Австрийн жүжигчин Кристоф Вальц театрын гэр бүлд төрсөн нэгэн. Эцэг эх нь зураглаач байсан бол өвөө, эмээ нь жүжигчин байжээ. Гэр бүлийн замаа даган жүжигчний замд орсон Вальц алдарт гарахын тулд 50 жил хүлээсэн юм. Вена хотын их сургуулийн жүжигчний анги төгссөн тэрээр бүтэн 30 жил жижиг дүрд тоглосоор байлаа.
Харин 2009 онд Квентин Тарантиногийн “Inglourious Basterds” кинонд СС-ийн штандартенфюрер хорон санаат Ганс Ландагийн дүрийг хэт чадмаг бүтээсэн тул “Оскар”, BAFTA, “Алтан бөмбөрцөг” шагналууд хүртэж, алдар хүндийн оргилд гэнэт гараад ирлээ.
Гурван жилийн дараа мөн л Тарантиногийн “Django Unchained” кинонд тоглож, сайн жүжигчин гэдгээ баталсан. Зальтай, хорон санаатай ч хүний сэтгэлийг татсан сөрөг талын баатрын дүрийг тэр гарамгай бүтээдэг. 2014 онд Вальц Холливудын Алдрын гудамжинд нэрээ мөнхөлсөн. Өнөөдөр тэр 63 нас хүрч байна.
Сэтгэгдэл ( 0 )