ЖДҮХСангаас санхүүжих 100-300 сая төгрөгийн зээлүүд өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуй нэгжийн төслийг сонгон шалгаруулах эцсийн шалгаруулалтаар  үргэлжилж байна. 

Энэхүү зээлийн багцад нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн юм. Эндээс  86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцжээ. Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгсөн байна.

Үүнээс  200 иргэн, ААН-ийн 50.5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байгаа юм. Төсөл сонгон шалгаруулах хорооны 7 гишүүн төсөл бүрт 11 шалгуур үзүүлэлт бүхий 39 хэмжүүрээр 100 хүртэл оноог өгч тухайн төслийг хэрэгжүүлэх бодитой нөхцөл, шаардлага бүрдсэн эсэх, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрүүдтэй уялдсан, эсэх, нийгэм эдийн засагт оруулах үр өгөөж, зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн эрсдэл, зах зээлийн багтаамж зэрэгт үнэлгээ хийж,  Хорооны гишүүдийн үнэлгээ, Сангаас судалсан мэрэгжилтний урьдчилсан болон нарийвчилсан судалгааны нийт 3 шатны онооны нийлбэрээр эцсийн үнэлгээ хийгдэх юм. Гурван шатны оноолтыг үнэлсэн мэргэжилтнүүд болон хорооны гишүүд мэдэх боломжгүй, хамгийн эцсийн мөчид бүх оноо нэгтгэгдэж шууд программд олон нийтийн өмнө нэгтгэгдэж байгаагаараа илүү шилэн болж байна хэмээн ЖДҮХС үзэж байна. 

Төсөл сонгон шалгаруулах хорооны хувьд нийтдээ 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 4 гишүүн жижиг дунд бизнес эрхлэгчдийг төлөөлөхүйц төрийн бус байгууллагын гишүүд, 3 гишүүн нь ХХААХҮЯ, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцож эцсийн сонгон шалгаруулалтыг хийж байгаа бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг QR код ашиглан youtubechannel –р шууд дамжуулан үзүүлж байлаа. Хуралдааны үйл явцыг бусад аж ахуй нэгж, иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд  дэлгэцээр хянаж байв.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая, 300-1.0 тэрбум, 100-300 сая  төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байлаа. Одоогийн байдлаар  ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 3.0 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн 2,972,615,100 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.  Мөн ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх том зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,184,053,919.6 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон.

Өнөөдөр \2019.10.06\ Дунд зээлийн багц буюу хамгийн өрсөлдөөнтэй багцын сонгон шалгаруулалт дуусч 10.0 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХСангаас авах боломж бүрдэх юм. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалт ил тод, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн, олон нийтийн оролцоог хангасан, сонгон шалгаруулах үйл ажиллагааг өндөр зохион байгуулалт сайтай явуулж байна хэмээн иргэд үнэлж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top