Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордон үргэлжилж байна. Тэгвэл хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Нийт 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл өгье. Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой Засгийн газрын 19 дугаар тогтоол бий. Энэхүү тогтоолд өөрчлөлт орууллаа. Ингэснээр хүүхдийн мөнгөний шат дамжлагыг багасгаж шууд Төрийн сангаар дамжуулж сар бүрийн 20-нд олгож байхаар тогтлоо" гэв.
Түүнчлэн "Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргалаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь 150 га газрыг газрын тосны үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авсан байсан. Нэмэлтээр 250 га газрыг мөн тусгай хэрэгцээнд авснаар нийтдээ 400 га газрыг газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байна гэсэн үг. Энэ сарын 8-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчилна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцана. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд богино хугацаанд хийгдэж дууссан. Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам зэрэг хийгдэж дууссан. Үүнтэй холбогдуулан газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил ирэх 2020 оны гуравдугаар сараас эхэлнэ. Үйлдвэрийн ТЭЗҮ ирэх арваннэгдүгээр сар гэхэд эцэслэгдэн гарна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсноо Энэтхэгийн тал илэрхийлсэн" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )