Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ дахь монгол хийдэд зочиллоо

2019 оны 09 сарын 23

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019.09.21/ Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо.

Өдгөө Бодь Гаяад бурхны шашны олон улс орны сүм байдаг дотор Гандан хүрээний гол бэлгэдэл болох Өндөр гэгээний Батцагаан дуганы нэршилтэй Монгол хийд 2017 оны нэгдүгээр сараас нээгдсэн юм.

Төрийн тэргүүнийг тус хийдэд хүрэлцэн очих үед Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц угтаж, Монгол хийдийн олон эргэлчид, мөргөлчдийн өмнө үүдээ нээж, өдөр тутам үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцууллаа.

Монгол хийд нь дэлхийн 510 сая буддистын хамгийн дагшин мөргөлийн нэгд тооцогдох Бодь мод, Их бодь суврагаас 1 км-ын зайтай оршдог бөгөөд Дээрхийн гэгээнтэн 2017 онд хүрэлцэн очсоноор хийдийг албан ёсоор нээж байжээ.

Монгол хийдтэй танилцсаны дараа Төрийн тэргүүн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Махабоди сүм болон Цогт Наландарын их сургуулийн туурийг үзэж сонирхсон юм.

Бодь Гаяа хотод байх буддизмын төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том боловсролын төв гэгдэж байсан Цогт Наландарын их сургуульд  буддизмын гүн ухаан төдийгүй одон орон судлал, анагаах ухаан, математик зэрэг олон салбарын мэдлэг олгодог сургалт явуулдаг байжээ.

Тус туурийг ЮНЕСКО-гийн соёлын өвд 2016 онд бүртгэсэн байна. Харин Махбоди сүм 2002 онд бүртгэгдсэн бөгөөд энэ газарт Сидхарта Гаутама Будда болж гэгээрсэн гэдгээрээ алдартай юм. Сүмийн баруун талд Бодь мод болон түүний гэгээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу байдаг аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга соёлын өвүүдтэй танилцах үеэрээ хадгалалт, хамгаалалтын асуудлаар холбогдох хүмүүстэй санал бодлоо солилцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top