Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өнгөрсөн тавдугаар сарын 27-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд төсөл хүлээн авахаар орон даяар зарласан билээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн иргэдийн 17 хувь хамрагдаж, 47 тэрбум төгрөгийн дөрвөн зээлийн багцын хүрээнд нийт 467 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар шалгарсан төслүүдийн санхүүжилтэд нийт 286 төсөлд 19,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 50 гаруй хувьтай байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.
Сонирхуулахад, төсөл хүлээн авах бүртгэлд нийт 2752 иргэн, аж ахуйн нэгжийн 487.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд бүртгэжээ. Үүнээс хөдөө, орон нутагт 20-200 сая төгрөгийн 1341 иргэн, аж ахуйн нэгжийн 105.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, Улаанбаатар хотод 1411 иргэн, аж ахуйн нэгжийн 381.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилүүдээс төсвийн хэмжээ хоёр дахин буурсан ч иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн зээлийн хүсэлт 1.8 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн 66.5 хувь нь нийслэлд, 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл, нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ 88.6 хувь нь 1-9, 9.6 хувь нь 10-50, 1.8 хувь нь 51-200 ажилтантай гэсэн тоо баримтыг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас гаргажээ.
2656 ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖ, 2067 АЖЛЫН БАЙР ХАДГАЛАГДАНА
Шалгарсан дээрх төслүүдийг урт хугацаанд хэрэгжүүлснээр нийтдээ 2656 шинэ ажлын байр бий болж, 2067 ажлын байр хадгалагдах боломжтой төдийгүй экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөж, нийгэм эдийн засагт ихээхэн хэмжээний үр дүнг бий болгоно гэж үзэж байна. 2019 онд олгох зээлийн санхүүжилтийг салбараар авч үзвэл нийт санхүүжилтийн 7 хувийг арьс шир боловсруулах үйлдвэр, 8,1 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, ноос ноолуур боловсруулах, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл 18,8 хувийг, мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 15,6 хувийг, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр 7,6 хувийг, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр 3,6 хувийг тус тус эзэлж байна.
ЯЛГАА: 2018 БА 2019 ОН
2018 онд 97 тэрбум төгрөгийг 213 зээлдэгчид олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг дөрвөн багцын хүрээнд 467 иргэн, аж ахуйн нэгжид олгох шийдвэр гарч хүртээмж 2,2 дахин нэмэгдсэн.
Арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хүүг урьд жилүүдэд 8%-ийн хүүтэй олгодог байсныг 2,2-2,6 хувиар бууруулж, эцсийн зээлдэгчдэд 5,4-5.8 хувиар олгохоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ. .
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлдэгчдэд зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бий болгож даатгалд хамруулдаг болсон.
Сэтгэгдэл ( 0 )