Баялаг бүтээгчдэд хандсан Ерөнхийлөгчийн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

“Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019” тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвийн хүрээнд өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсан юм. Түүний үгнээс онцолж байна.


-Өнгөрсөн он бол Монгол Улсын хувьд шударга ёс, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн цаг хугацаа байлаа.

-Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсыг эрэлхийлж, хуулийн засаглал хүчгүйдсэнийг засах гэсэн иргэдийн идэвх, тэмцэл сэргэжээ.

-Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна.

-Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатай.

-Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн.

-Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны арваннэгдүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна.

-Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө хамтран ажиллах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top