Монголын улстөрчид ЖДҮ-чдээс мөнгө харамласны дараа АНУ 15 сая ам.доллар өгөхөөр болов

2019 оны 12 сарын 16

Энэ оны зургаадугаар сард батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар бол нэр нөлөө бүхий улстөрчид, эрх мэдэлтнүүд  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг ойр тойрны хамаарал бүхий этгээдүүддээ авч өгөх боломж хаагдсан. Хэдий тийм ч 2020 оны төсөвт  ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн мөнгө суулгахаас хууль тогтоогчид татгалзсан. Олгосон зээлийнхээ эргэн төлөлтөөс орж ирэх мөнгөөр л санхүүжүүл гэдэг чиглэл өгсөн нь яг энэ салбарт хамаарагдах хүмүүсийн хувьд таагүй мэдээ л дээ.

Тэгвэл Монголын улстөрчид ЖДҮ-чдээс мөнгө харамласан тухай таагүй мэдээллийн араас АНУ-ын Засгийн газар Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төслийг эхлүүлэх болсноо зарлалаа. Таван жилийн хугацаатай хэрэгжих төслийн хүрээнд 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая ам.доллароор манай ЖДҮ эрхлэгчдийг дэмжих аж. Тодруулбал, төслийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг туслалцаа, сургалтаар хангах юм байна.

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдагчлан санхүүжилт  олж авах хэмжээний зах зээлээ судалсан, таньсан, цаг үеэ олсон төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлнэ л гэж ойлгогдож байгаа юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески  хэлэхдээ “Жижиг, дунд бизнес эрхлэгчид нь Монгол Улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэсэн байна лээ.

Гаднын улсууд ингэж үзээд, манай ЖДҮ-чдийг дэмжих гээд байдаг. Гэтэл бид өөрсдийн байр байдлаа харахаар эхэнд хэлсэнчлэн ЖДҮ эрхлэгчид нь ирэх жил төсвөөс санхүүжилт авахгүй. 

Улсын төсөв батлагдсаны дараахан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос мэдээлэл хийж, “Бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаа авч үлдсэн ч санд маань ямар ч мөнгө алга”  гэж хэлж ярьсныг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хүлээн зөвшөөрч байсан. Тэрбээр хэлэхдээ “2020 оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээлийн  эргэн төлөлтөөс 54 тэрбум төгрөг төвлөрүүлж, зээлд олгоно гэж тусган, баталсан. Зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгөнөөс улсын төсөвт оруулах ёстой мөнгийг өгөөд, үлдсэнийг нь зээлийн санхүүжилтэд зориулна гэхээр учир дутагдалтай байгаа. Ирэх жил ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Сангийн яаманд 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгөний хэдэн хувийг нь буцаагаад зээлд олгох вэ. Эсвэл төсөвт өгөх ёстойгоо өгөөд үлдсэнийг нь зээлд гаргах уу гэдгийг Сангийн яамтай ойлголцох хэрэгтэй байгаа. Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтын хувьд  шударга, ил тод болсон. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хэлээд байгаа зүйл үнэний ортой. Сангийн үйл ажиллагааг ил тод, шударга, шилэн болгочихсон юм чинь хэдэн төгрөг хуваарилчихсан бол гэдэг зүйлийг тэд ярьж байсан. Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг дагалдаж гарсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд  ЖДҮ-ийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна гэж заасан байдаг. Энэ маш чухал заалт байсан. Харамсалтай нь Төсвийн тухай хуулийг дагалдаж орсон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас энэ заалт хасагдчихсан. Тэгэхээр салбарын холбоодын зүгээс сангийн үйл ажиллагаа шударга болсон байхад хэдэн төгрөг өгөөд үйл ажиллагааг нь дэмжчихвэл яасан юм бэ гэж яриад байгаа нь үгүйсгэж болохгүй л асуудал” гэсэн юм.

Мөн тэрбээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэнийг хэлсэн. 2018 онд 97 тэрбум төгрөг хуваарилсан бол энэ жил 47 тэрбум төгрөг буюу хоёр дахин бага мөнгө тусгасан.  Гэтэл өнгөрсөн жил 212 аж ахуйн нэгжид зээл өгч байсан бол энэ жил 467 аж ахуйн нэгж буюу 2.2 дахин нэмэгдсэн. Сангийн үйл ажиллагаа ил тод, шилэн болсон, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл олонх болсон. Орон нутагт эрх шилжүүлсэн, зээлийн хүү буурсан, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн компани зээл, төсөлд шалгараагүй гэх мэт олон давуу тал бий... Үнэхээр бас өөрийнхөө хамаарал бүхий компани дээр зээл авчихсан УИХ-ын гишүүд бас бий. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд дуулиан шуугиан болоход миний мэдэж байгаагаар бүгд мөнгөө өгсөн. Тухайн үед авсан 950 сая төгрөгөө хэл ам шуугиан гарангуут бүгд төлсөн гэх мэдээллийг өгсөн юм.

Эрхзүйн орчноор “хаалт” хийсэн учраас тэгээд ч ЖДҮ-тэй нэр холбогдох эрх улстөрчдөд байхгүйг нийгмээрээ олонтаа хэлж ярьж буй учраас энэ чухал салбарт тэд дахиад ойртохгүй байх гэсэн хүлээлт, найдвар байгаа.

Гэвч улстөрчдийн оролцооноос болж Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь төрөөс санхүүгийн дэмжлэг авах эрхээ тайруулж бас боломгүй. Зөв бодлогоор, зах зээлээ мэдэрсэн тооцооллоор хөгжүүлж чадвал эдийн засагт жин дарах нөлөөтэй ЖДҮ-ийн салбарыг гаднынхан дэмжээд өгье гээд байхад манайхан өөрсдөө санаачилгатай, оролцоотой баймаар даа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (37.165.87.133) 2019 оны 12 сарын 17

Hereggui biz dee dahiad nuguuduul chini huschina chuu dee

0  |  0
Top