Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Ерөнхийлөгч өнөөдөр /2019.09.19/ өглөө эх орноосоо мордлоо. Тэрбээр айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа юм.
Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж байгаа энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )