Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.09.20/ тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа.
ОХУ-ын Владивосток хотноо энэ сард уулзсанаас хойш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж, хоёр улсын Стратегийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах эрмэлзэлтэйгээр дахин уулзаж байгаадаа талууд баяртай буйгаа юун түрүүнд илэрхийлсэн юм.
БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан билээ. Төслийн дагуу баригдах энэ үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил хийгдэж дууссан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж танилцсан талаараа хэлсэн юм.
Мөн Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж боловсруулах үйлдвэр рүү нефть хүргэх асуудлын хүрээнд талууд нухацтай ярилцлаа. Улмаар дамжуулах хоолой гэхээс илүүтэй тээвэрлэлтийн өөр хувилбар буюу төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдлээ.
Мөн Энэтхэг улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа уулзалтын үеэр зарласан юм. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай буйгаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесын харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм. Мөн харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж буй Ерөнхийлөгчийн хувьд бизнесийн салбарыг дэмжих асуудалд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Нарендра Модигоос хүслээ.
Талууд мөн уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Албан ёсны уулзалт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслолын ажиллагааг Улаанбаатар хотоос шууд дамжуулан үзсэн юм. Шууд дамжуулалтын үеэр Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц байлцлаа.
Сэтгэгдэл ( 3 )
17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙГ УС БОЛГОГЧ 280 САЯ $ ОВООЛСОН ШОРОО БОСГОГЧ ХУЛГАЙЧ ЖЕНКО ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭРИЙГ БУЛШЛАХААР ШИЙДЖЭЭ. НОГОО СУР ДАНЗАН ЭНЭНД ЯМАР ЮМНЫ БАРЬЦААНД ОРЧООД ЗАСГИЙН АЖЛЫГ ЭНУУГЭЭР ШИЙДУУЛЭЭД БАЙНАА. 650 КМ БАС НЭГ ОВООЛСОН ШОРОО
Цаашдаа Энэтхэгтэй гадаад худалдааг идэвхжүүлж урд хѳршийн худалдаа наймаатай энэ тэнцүү болгох хэрэгтэй
SAIHAN ENETHEG UHAANTAI DISKOVER SHUU