Х.Баттулга: Та бүхэн дүрэмт хувцсаа тайлсан ч үүрэг гүйцэтгэсээр байгаа

2019 оны 09 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр /2019.09.27/ Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ахмадын баярыг угтан цугласан Монголын Улсын зэвсэгт хүчинд ажиллаж байсан үе, үеийн ахмад дайчиддаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, ахмадуудын нийгмийн оролцоо, аж амьдралын өнөөгийн байдлыг танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ахмадуудын амьдралын түвшин харилцан адилгүй, нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмж төдийлөн хангалттай бус байгаа ч улс орны нийгэм, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр ахмад настнуудад тэр дундаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тавих төр, засгийн халамж анхаарал улам бүр өсөн нэмэгдэнэ гэсэн бодолтой буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм хүндэт бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Та бүхэнд Олон цлсын болон Монголын ахмадын өдрийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Олон зуун жилийн баатарлаг түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйл хэрэгт үе үеийн ахмад дайчдын оруулсан хувь нэмэр үлэмж их билээ.

Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүйтэй адил өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн нүүр царай, өнгө төрх нь цэл залуу нас, ухамсарт амьдралаа эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт зориулсан эрхэм ахмадууд та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. Баяр хүргэе.

1990-ээд оноос эхэлсэн цэргийн шинэчлэлийн бодлогын агуулга нь нийгмийн шинэ тогтолцоонд нийцсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалыг төлөвшүүлж, Төрийн батлан хамгаалах бодлогыг цоо шинээр тодорхойлох, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, цэргийн номлол, Зэвсэгт хүчний байгуулалтын зарчмыг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсруулах, Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтад зарчмын өөрчлөлт,  шинэчлэл хийх зэрэг олон талт, өргөн цар хүрээтэй үйл явц байсан бөгөөд одоо ч гэсэн үргэлжилж байна.

Та бүхэн дүрэмт хувцсаа тайлж, иргэний амьдралд шилжсэн ч эх оронч үзэл хүмүүжил, үндэсний ухамсрыг иргэд, цэргийн алба хаагчдад төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ байнга оруулж ирсэн, одоо ч идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байгааг бид зүй ёсоор үнэлдэг.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг санаачлан Монгол Улсын Их хурлаар батлуулж, өнөөдөр эдгээр батлан хамгаалах салбарын багц хуулиудыг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явц эрчтэй өрнөж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, мэргэжлийн цэрэгт суурилсан байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо бүтээн байгуулалтад амжилттай оролцож ирсэн туршлагадаа тулгуурлан нэгдмэл удирдлагатай, хариуцлага, зохион байгуулалттай энэ хүчийг ашиглан бүтээн байгуулалтыг түргэсгэх, бизнесийн орчныг тэлэх ажил хэрэгч санал, санаачилгыг ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага өнөөдөр бидний өмнө тулгарч байна. Иймд “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах” журмыг шинэчлэн 2018 онд зарлигаар батламжилсан. Энэ журам хэрэгжиж үр дүнгээ өгч эхлээд байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээ суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас эхлүүлж,  Дорнод аймгийн Халх гол суманд “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний алба хаагчид амжилттай оролцсон.

Түүнчлэн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажлыг шинээр байгуулагдсан хээрийн 7781, 7782 дугаар ангиуд амжилттай гүйцэтгэж байна. Цаашид ч бид улс орны бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний үүрэг, оролцоо өсөн нэмэгдэх нь гарцаагүй гэж дүгнэж байна.

Төр, засгаас ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах талаар дэс дараатай олон чухал арга хэмжээ авч байгаагийн дотор тэтгэврийн зөрүүг ойртуулах,  хэмжээг нь нэмэгдүүлэх, халамж үйлчилгээний хүрээг өргөтгөх талаар ихээхэн анхаарч, тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж  байна.

Түүнчлэн түүхт ой, тэмдэглэлт өдрүүдийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, нийгмийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг улс орны хэмжээнд зохион байгуулж явуулсан билээ.

Өнөөдөр манай ахмадуудын амьдралын түвшин харилцан адилгүй, нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмж төдийлөн хангалттай бус байгаа ч улс орны нийгэм, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр ахмад настнуудад тэр дундаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тавих төр, засгийн халамж анхаарал улам бүр өсөн нэмэгдэх нь дамжиггүй.

Та бүхэн гавьяаныхаа амралтад гарсан ч гэсэн нийгмийн идэвхтэй гишүүн байж, өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, арвин баялаг туршлагаа өвлүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эх орноо батлан хамгаалах эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөдөр ахмадын баяраа тэмдэглэж байгаа та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top