Гаитийн сенатор жагсагчид руу гал нээж, сэтгүүлч нүүрэндээ шархаджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Гаитийн Үндэсний ассамблейн дээд танхим болох сенатын гишүүн парламентын ордны гадаа болсон жагсаалын үеэр гал нээсний улмаас Associated Press агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Шери Дию Налио нүүрэндээ шархаджээ.

Даваа гарагт шатахууны үнийн өсөлт, хүнсний хомсдол нүүрлээд буй нөхцөл байдалд дургүйцсэн иргэд парламентын өмнө жагсаал зохион байгуулжээ. Энэ үер жагсагчид сенатор Жан Мари Ральф Фетирийн машиныг бүслэн, хаалгыг нь онгойлгож, сенатын гишүүн рүү дайрахад тэрбээр гар буу гарган ирж, хэд хэдэн удаа бууджээ.

Шери Дию Налиог эмнэлгээс гаргасан ч ойрын хугацаанд эрүүндээ мэс засал хийлгэж, сумны хэлтэрхийг авхуулах гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хамгаалалтын албаны нэг ажилтан мөн шархадсан бөгөөд түүний биеийн байдлын талаар мэдээлэл алга байна. Болсон хэрэг явдлын талаар ярихдаа, Фетир өөрийгөө хамгаалах үүднээс гал нээсэн гэж тайлбарлажээ.

Гаити болон АНУ-ын эрчим хүчний компанийн хооронд үүсээд буй маргаан цахилгаан эрчим хүч тасалдаж, түлшний хомсдол үүссэнд дургүйцсэн иргэд Гаитийн Ерөнхийлөгч Жовенель Мойсын засгийн газрын эсрэг тэмцэж байгаа юм.

Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст орших, 11 сая хүн амтай хамгийн ядуу улс болох Гаити удаан хугацааны турш ОПЕК-ийн гишүүн Венесуэлээс шатахууны хэрэглээгээ хангадаг байв. Петрокариб хэмээх хөтөлбөрийн хүрээнд Венесуэл улс Карибын тэнгисийн зарим үндэстнүүдэд хямд өртгөөр хий, дизель түлш болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан бөгөөд Венесуэлд үүсээд буй эдийн засгийн хямралаас үүдэн энэхүү хөтөлбөр зогссон байна. Гаити улс олон улсын зах зээлээс түлшний хэрэгцээгээ хангах болсноор тус улсад шатахууны үнэ огцом өсөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top