Даншиг наадмыг эргэлтэд оруулах бодлого дутагдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Монголчуудын шүтэн дээдэлдэг бурхан багшийн агуу хүч чадлыг эрхшээсэн Очирваань бурхныг залж, аюул хорлолыг зайлуулахын тулд даатгал залбирлыг үйлддэг “Даншиг наадам-Хүрээ цам” уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдлаа. “Даншиг наадам-Хүрээ цам” өнгөрөгч сарын эхээр болох шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан байсан ч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс энэ жилийн наадмын үйл ажиллагаанд оролцохгүй болсноо мэдэгдсэн. Тиймээс Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд дангаараа зохион байгуулж энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. 

Өндөр гэгээний байгуулсан 108 баганатай олон мянган лам нэг дор хурдаг “Батцагаан”  дугана хэлмэгдлийн үед “арчигдсан” түүхтэй. БСШУСЯ-аас захиалан 2006 онд эхэлсэн “Батцагаан” цогчэн дугана  олон жил “царцаад” байсан бөгөөд Даншиг наадмаар нээлтээ хийж, шашны түүхэн цогцолбор эргэн сүндэрлэсэнд сүсэгтэн олон болон лам нарын сэтгэл өндөр байв. Мөн Даншиг наадмын хүрээнд 6, 7-ны өдөр “Самвад III” олон улсын хурал боллоо. Хурлаар шашин, төрийн зүтгэлтнүүд ирж шашин хоорондын зөрчил хийгээд байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах вэ зэрэг олон талт хэлэлцүүлэг өрнөжээ.

 

 

Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг таван настайд нь тэргүүн Богд Жавзандамба хутагтад өргөмжилж, арслант ширээнд залж, нас өлмий бат байхын тухайд Даншиг буюу Бат оршил өргөн, хурсан олон наадаж цэнгэн баясдаг уламжлалтай. Ийнхүү Даншгийн хурал өргөлийг даган хийдэг наадмыг Даншиг хэмээн нэрлэж иржээ. Даншиг өргөх ёслолыг гаднын жуулчид илүү их сонирхож үздэг. Энэхүү наадмыг үзэхээр манай улсыг зорих жуулчдын тоо ихэсдэг билээ. Гэвч даншиг наадмыг хойшлогдохыг мэдээгүй олон жуулчид хоосон буцсандаа сэтгэл дундуур байсан тухай аялал жуулчлалын компаниуд Гандан хийдэд гомдол мэдүүлжээ. Энэ оны эхний улирлын мэдээллээр манай улсад 75 мянга гаруй жуулчин ирж, 76.3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 8.5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Энэ нь жуулчид Монголын түүх уламжлал, зан үйл, өв соёлоо харуулсан арга хэмжээг үзэхээр зорин ирдэгтэй холбоотой билээ. Гэвч Даншиг наадам цаг хугацааны хувьд жуулчдын хөл хөдөлгөөн татарсан үед таарсан нь тун харамсалтай. “Хүрээ цам”, Хүчит бөхийн барилдааныг нэг өдөр зохион байгуулсан тул хөтөлбөр оройтож, ажил алба, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдож, мөн машин зогсоолын зай талбай хүрэлцээгүйн улмаас сүсэгтэн олон өмнөх жилийг бодвол бага байлаа.

“Хүй долоо худагт наймдугаар сард хийхэд тохиромжтой юм байна. Цаашид Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд дангаараа хийх боломж байна. Энэ жилийн тухайд Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд 21 аймгийн сүм хийдийн лам нартай хамтарч өөрсдийн хүч, хөрөнгөөр, урьд урьдын жилээс хямд зардлаар хийсэн” гэж Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав хэлэв.

Өндөр гэгээн тэргүүтэй үе үеийн номын хутагтуудад Даншиг өргөж, эрийн гурван  наадам хийж, наадмаар сайн барилдсан бөхчүүдэд цол чимэг олгодог уламжлалтай байсан. Энэ жилийн наадамд 256 бөх барилджээ. Бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Даншигийн арслан цол, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хаьряат, улсын харцага Н.Золбоо үзүүрлэж Даншигийн заан цол хангаж, Завхан аймгийн харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн харцага Г.Гантулга нар их шөвөгт шалгарав.

 

 

Даншигийн гол зан үйл болох Хүрээ цам нь хэрхэн дэлгэрсэн тухай цамын сурвалж бичгээс сөхвөл “Цаст Түвдийн орноо бурхны шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барихаар бэлдэх тэр үед хар зүгийн лус савдгууд харшлан тотгорлож саад болсонд Энэтхэгийн их багш ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжиглэх зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж төвд оронд бурхны шашин эрдэнийг дэлгэрүүлэхийн эхийг хатгаж Түвдийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулжээ. Түүнээс хойш цам бүжиг улам ихээр дэлгэрсэн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэхүү наадамд 150 ламын бүрэлдэхүүнтэй цамын бүжиг дэглэжээ. Цам бүжгийн өмсгөл хувцас, баг тэргүүтэн сүртэй агаад догшин бурхдын дүртэй энэхүү шашны бүжиг нь олны сонирхлыг хамгийн их татдаг билээ. 

Үзэгчгүй наадам боллоо гэх шүүмж хаа сайгүй тарж байгаа энэ үед үзүүлэх юм нь юу байв, зан үйлийнх нь учир утга юунд оршив, уг наадмыг хийснээрээ нийт Монгол түмэнд ямар ашиг тустай вэ? Хийхгүй байснаараа ямар гарз хохиролтой юм бэ? гэсэн олон талын асуулт гарч ирнэ. Энэ тухайд танин мэдэхүйн болон болж өнгөрсөн үйл явдлын тухай өгүүлэв. Ер нь Даншиг наадмыг сүсэгтэн олонд зориулсан уу, гадаадын жуулчдад зориулсан уу гэж мэтгэх ч хүн гарч ирж байна. Жил бүр нүсэр зардал, ажил явдал болж хийдэг энэ наадмыг хийх нь зөв үү, буруу юу гэхээсээ илүүтэй уламжлалт өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах даацтай бодлого дутагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top