Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатарын талбайд өрнөж байгаа бөгөөд өнөөдөр /2019.09.19/ Хууль зүй дотоод хэргийн яам олон нийтэд нээлттэй өнжлөө.
Төр иргэдийн харилцаанаас эхлээд иргэн аж ахуй хоорондын маргаан, төрийн алба хаагч иргэд дундын харилцаа гээд нийгэмд тулгамдаж буй асуудлыг дурдаад барахгүй олон. Харин “Нээлттэй хаалганы өдөр”-өөр иргэдэд тулгамдаж байгаа асуудалд зөвлөгөө өгч тусламж үзүүлэх үйлчилгээ явж байгаа учраас Сүхбаатарын талбай ёстой л хөл дүрэх зайгүй өнжсөн гэхэд болно. Иргэдийг талбайд олноор цуглуулсны нэг шалтгаан нь Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, лавлагаа зэргийг өдөрт нь хэвлэж өгч байгаад оршиж байлаа. Мөн нэг шалтгаан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг өчигдөр 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгох байсанд мөн оршино.
Учир нь 2018 онд жолооны үнэмлэхийн бэлдэцийн хомсдол болон тендерийн асуудалтай холбоотойгоор жолооны үнэмлэх хугацаандаа олгогдоогүйг иргэн бүр мэдэж байгаа. Тиймээс энэ жил 2018 онд хуримтлагдсан жолооны бүх үнэмлэхийг хэвлэж тараасан хэдий ч өнөөдрийн байдлаар 30 мянган жолооны үнэмлэх эзнээ хүлээж байгааг энэ үеэр дурдаж байв. Өнөөдөр автомашин эзэмшигчдийн тоо олширч энэ хэрээр автомашин олширсон. Жолооны курсууд олноор нээгдэж, жолооны үнэмлэх эзэмшигчийн тоо ч ихэд өссөн. Тиймээс Бүртгэл хяналтын төвд жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, хугацаа нь дууссан зэргээр өдөртөө 300 хүн ханддаг байна. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс гадаадад оршин сууж байгаа иргэд Монгол Улсын жолооны үнэмлэхээ солиулах эсвэл гадаадын иргэд жолооны үнэмлэхийн лавлагаа авах гэсэн хоёр асуудлаар ханддаг аж.
Тэр ч бүү хэл жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ нэвтэрч жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гарсан даруйд хэрэглэгчийн хүссэн хаягаар хүргэх болжээ. Гагцхүү шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй хэдий ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой байгаа иргэд “Монгол шуудан” компанийн аль ч салбараар дамжуулан захиалж болох юм. Ингэхдээ тухайн иргэний жолооны үнэмлэх захиалсан төлбөрийн баримт, иргэний үнэмлэх байхад л хангалттай. Хамгийн гол нь ямар нэгэн зөрчил, торгуульгүй байх ёстойг анхааруулж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )