Монгол Улсын Засгийн газар төв талбайд ажлаа тайлагнаж байна. Энэ сарын 27-ний өдрийг хүрэл үргэлжлэх энэхүү өдөрлөгт өнөөдөр /2019.09.16/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Монгол Улсын Засгийн газар 2007 оноос эхлэн үйл ажиллагаа сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалын дагуу өнөөдрөөс эхлэн 12 хоногийн турш өдөрлөгийн үйл ажиллагаа үргэлжилнэ. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгөөр бид та бүхэнд 2016-2019 онд хийж дууссан болон 2019-2020 онд хийхээр төвөвлөн хэрэгжүүлж байгаа олон бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахаар бэлтгэлээ.
Өнөөдрийн нээлттэй өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 13 байгууллага, төрийн өмчит томоохон компанийн төлөөлөл болон Сангийн яам, түүний харьяа Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг найман байгууллага оролцож, үйл ажиллагаагаа иргэд, олон нийт та бүхэндээ танилцуулах болно.
Бид Засгийн газрын тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, Иргэд, олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бидний онцгойлон анхаарч байгаа нэг гол асуудал бол хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал бөгөөд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхой болгох зорилгоор “Алсын хараа-2045 бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах чиглэлээр холбогдох ажлыг эхлүүлээд байна.
Иргэнээ сонссон, иргэдийнхээ онцлогт нийцсэн, амьдралд хэрэгжихүйц, дэлхийн чиг хандлагад дүйцэх бодлого гаргах цаг үе нэгэнт ирсэн байна. Та бүхнийг энэхүү нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцох, чанартай үйлчилгээ авч, санал бодлоо солилцон хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.
Өнөөдөр иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулж байна.
Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм. Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлж байна.
-2019.9.17 Гадаад харилцааны яам - Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх
-2019.9.18 Эрүүл мэндийн яам - Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг
-2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам - Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө
-2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө
-2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах
-2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах
-2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,
-2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө
-2019.9.25 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах
-2019.9.26 Эрчим хүчний яам - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа
-2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )