М.П.Сингх: Газрын тосны үйлдвэр хугацаандаа дуусна гэдэгт итгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Энэтхэг улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өчигдөр /2019.09.30/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнтэй болсныг онцлоод, айлчлалын үеэр Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлийн шугамаар хэрэгжүүлж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд нэмж 236 сая ам.долларын зээл олгох Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Энэтхэгийн тал хүлээн авч санхүүжүүлэхээр болсныг дуулгалаа.

Элчин сайд М.П.Сингх “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт  байдлыг хангаж, цаашид  Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцсон. Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул  ирээдүйд  бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр боллоо. Төрийн тэргүүнүүдийн уулзалтын  үеэрээ  терроризмын эсрэг үйл ажиллагаанд  хамтран  идэвхтэй ажиллах тухай ярилцсан төдийгүй хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон. Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлийн шугамаар хэрэгжүүлж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж буйтай холбоотойгоор Монголын Ашигт малтмал, газрын тосны газраас санал ирүүлсэн. Газрын тосны мэргэжилтэн, инженер техникийн ажилтан бэлтгэх манай улсад бэлтгэх асуудлаар санал ирсэн. Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулах дээрх төслийн хүрээнд Монголын инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр сургахаар болсон. Талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, нэн ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, уул уурхай, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байгаад санал нийлж, энэ хүрээнд талууд малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршлага болон технологи солилцох чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна” гэлээ.

Мөн Монголын төрийн тэргүүний айлчлалын үр дүнд Энэтхэг улсын иргэд Монголд ирэхдээ нисэх онгоцны буудал дээр шууд нэвтрэх виз авч байхаар болсон байна.

Монголын иргэний агаарын тээврийн "Хүннү эйр" компани Энэтхэг улс руу шууд нислэг хийхээр туршиж буй талаар болон манай улсад үйлдвэрлэлийн сургалтын шинэ сургуультай байгуулахаар болсон зэрэг таатай мэдээнүүдийг дуулгасан юм. Хоёр орны хооронд зорчих  асуудлаар “Хүннү-Эйр” авиа компаниас Монголоос, Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг  удахгүй турших юм байна.

Айлчлалын үеэр Монгол Улс нь,  76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх  хүсэлтээ  өгсөн  байна. Учир нь Монгол орон  жилийн 270 өдөр нь  нартай байдаг тул дээрх хүсэлт нь  экологийн хувьд ач холбогдолтой  ажээ. Түүнчлэн боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол  залуучуудад олгож буй тэтгэлгийг нэмэх шийдвэр гаргасан байна.
 

Сэтгүүлчдийн цөөн асуултад Элчин сайд М.П.Сингх хариулт өглөө.

-Дорноговь аймгийн нутагт барьж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Энэтхэг улсын талаас очиж танилцсан уу?

-Би хоёр удаа газар дээр нь очиж, ажлын явцтай танилцсан. Дэд бүтцийн ажил 90 гаруй хувьтай яваа тул ажил хугацаандаа бүрэн дуусна гэдэгт итгэлтэй байгаа. Удахгүй, Энэтхэгийн Газрын тосны үйлдвэрлэлийн салбарын сайд Монголд айлчилна. Тэрбээр үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах гэж байна.

-Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар айлчлалын хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар яригдсан бэ?

-Ирэх 2020 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр орны соёл, түүхэн нийтлэг өвийг онцолсон цуврал арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэхээр тохиролцов. Энэтхэгийн Засгийн газар энэхүү түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад “Энэтхэгийн наадам”-ыг 2020 онд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэтхэг бүжигчид Монгол Улсад ирж уран бүтээлээ толилуулна. Монгол бүжигчид мөн Энэтхэг улсад очиж уран бүтээлээ тавина. Түүнээс гадна бид Монголд тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Олон жилийн түүхэн харилцааг харуулах зорилготой юм. Хоёр орны оюутан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулна. Нарийн мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэх болно.

-Энэтхэг улсын иргэд Монголд ирэхдээ нисэх онгоцны буудал дээр шууд нэвтрэх виз авч байхаар болсон байна. Энэ нь зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр ирж буй иргэдэд хамаатай юу?

-Онгоцны буудал дээр Энэтхэг улсын иргэдэд олгох визийг богино хугацаатай олгоно. Аялал жуулчлал, бизнесийн болон бүх Энэтхэгчүүдэд виз олгоно. Хоёр орны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байна. Мөн газрын тосны чиглэлээр монголд ажиллах иргэд болон бусад чиглэлээ ажиллах иргэдийг дэмжих зорилготой юм.

Энэтхэгийн үндэсний их удирдагч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой маргааш /2019.10.02/ тохиож буйтай холбогдуулан Улаанбаатар хот дахь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(98.253.30.34) 2019 оны 10 сарын 02

Tuuhii edee yaah iym bol. Nogoo hujaa nar ashiglaj bga petro china tamsag aasaa hudaldaj avahiin bh daa

0  |  0
Привет (64.119.24.49) 2019 оны 10 сарын 01

МОНГОЛЧУУД ГЭЖ УНЭНДЭЭ ДУУРЧИХСЭН ТЭНЭГУУД ЮМАА. ХАЛТАРУУД ООРСДОО НЕФТИЙН БУТЭЭГДЭХУУНИЙ 17 %-ЫГ САУДЫН АРАБААС 20 %-ЫГ ИРАНААС ХАНГАДАГ. ИЙМ ЭНЭ САЛБАР ХОГЖООГУЙ ШАХУУ ОРНООР УЙЛДВЭР БАРИУЛАХ ГЭНЭ. ЦУТГАСАН ЦЕМЕНТЭН ХАНА АШИГГУЙ АЖИЛЛАДАГ УЙЛДВЭР НЭРТЭЙ БАЛГАСТАЙ 1 ТЭРБУМ $ ЫН ОРТЭЙ УЛДЭХ АЮУЛ ОЙРХОН БОЛЖЭЭ

0  |  0
Top