Э.Батбаяр: Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй

2019 оны 09 сарын 04

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Монголын Хуульчдын холбоо Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэд, хэдэн удаа хуралдсан ч нэр дэвшигчдээ тодруулаагүй байгаа. Тэгвэл ямар шалтгаанаар дараагийн гишүүд томилогдохгүй байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр дараах хариултыг өгч байна.


Тэрбээр "Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэн эрхийг таван жилийн хугацаатай гэж хуульчилсан байдаг. Монголын хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор томилдог. Таван жилийн хугацаа энэ оны гуравдугаар сард дууссан. Тэр даруй Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлж ирүүлэх мэдээллийг манай байгууллагаас Монголын хуульчдын холбоонд хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Мэдээж, манай байгууллагын ажилд тодорхой хэмжээний хүндрэл учирч байгаа. Яагаад удаж байгааг бид тодруулсан. Янз бүрийн л шалтгаан байдаг бололтой. Гэхдээ тус байгууллага хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх үүрэгтэй. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт ”Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна” гэж заасан байдаг.

Төрийн ажил хэвийн, тасралтгүй явагдах зарчимтай. Ер нь хугацаатай томилогддог албан тушаалтан дараагийн хүнийг томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлж байх зохицуулалт манай улсын хуулиудад нийтлэг байдаг. Харин шүүхийн тухай хууль тогтоомжид энэ талаар тусгагдаагүй болно. Төрийн ажлыг хэвийн, тасралтгүй явуулах эрх ашгийн үүднээс Мэргэшлийн хорооны гишүүдийг томилогдтол өмнөх гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоотой гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн тогтоол гаргаагүй байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top