрах боломжийг “Синдром” арт шоу та бүхэнд олгож байна.
 

 

Сонгодог урлагийн дэг жаягийг хамгийн их хадгалж авч үлдсэнээрээ дэлхийд нэгт тооцогддог тэрхүү /Репиний Дүрслэх урлагийн академи/ сургуульд суралцаж боловсрол, мэдлэгээ дээшлүүлнэ гэдэг юутай аз завшаан билээ. “Миний хамгийн том багш бол миний ээж” гэж хэлэх дуртай  түүнийг ээж нь багаас нь урлагийн зам руу хөтөлж, галерей, музей, театр луу дагуулж, урлагийн мэдрэмжийг суулгаж, анхны урлагийн түүхийн сонирхолтой уран бүтээлүүдийг үзүүлж, гайхалтай түүхүүдийг ярьж байсан хүн нь ээж нь болохоор аргагүй.

 

Сахилгагүй Амина тун удахгүй ОХУ-ын Санктпетербургийн Репиний Дүрслэх урлагийн академид суралцахаар болжээ. Сонгодог урлагийн дэг жаягийг хамгийн их хадгалж авч үлдсэнээрээ дэлхийд нэгт тооцогддог тэрхүү /Репиний Дүрслэх урлагийн академи/ сургуульд суралцаж боловсрол, мэдлэгээ дээшлүүлнэ гэдэг юутай аз завшаан билээ. “Миний хамгийн том багш бол миний ээж” гэж хэлэх дуртай  түүнийг ээж нь багаас нь урлагийн зам руу хөтөлж, галерей, музей, театр луу дагуулж, урлагийн мэдрэмжийг суулгаж, анхны урлагийн түүхийн сонирхолтой уран бүтээлүүдийг үзүүлж, гайхалтай түүхүүдийг  ярьж байсан хүн нь ээж нь болохоор аргагүй.

Түүний нэг эмзэглэдэг зүйл нь хүмүүс ямар нэгэн багны цаана нуугдахыг хүсдэг болсонд бөгөөд нийгмийн айдас түгшүүр хүнийг ийм болгосонд эмзэглэдэг.  Хүмүүс бие биеэсээ айх, бие биедээ үл итгэх, бие биеэ үл хайрлах зэрэгт тэр туйлын их эмзэглэдэг. “Аливаад чин сэтгэлээ нээгээд өгчихвөл дараа нь харамсаж, шаналахаасаа гэдэг өөрөө айдас хүрэм байгаа биз. Энэ чинь л хиймэл, дүр эсгэлтийг хүмүүст суулгаж, ямар нэгэн баг өмсгөж байна. Хиймэл байна гэдэг шүүмжлүүлэхээс айж байна, харьцуулагдахаас айж байна.  Үүнд магадгүй техник технологийн хөгжил, цахим орчны нөлөө бий.  Гэвч бид энэ хөгжлийг өөрсдөө бий болгосон шүү дээ.  Хамгийн гол нь бид  буруу үнэт зүйлсийг нэгдүгээрт тавьж байгаагаас л болж байгаа юм. Хэрвээ бид нар сэтгэл оюун гэдэг зүйлийг нэгдүгээр үнэт зүйлээрээ тавьсан бол  хиймэл харилцаа, хуурмаг баг үүсэхгүй байх сан” хэмээн тэр шүүрс алдав.

 

 

 Дали, Вангог, Фрида нар бүгд л  синдромтой байсан биз дээ гээд хэлчихвэл намайг хүмүүс загнахгүй байхаа

 

Хааяа түүнд “Би юу л хийгээд байна даа. Энэ бүхэн хэнд хэрэгтэй гэж” гэж өөрөөсөө асуух, сэтгэлээр унах, сандрах, бүр уйлах ч үе гардаг. Ямартаа л  “Өө би чинь лекц болгоныхоо өмнө гурав, дөрвөн  цаг уйлдаг” гэж хошигнож байх вэ дээ. Лекцийн танхимд хүмүүс дүүрэн суучихсан ганцхан өөрийг нь хүлээж буй тэр мөчид “үгүй ээ гараад зугтчихъя, буцаагаад мөнгийг нь өгчихье л дөө” гэж халгана, бэргэнэ. “Лекц бол миний хувьд боксын тулаан байхгүй юу” гээд тэрбээр аанай л хөөрхөн инээмсэглэв. Түүний хувьд судалгаа хийж, лекц бэлдэнэ гэдэг гэдэг яг л хүүхэд тээж, есөн сарын турш зүрх, тархиндаа бүрэлдүүлж, бойжуулж, төрүүлэхтэй адил. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ байх л юм бол хүмүүст сайн, сайхан мэдрэмжийг өгч чаддаг гэдгийг Амина бүрэн ойлгосон бүсгүй.  Үзэгчдээ хүндэтгээд,  маш хариуцлагатай байж,  ярьж буй зүйлдээ өөрөө итгэл үнэмшилтэй, шунан дурлаж, дотор нь орсон байж л бусдыг оруулна шүү дээ. Амина яг л тэр зарчмаар элдэв баг, хуурмаг төрх, хиймэл зангүйгээр бусдын өмнө сэтгэл зүрхээ дэлгэж орхидог. Тийм дээ л хүмүүс түүнд хайртай.

Анима сургуулийн 25 жилийн ойтой давхцуулж, зохион байгуулах гэж байгаа “Синдром” арт шоунд тус  сургуулийн багш сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн гарна гэдгийг дашрамд дуулгая. Ирэх сарын 10-ны 19 цагт Корпорейт конвэншион цэнтрт болох гэж байгаа тус шоунд суут зураач Далигийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн модерн балет бүжиг тоглогдох төдийгүй орчин үеийн хөгжмийн урсгалын  залуу ДиЖи нар тэсрэлт хийх нь. Аминатай урлаг судлаач гэхээсээ илүүтэй найз нөхөд талаас нь танилцаж, удахгүй эрдэм ном сурахаар холын замд мордоход нь үдэх үдэлтийн парти гэхэд болно. Нээрэн энэхүү үдэшлэгээ яагаад “Синдром” гэж нэрлэсэн тухайд асуухад тэр юу гэсэн гээч? “Монголчууд хаврын, намрын синдром гээд л ярьдаг шүү дээ. Аливаа нэгэн сэтгэл зүйд нөлөөлсөн гэнэтийн цочрол өгөхөөр зүйл байх учраас тэрийгээ бэлгэдээд  ийм нэр өгсөн.  Тэгээд ч Дали, Вангог, Фрида нар бүгд л  синдромтой байсан биз дээ гээд хэлчихвэл намайг хүмүүс загнахгүй байхаа”

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Phantom(66.181.167.95) 2019 оны 08 сарын 22

0  |  0
Top