Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 10-р сарын 2-ны өдөр “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай” зарлиг гаргаж, зарлигийг өнөөдөр тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ажилчдын өмнө уншиж сонордууллаа.
“…Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүхт 95 жилийн ойг тохиолдуулан:
Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй байдлыг батлан хамгаалж, Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, Төрийн хүндэт харуулын үүргийг нэр төртэй биелүүлж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн цэргийн Байлдааны туганд зүүж, баяр хүргэн үг хэллээ.
“Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,
Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, албан хаагчид аа,
Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн хүндэт харуулын нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Та бүхэнд анги байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар анги 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан, БНМАУ-ыг тунхаглаж, Нийслэл хүрээг улсын нийслэл “Улаанбаатар хот” хэмээн нэрлэсэнтэй зэрэгцэн “Улаанбаатар хотын комендант” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.
Тус анги нь тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл; батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт; Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан явуулж байна.
Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги Монгол Улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирсэн юм.
Түүхт 95 жилийнхээ ойн энэ жил Монгол Улсын Төрийн хүндэт харуул 5000 дахь ёслолын ажиллагаагаа гүйцэтгэсэнд дахин баяр хүргэе.
1974 онд анги байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Байлдааны гавьяаны одонгоор шагнагдсан бол, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал – Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг ангийн бие бүрэлдэхүүний золбоо хийморийн илэрхийлэл болсон Байлдааны туганд зүүж өгч байгаадаа туйлаас бахархаж байна.
Монгол Улсын төрөөс тус ангийн баялаг уламжлал, бахархалт түүхэнд хүндэтгэл үзүүлж, үйл ажиллагаа, амжилт бүтээлийг зүй ёсоор үнэлж, цаашдын их хүчин зүтгэлд итгэл хариуцлага хүлээлгэж байна.
Энэхүү шагнал нь танай хамт олны эх орондоо өргөсөн ариун тангараг, итгэл үнэмшлийг бадрааж, илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна.
Төрт ёс, өмнөх үеийн дайчин уламжлалыг хадгалж, эрдэм мэдлэг, сахилга хариуцлага, амжилт бүтээлээ бататган, үндсэн үүргүүдээ улам төгөлдөржүүлэн ажиллахыг хүсэж, Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
Мөнх тэнгэр, төрийн туг сүлд ивээж, монгол цэргийн яруу алдар бадартугай” гэлээ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )